ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Хуудуутай баталгаажуулалтын уршгаар Монгол ноолуурын үнэ цэн шалдаа буух нь"

Өдрийн сонин
2023 оны 5 сарын 19
Өдрийн сонин
зураг
 

Монгол Улсын хөнгөн үйлдвэрлэлийн стратегийн гол бүтээгдэхүүний нэг бол ноолуур. Уул уурхайн бус экспортын гол бүтээгдэхүүн ч гэж үздэг. Монгол Улс дэлхийн хэмжээнд ноолуурын 40 хувийг бэлтгэдэг атлаа бэлэн бүтээгдэхүүний дөнгөж хоёрхон хувийг нийлүүлдэг. Бидний алсын хараа мэдээж эцсийн бүтээгдэхүүн болгон нэмүү өртөг шингээж дэлхийн зах зээлд нийлүүлэх явдал боловч одоогийн байдлаар бид ноолуурын ихэнхийг зөвхөн угаагаад урагшаа хил давуулан гаргаж байна. ХХААХҮЯ-ны цахим мэдээллийн санд тэмдэглэснээр Монгол Улс угаасан ноолуураа БНХАУ, самнасан ноолуураа Итали, Их Британи, БНХАУ, БНСУ, ХБНГУ, нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүнийг Америк, Герман, Солонгос, Япон, Бельги, Франц зэрэг 35 оронд экспортолдог тухай дурджээ.

Ноолууран бүтээгдэхүүн тансаг зэрэглэлд ордог учир дэлхийн хэмжээнд  жилд гурван тэрбум ам.доллар ноолууран хувцасны худалдаанд эргэлддэг гэсэн судалгаа байдаг. Монгол мөнгөөр ойролцоогоор 10 их наяд буюу манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувьтай тэнцэх хэмжээний их мөнгө. Ноолуурын салбар бол Монгол Улсын уул уурхайн бус экспортын гол бүтээгдэхүүн гэж үздэг учир нь энэ. Дэлхийн зах зээлд нийт ноолуурын 40 хувийг бэлтгэдэг атлаа бэлэн бүтээгдэхүүний хоёрхон хувийг эзэлдэг нь чамлалттай үзүүлэлт. Ийм хэмжээний далайцтай худалдаа арилжаа өрнөж буй салбарт монгол ноолуур гол тоглогч болох бүрэн боломжтой гэдгийг салбарынхан дуу нэгтэйгээр ярьдаг.

Үе үеийн төр засаг ч энэ салбарт бодлого гаргаж, малчид, үйлдвэрлэгчдийг дэмжих “Ноолуур” зэрэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хөнгөлөлттэй нөхцөлөөр эргэлтийн хөрөнгийн зээлүүдийг олгож ирсэн.

Хэдийгээр монгол ноолуур дэлхийд гайхагддаг, дэлхийн брэндүүд монгол ноолуурыг авах сонирхолтой хэдий ч малчны хотноос самнасан ноолуурыг хилээр гаргаад болчихдог үйл явц огтоос биш. Маш нарийн ярвигтай, эмзэг салбар ч гэж хэлж болно. Учир нь дэлхий нийтээр сүүлийн жилүүдэд амьтны эрх, тавлаг байдал, бэлчээрийн талхлалт, малчдын нийгмийн асуудал зэргийг өндөрт тавьж, зөвхөн эдгээрийг хангаж чадсан ноолуурыг худалдан авах, түүгээр хийсэн эцсийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид улам бүр таашаадаг болсон байна. Нэг ёсны гол шалгуур ч болсон гэж хэлж болно. Тиймээс монгол ноолуурыг худалдан авагчдын энэ эрэлтэд нийлүүлж, малчны хотноос экспортод гарах хүртэлх түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний гарал үүслийг ил тод нээлттэй, эрүүл тогтолцоотой болгох ажил энэ салбарынханд тулгамдаж иржээ. Малчид, үйлдвэрлэгчид төртэйгөө нэгдэн үүний төлөө ч ажиллаж ирсэн.

