Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Барилгын сууриас гарсан газрын доорх усыг Сэлбэ голд нийлүүлсэн компанийг ₮1.5 саяар торгож, ₮16 саяын нөхөн төлбөр ногдуулжээ

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 4 сарын 6
iKon.MN
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Байгаль орчны хяналтын чиглэлээр системийн хэмжээнд хийж буй ажил болон Туул голтой холбоотой асуудлаар БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг мэдээлэл өглөө.

Байгаль орчны хяналтын чиглэлээр салбарын хэмжээнд нийт 391 албан бичиг, 47 өргөдөл гомдол хүлээж авсан аж. 47 өргөдлийн 28-г хуулийн хугацаанд шийдвэрлэснийг тэрбээр хэллээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "БОАЖЯ-ны салбарын хяналтын газраас иргэдээс ирсэн өргөдөл гомдолд үнэлгээ хийж ажиллаж байгаа. Туул голын бохирдол, хөрсний бохирдол, ой болон усан сан бүхий газарт хориглосон болон зөвшөөрсөн үйл ажиллагаа явуулсан зэрэг гол асуудлууд байна. Мөн ус зөвшөөрөлгүй ашигласан гэх гомдлууд түлхүү ирж байгаа. 

БОАЖЯ-ны Салбарын хяналтын газраас Туул голтой холбоотой ирсэн иргэдийн өргөдөл гомдлоос гадна, төв цэвэрлэх байгууламж, арьс ширний үйлдвэрүүдэд урьдчилсан шалгалт хийсэн.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд орон сууцны барилга барьж байгаа компани барилгын сууриас гарсан газрын доорх усыг зөвшөөрөлгүйгээр Сэлбэ гол руу нийлүүлж байна гэх гомдол ирсэн. Гомдол үндэслэлтэй байсан тул 1.5 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 16 сая 956 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан арга хэмжээ авсан.

Мөн Туул голд бохироо нийлүүлж байгаа асуудал саяхан нийгмийн сүлжээгээр явсан. Холбогдох чиг үүргийн байгууллагууд ажилласан. Газар дээр нь буюу үерийн сувгийн уртын дагуу явж шалгахад ахуйн болон үйлдвэр үйлчилгээний байгууллагаас бохир ус нийлүүлж байгаа, эсвэл нийлүүлсэн зөрчил тогтоогдоогүй. Лабораторид өгсөн хяналт шалгалтын дүнгээс үзэхэд ийм нөхцөл байдал тогтоогдоогүй. Үерийн усан дээр их хэмжээний хог хаягдал бөөгнөрсөн ба шар усны үерийн асуудал яригдсан. Үүнд байцаагч нар холбогдох хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулсан" гэв.