Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Буяннэмэх: Баянхонгор аймагт хөрсний бохирдол, ариун цэврийн байгууламжийн талаар чуулган зохион байгуулна

П.Зоригт, IKON.MN
2023 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам (БОАЖЯ)-наас өнөөдөр "Жорлон" үндэсний чуулганы үр дүн, нэр бүхий компанийн усны хэрэглээ, Туул голтой холбоотой зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. 

Тус яамны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх "Жорлон" үндэсний чуулганаас гарсан зөвлөмж, шийдлийн талаар "Улаанбаатар хотын хөрсний 88 орчим хувь нь нянгийн бохирдолтой болсон нь судалгаагаар тогтоогдсон. Нянгийн бохирдлын гол шалтгаан, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор нүхэн жорлонгийн асуудлыг хөндөж "Жорлон" үндэсний чуулганыг зохион байгуулсан.

Чуулганаас дөрвөн үндсэн чиглэлийн хүрээнд 24 асуудлаар зөвлөмж гаргасан.

Нэгдүгээрт, хөрс бохирдуулж буй стандарт бус ариун цэврийн байгууламжийн талаарх хууль эрх зүй, засаглалын арга хэмжээний асуудлыг авч үзсэн. 

Хоёрдугаарт, аялал жуулчлалын бааз, авто зам дагуух үйлчилгээний цогцолборыг стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох хүрээнд авч хэрэгжүүлэх шаардлагатай зөвлөмжийг гаргалаа.

БОАЖЯ-наас Улаанбаатарын усан сан бүхий газрын бүсэд байгаа айл өрхүүдийн нүхэн жорлонг яаралтай стандартад нийцүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана" хэмээн ярилаа. 

Мөн үргэлжлүүлэн "Жорлон үндэсний чуулганд ариун цэврийн байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд нэгдэж, жорлонгийн хувьсгалыг эхлүүлэх зорилгоор 11 хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөлийг байгуулсан. Улмаар “Монголын жорлонгийн ууган холбоо” ТББ-ыг байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа юм. 

Одоогоор хөдөө орон нутагт салбар холбоодыг байгуулж эхлээд байна. Тухайлбал, Дархан-Уул, Хөвсгөл, Өмнөговь, Баянхонгор аймагт салбар холбоог байгуулж эхэлсэн. Хөрсний бохирдлыг бууруулах, ариун цэврийн байгууламжийг сайжруулах чиглэлээр дөрөвдүгээр сарын 7-нд Баянхонгор аймагт чуулганыг зохион байгуулна.  

Хөрсний бохирдлыг бууруулахад зөвхөн ариун цэврийн байгууламжийг хөндөөд орхихгүй. Бид тавдугаар сарын эхээр хог хаягдлыг бууруулах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус хэлэлцүүлгээр тулгамдсан асуудлаа харилцан хэлэлцэж, цаашдын бодлогын арга хэмжээг авч ажиллана" гэлээ.