Үүнд ч ноолуурын салбарынхан үр бүтээлтэй, санаачилгатай ажиллаж тогтвортой ноолуур, түүний баталгаажуулалт, малчны хотноос эхлээд боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортод гарах хүртэлх мөшгөх тогтолцоог урт хугацааны төсөл судалгааны үр дүнд бий болгож эхэлснийг ХХААХҮЯ-аас эхлээд салбарынхан онцолдог. Энэ бол Монгол Улс ноолуураа урт хугацаанд тогтвортой экспортлох гол гүүр юм.

Экспортын эмзэг салбарт эрсдэлтэй үйл ажиллагаа явуулсаар байна

Өнөөдөр Монгол Улсад ноолуурын салбарт төрийн оролцоотой буюу ХХААХҮЯ-ны дэмжлэгтэйгээр баталгаажуулалтын дараах стандартууд мөрдөгддөг. Нэг нь Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны мөрддөг MNS 6891:2020 буюу “Хариуцлагатай нүүдэлчин зохистой дадлыг нэвтрүүлэхэд тавигдах шаардлага” стандарт, нөгөөх нь Монголын ноос ноолуурын холбооны MNS 6926:2021 буюу текс­тилийн тогтвортой үйлдвэрлэлийн стандарт болон “Монголын Хаан ширхэгт” баталгаажуулалтын тогтолцоо өнөөдөр ноолуурын салбарт ажиллаж байна. Энэ тухай ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж “Ноолуурын экспортын тухайд гаднын томоохон тоглогчид гарал үүсэл нь тодорхой эсэх, бэлчээр ашиглалт нь ямар байв, ямаагаа самнахдаа малын тавлаг байдлыг хангасан уу зэрэг шаардлага тавьдаг болсон. Энэ шаардлагын хүрээнд бид “Хариуцлагатай нүүдэлчин зохистой дадлыг нэвтрүүлэхэд тавигдах шаардлага” гэх стандарт баталсан. Энэ стандарт дотор дээрх шаардлагуудыг тусгасан.

Энэ шаардлага, стандартыг мөрдөж мөшгөх системийг Швейцарын хөгжлийн агентлагаас манай яаманд хүлээлгэн өгсөн. Мөшгөх системийн ач холбогдол нь гаднын томоохон худалдан авагчдад манай ноолуурын гарал үүсэл, тавлаг байдлын талаарх мэдээллийн “хөтөч” болох юм. Харин үйлдвэрлэлийн салбарт гэвэл, нэхмэлийн үйлдвэрлэгчдийн тогтвортой байдлыг хангах үүднээс үйлдвэрлэлийн стандартыг батлуулсан. Энэ стандартын үзэл санаа нь ногоон үйлдвэрлэлийг дэмжих юм. Байгаль орчинд ээлтэй, цахилгаан, усны хэмнэлттэй технологи ашиглаж байна уу гэх мэт шаардлагыг тавьдаг болсон. Дээрх стандартуудыг батлуулаад, хэрэгжүүлээд эхэлсэн. Энэ стандартыг хангах, батлах төсөл хөтөлбөрүүдийнхээ хүрээнд “Хаан ширхэгт” брэндийг хөгжүүлж байна. Монголын ноос ноолуурын холбооны дэргэд үүний баталгаажуулалтыг хийж байна. Энэ бүх тогтолцоог бэхжүүлснээрээ бид ноолуурын түүхий эдийн үнийг тогтвортой байлгах, дэлхийн ноолуурын зах зээлд гол тоглогч болох зорилгодоо ойртож байгаа юм” гэсэн байр суурийг илэрхийлдэг.

Монгол Улс ноолуурын салбарт гол тоглогч болохын тулд төрийн нэгдсэн бодлого, түүнийг баталгаажуулах тогтолцоо бий болох учиртай. Малчид, ноолуурын салбарын үйлдвэр эрхлэгч, мэргэжлийн холбоодын олон жилийн хамтын ажиллагаа, хөдөлмөрийн үр дүнд дэлхийн ноолуурын хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн тогтвортой ноолуурыг үйлдвэрлэж чаддаг болсон. Одоо л энэ салбар хөл дээрээ босож, малчид тогтвортой ажлын байр, байнгын орлоготой байх, малаа тавлаг байлгах, бэлчээрээ хамгаалах, сэргээх тухай ойлголттой хоршоод болон нэгдэж үүний төлөө сэтгэл зүтгэлтэй ажиллаж эхэлсэн. Үйлдвэр эрхлэгчид ч эрүүл тогтолцоогоор бий болсон тогтвортой ноолуурыг угааж боловсруулах, цаашлаад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргахдаа мөн л нийгмийн хариуцлагатай хандаж байгаль экологид ээлтэй үйлдвэрлэл явуулах, үйлдвэрийн ажилтнуудын ажиллах орчин, нийгмийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Тогтвортой ноолуур гэдэг ерөөсөө энэ юм. Үүнийг л дэлхийн хэрэглэгчид шаарддаг.

