Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн хаан өөрийн өвөг дээдсийн нутаг Трансилванид айлчилж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Румын улсад хийж буй Их Британийн хаан III Чарльзын айлчлал өчигдөр Трансилвани нутагт үргэлжилсэн байна.

Тэрбээр Баасан гарагт нийслэл Бухарест хотод хүндэт харуулаар угтуулсныхаа дараа маргааш нь өөрийн угсаа гаралтай холбоотой гэгддэг Трансилвани нутагт хүрэлцэн очжээ.

1897 онд зохиолч Брэм Стокерын хэвлүүлсэн “Dracula” романыг Трансилванийн ван “шорлогч” хочтой Владын түүхээс санаа авч бичсэн гэдэг. 15 дугаар зуунд амьдарч байсан Влад нь дайснуудаа модон шонд шорлож цаазалдаг, маш харгис хэрцгий нэгэн байсан гэх домог яриа бий.

Чарльзын элэнц эмэг, хатан хаан Мэри нь Владын удмын хүн байжээ. Тиймээс Румын улсад зочлох бүрдээ эх орондоо байгаа мэт сэтгэгдэл төрдөг тухай Чарльз ярьдаг.

зураг
 

Чарльз хунтайж байхдаа 1998 онд анх Трансилванид зочилж байжээ.

Тэр үеэс хойш хунтайж хэд хэдэн удаа энэ нутагт ирж, хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан ба 2016 онд Вискри тосгонд анхны сууцаа худалдан авч байсан гэдэг.

Мөн Чарльзын ивээн тэтгэлгээр түүхийн өвийг хамгаалах зорилготой Михай Эминескугийн сан байгуулагдаж байжээ.

Чарльз сарын өмнө хаан ширээнд заларснаасаа хойш анх удаа Румынд ирж байна.

Өмнө нь ирэхдээ тэр тосгоны гудамжаар чөлөөтэй алхаж, айлуудад хамгаалагчгүй зочилдог байсан бол энэ удаа харуул хамгаалалт өндөр, илүү албаны уур амьсгалтай болсныг орон нутгийнхан ярьжээ.

“Тэр энд ирэхээрээ тайвширч, илүү их инээмсэглэж, жирийн хүн болж хувирдаг” гэж Вискри тосгоны захиргааны төлөөлөгч Дан Спатару хэвлэлд ярьсан юм.

 

Эх сурвалж: AFP