Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Эмх цэгцтэй амьдралын хатан хаан Мэри Кондо гурван хүүхэдтэй болсны дараа “бууж өгсөн” тухайгаа ярьжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Японы эмх цэгцтэй амьдрах ухааныг дэлхий дахинд сурталчилж, алдаршсан Мэри Кондо гурав дахь хүүхдээ төрүүлсний дараа зарчмаасаа ухарч, зарим талаар “бууж өгөхөд” хүрсэн тухай ярьжээ.

“Миний гэрт одоо эмх замбараагүй байдал ноёрхож байна. Гэхдээ амьдралын энэ шатандаа ингэж амьдрах нь зөв болохыг  би ойлгосон” гэж тэр Вашингтон Пост сонинд ярьсан байна.

Кондо 2021 онд гурав дахь хүүхдээ төрүүлсэн юм.

“Саяхныг хүртэл би мэргэжлийн цэгцлэгч байж, гэр орноо үргэлж цэвэр, цэмцгэр байлгахад бүх анхаарлаа тавьдаг байлаа. Гэвч одоо үүнээсээ татгалзахад хүрээд байна. Гэхдээ зөв шалтгаанаар. Гэртээ үр хүүхдүүдтэйгээ цагийг дураараа өнгөрүүлэхийн ач холбогдлыг би одоо ойлгодог болсон” гэж Кондо ярьжээ.

Тэрбээр 2011 онд “The Life-Changing Magic of Tidying Up” (Эмхлэх цэгцлэхийн амьдралыг өөрчлөх увдис) нэртэй номоо хэвлүүлснээс хойш япончуудын бүх зүйлийг эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр байлгах арга ухааныг дэлхий дахинд номлох болсон юм.

Кондо гэр бүлийн хамт АНУ-ын Калифорни мужид амьдардаг.

Хэдийгээр зарим талаар бууж өгсөн ч сэтгэл дотроо зарчмуудаа марталгүй хадгалж, боломж гарах бүрд гэр орноо цэвэрлэж, цэгцэлсээр байгаагаа тэр ярьжээ.

 

Эх сурвалж: The Washington Post