Энэ бүхнийг дурдах учир нь төр засгаараа, салбараараа, малчдаараа олон жил нэгдэж зүтгэсний хүчинд дэлхийн стандартад нийцсэн, түүнийг нь эрүүлээр баталгаажуулсан тогтвортой ноолуурын тогтолцоог бий болгож, олон улсын үйлдвэрлэгчид, брэндүүдийн итгэлийг олж, үйлдвэрлэл, экспорт өсөж өндийх гэж байгаа энэ цаг үед монгол ноолуурын үнэ цэнийг унагаах, улмаар малчдын орлогын эх үүсвэр, хөдөө аж ахуйн экспортын чухал салбарыг элгээр нь хэвтүүлж ч мэдэх ноцтой асуудал босож ирлээ.

Ноолуур бол Монгол Улсын стратегийн гол бүтээгдэхүүнүүдийн нэг. Стратегийн бүтээгдэхүүнд Монголын төр засаг, төрийн байгууллага бодлого хэрэгжүүлдэг, хөгжүүлдэг, асуудал гарвал шийдвэрлэдэг.

Үүнд хөндлөнгөөс хувь хүмүүс, тэр тусмаа гаднын улсын ашиг олох зорилготой компани, хувь хүмүүс оролцох, бодлогыг нь тодорхойлдог байж болохгүй. Шатахуунаар жишээ авъя л даа. Мөн л стратегийн бүтээгдэхүүн. Монголын төрөөс тусгай зөвшөөрөл авсан үндэсний цөөн компани л шатахуун импортолдог. Хувь хүмүүс, гаднын шатахуун импортлогчид энэ салбарт тоглолт хийх боломжгүй. Үнэ, зах зээл дээр нь Засгийн газар хяналт тавьдаг. Ноолуур үүнтэй л ижилхэн.

Гэтэл ноолуурын салбарт Их Британид төвтэй “Sustainable fibre alliance” (SFA) буюу Тогтвортой ноос ноолуурын эвсэл гэх байгууллагын салбар Монгол Улсад байгуулагджээ. SFA нь ноолуурын салбарт олон улсад үйл ажиллагаа явуулдаг брэндүүд нэгдсэн сайн дурын байгууллага юм байна. Тэд өөрсдийгөө Монголд байгаль орчинд ээлтэй, мал амьтдын тав тухтай амьдрах орчныг хангасан, малчдын баталгаат амьжиргааг дэмжсэн ноолуурын үйлдвэрлэлийг бий болгох зорилготой хэмээн сурталчилж, монгол малчид, хоршоо, бэлчээр, үйлдвэрлэгч компаниуд гээд энэ салбарын бүхий л оролцогчдыг хамруулж, үнэлгээ өгч явдаг болжээ. Түүгээр зогсохгүй Монгол Улсын ноолуурын салбарт барьж буй төрийн бодлого, баримталдаг стандарт журмаас дээгүүр давж, “Бид дэлхийн стандартыг Монголд хэрэгжүүлж байна” гэж хүртэл хальж ярьдаг болсон нь анхаарал татах.

SFA гэх гаднын энэ байгууллагын манайд явуулж буй энэ үйл ажиллагаанд Монголын хөдөө аж ахуйн экспортын гол бүтээгдэхүүн болох ноолуурын нэр хүндэд аюул учруулж болзошгүй хэд, хэдэн ноцтой үйл явц өрнөж байгааг баримттайгаар тайлбарлая.

SFA нь ноолуурын салбарт баталгаажуулалтын хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Малчид хоршоод, бэлчээр, үйлдвэрлэгчдээр явж, үйл ажиллагааг үнэлэн алт, мөнгө гэх мэт зэрэглэлийн гэрчилгээ олгодог юм байна. Тус байгууллага өнгөрсөн онд гэхэд 79 баталгаажсан малчдын байгууллагын 10,058 малчин өрхөд тохирлын гэрчилгээ олгож, дотоодын есөн үйлдвэр, аж ахуйн нэгж SFA-ээр баталгаажуулсан самнасан ноолуурыг Итали, Англи, Швейцарт экспортолжээ. Нэг ёсондоо ийм тооны малчид хоршоод, компани тус байгууллагаас баталгаажуулалтын гэрчилгээ авсан гэсэн үг. Үүнд энгийн нэгэн малчид хоршоодоос эхлээд манай урдаа барьдаг үйлдвэрлэгч компаниуд ч нэгдэж орсон байдаг. Мэдээж сайн хэрэг. Эндээс маш олон малчид, үйлдвэрлэгчид тогтвортой ноолуур бэлтгэж байна гэж харагдаж байна. Гэвч эдгээрийн ард тогтвортой ноолуурын үнэ цэнийг унагаж болзошгүй хуудуутай ажиллагаанууд гарч эхэлснийг эх сурвалжууд баримттай ярьж байна. Тогтвортой ноолуур гэдэг бэлчээрээс нь эхлээд бэлэн бүтээгдэхүүн болгох хүртэлх эрүүл тогтолцоог нэрлэж буй. Үүнийг ч дэлхий нийт шаарддаг. Өнөөдөр Монгол орны бэлчээрийн талхлалт гамшгийн хэмжээнд хүрснийг нийтээрээ харж буй. Тогтвортой ноолуур бэлтгэхэд хамгийн хүндрэлтэй асуудал бэлчээр болсныг салбарынхан ярьдаг. Гэтэл SFA нь талхлагдаж, доройтсон бэлчээр газар нутагт алт, мөнгөн гэрчилгээ олгодог аж. Тухайлбал, тус байгууллагын алтан гэрчилгээт Завхан аймгийн Эрдэнэхайрхан   сумыг талхлагдсан бэлчээр нутгийг шүүн хардаг https://egazar.gov.mn/map  нээлттэй системээс ороод харахад л “хамгийн их доройтолтой” гэж тод улаанаар тэмдэглэгдсэн байна.

Үйлдвэр эрхлэгчдийн хувьд байгальд орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тав тухтай орчинд ажиллуулах үүргийг хүлээдэг. Тэгвэл SFA-ийн мөнгөн сертификат хүртэж, тогтвортой ноолуурын баталгаажуулах тогтолцоонд нийцсэн гэх үйлдвэр чанар стандартын хувьд асуудал дагуулсан байна. Энэ тухай салбарын нэгэн эх сурвалж “SFA-гийн мөнгөн сертификат хүртсэн үйлдвэрт нэг метрийн зайнд ажиллаж байгаа ажилчид хоорондоо нэгнийгээ харах боломжгүй утаа ууран дунд ажилладаг. Энэ бол үйлдвэрлэлийн маш ноцтой аюул учруулах процесс юм. Ажилчдын тав тухаар зогсохгүй аюулгүй ажиллагаа эрхлэхэд ч том эрсдэл дагуулна” гэсэн ноцтой зүйлийг ярьж байлаа.

Мөн тус байгууллагын алтан гэрчилгээтэй гэх хоршоо Архангай аймгийн Өлзийт суманд бий. Алтан гэрчилгээ авсан хоршоо гэдэг засаглалын маш сайн чадвартай, гишүүнчлэлд орсон малчид нь үр ашиг хүртдэг байх ёстой. Гэвч эсрэгээрээ. Тус хоршоо нь малчдаас авсан ноолуураа SFA-д худалдсан. Хариуд нь ноолуурын кг тутамд 1000-3000 төгрөгийн урамшуулал авсан. Урамшууллыг ноолуураа бэлтгэж өгсөн малчид биш, хөрөнгөө нийлүүлж байгуулсан хоршооны эзэд л хүртдэг засаглалтай. Энэ бол хоршооны засаглал биш юм. Гэтэл ийм байгууллагад алтан гэрчилгээ олгож, монгол ноолуурын үнэ цэнийг унагаж явна.

SFA нь өөрсдийгөө ашгийн бус байгууллага гэж сурталчилдаг. Тэгвэл тэд гишүүнээр элссэн компаниас гишүүнчлэлийн хураамж хэмээн 15 мянган евро татдаг. Өөрөөр хэлбэл нэг жилд 57 сая төгрөгийг монгол компани төлөх ёстой болж таарч байна. Ингэж төлдөг компаниуд ч байдаг аж. Гэвч үүний үр ашиг, нөлөө тун бага гэнэ. Энэ тухай нэрээ хэлэхийг хүсээгүй үндэсний нэгэн үйлдвэрлэгч компанийн төлөөлөл ноцтой зүйлсийг ярьсан юм.

Тэрбээр “Дэлхийн брэндүүд тогтвортой ноолуурыг Монголоос авахын тулд гишүүнчлэлийн хураамж төлдөг. Дээрээс нь Монголын үйлдвэрүүд энд орохын тулд бас дахин мөнгө төлдөг. Хоёр талаас гишүүнчлэлийн хураамж авч байгаа энэ байгууллага Монгол Улсад юу хийж бүтээв, бэлчээрийн доройтлыг сэргээхэд ямар нөлөө үзүүлэв, малчдад яаж тусалж дэмжиж байна вэ гэхээр гарт баригдах зүйл огт байдаггүй. Малчдыг үйлдвэрүүдтэй холбож өгдөг гэдэг. Гэвч SFA-тэй хамтарч ажилладаг гэх үйлдвэрүүд нь ченжүүдээс илүү үнээр ноолуурыг нь авч чаддаггүй гэдгийг малчид хэлдэг. Угтаа дэлхийн брэндүүд тогтвортой хэмээн баталгаажсан ноолуурыг авч байгаа бол цаашаа илүү л үнэтэй зарж таарна. Тийм учраас малчдаас авах­­­даа ченжүүдээс илүү үнээр авах бүрэн боломжтой. Гэвч тэгдэггүй. Яахав үйлдвэрүүдээс ноолуур авах­­даа таван ам.доллароор илүү үнээр авдаг. Энэ нь зөвхөн самнах үйлд­вэрүүдэд л ашиг болж очно. Малчид, хоршоодод ямар ч үр нөлөөгүй. Жилд гишүүнчлэлийн төлбөрт 15 мянган евро төлсөн компани дор хаяж гурван тонн ноолуур гаргаж байж энэ хураамжаа нөхнө. Гэвч тэгж гаргах ямар ч боломжгүй. Нэг ёсондоо SFA-д нэгдсэн, гишүүнчлэлд нь орсон малчид, үйлдвэрлэгчид огт хөгжихгүй байна, үр ашиггүй байна гэдгийг байнга хэлж байгаа” гэсэн юм. Угтаа бол өнөө, маргааш олох хэдхэн төгрөгийн зөрүүгээс илүүтэй сайн дадал, шаардлагыг хэрэгжүүлдэг байх нь ирээдүйд улам үнэд орох боломжтой гэсэн үг. Энэ мэтчилэн SFA гэх байгууллагын Монголд хийж байгаа үйл ажиллагаанаас үргэлж­лүүлж ярих олон баримт факт өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа аж. Эндээс хэд хэдэн агуулга яригдаж таарна.

Хэдий ченжүүд л ноёрхож байсан ноолуурын салбарт дэлхийн том брэндүүдийн шаардлагаар олон улсын баталгаажуулалтын сүлжээ, тогтвортой ноолуур бэлдэх сайн туршлагыг нэвтрүүлэх гэж оролдож байгаа нь сайшаалтай ч монголчуудын олон жилийн турш бий бол­­госон энэ тогтолцоо гадаадын энэ байгууллагын хууль бус, хуудуутай үйл ажиллагаанаас үүдэн сүйрч мэдэхээр байна. Импортлогч улс орон, дэлхийн ноолууран бүтээгдэхүүний хэрэглэгчид энэ талаар мэдвэл маш аюултай. Тэд шууд л Мон­голоос импорт хийхээ зогсооно. Саяхан гэхэд дэлхийд карбоны зах зээл дээр хуурамч баталгаажуулалт хийгддэг байсан ноцтой асуудал сөхөгдөж олон улсын мэргэжлийн байгууллагын хяналт шалгалт хийгдсэн байдаг. Шалгалтаар карбоны хуурамч баталгаажуулалт хийж байсан нэлээд олон байгууллага бүдэрч, хаал­гаа барихад хүрлээ. Талхлагдсан бэлчээр дээр, стан­дарт хангаагүй үйлдвэрт, засаглал муутай хоршоодод алт, мөнгөн гэрчилгээ олгож, “сайн” хэмээн хуудуутай үнэлгээ хийж яваа гаднын байгуул­лагын энэ явдал монгол ноолуурыг карбоны араас оруулах ч эрсдэл үүсэж болзошгүй юм.

Нөгөө талаар ноолуурын салбарт сайн дураар орж ирчхээд хэдэн мянган евро­гоор нь хураамж татдаг, урамшуулал авдаг гаднын байгууллагын энэ үйлдэл маш ноцтой үр дагавар дагуулж мэдэхээр байна. SFA гэх байгууллага малчидтай ажиллаад ченжээс давсан үнээр ноолуураа зарж чадахгүй байгаа, үйлдвэрлэгчид эцсийн бүтээгдэхүүн болгосон бээлий, оймсоо SFA-ээр дамжуулж Европын зах зээлд худалдаалсан, харилцагч түншүүдтэй болсон гэх сайн мэдээ байдаггүй. Эцсийн дүндээ гоё сайхан нэр, уриа лоозон ярьж монголчуудыг маллаж, урт хугацаанд тогтвортой экспорт хийх том улс орны том зорилгыг улаандаа гишгэн өнөөдөр их хэмжээний монгол ноолуурыг гаднын брэндүүдэд зарж, ашиг олох сонирхолтой ийм нэгэн байгууллага ноолуурын салбарт дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна. Тус байгууллага Монголд үлдээж буй мөнгө төгрөг, өмч, хөрөнгө, өв гэж үгүй.

Тэд зөвхөн монгол компаниудад хуудуутай ба­тал­­гаажуулалт олгоод зогсох­гүй ноолуур худалдаж ав­даг хятад компаниудад ч баталгаажуулалтын гэрчилгээ олгодог гэх юм билээ. Ерөөсөө ийм явдал байж болох уу.

Монгол ноолуур байгаль орчин, хүн, малд хал палгүй аргаар бий болдог, эрүүл, аюулгүй гэдгийг дэлхийд гэрчлэх, тогтвортойгоор үйлдвэрлэл явуулах нь экспорт­логч орны хувьд маш чухал шаардлага. Энэ тогтолцоог бий болгосноор бэлчээр, малчдын ахуй, төлөв сайжрах, цаашлаад монгол ноолуур урт хугацаандаа илүү үнэ цэнэтэй болох учиртай. Гэтэл ноолуурын гэрчилгээ олгох Монгол Улсын стандарттай зэрэгцэн үйл ажиллагаагаа сайжруулахад анхаардаггүй, гол тоглогчдод хүртээлгүй, гэрчлэх тогтолцоо ч байх­гүй хэрнээ хоосон цаас зарж байгаа ноцтой үйл ажил­ла­гаанд анхаарлаа хандуулах цаг болжээ.

Нэгэнт Монгол Улс экс­портын гол салбараа болгон хөгжүүлж байгаа ноолуурын салбар баталгаа­жуулалт, стандартын хувьд цэгцтэй, нэгдсэн төрийн бодлогоор, төрийн хяналт дор л яваг­дах ёстой гэдгийг гаднын байгууллагын явуулж буй дээрх үйл ажиллагаа тодоос тод сануулж байгаа юм. Тийм ч учраас экспортын эмзэг салбарт хэн дуртай нь орж ирээд эрсдэлтэй үйл ажиллагаа явуулж болдог ийм тогтолцоог төрөөс бодлогоор зохицуулах шаардлагатай байна. Хэрэв ингэж чадахгүй бол дэлхийд “монгол ноолуур” гэх нэр сэвтэж, энэ салбар элгээрээ хэвтэх хүртэл эрсдэл ойрхон байна. Нэгэнт ийм байдалд орвол чанар, нэр төрөө сэргээхэд ихээхэн хүчин чармайлт, цаг хугацаа орох биз ээ.

Нийтлэл бичсэн: Э.Заяа

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
БАХАРХМААР
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг