Энэ сарын 28, 29-ний шөнө Төв Сибирийн бүсээс хүйтэн агаарын урсгал Монгол Улсын нутаг дэвсгэрийг дайран өнгөрсөн.
Хүйтний эрч эрс чангарсан энэхүү хоёр өдөр Завхан, Хөвсгөл аймгийн зарим сумын нутгаар -40-43 градус хүйтэрсэн байна. Харин Дорнод аймгийн Халхгол суманд хамгийн дулаан буюу -23 градус хүрч хоножээ.
Тэгвэл энэ удаагийн хүйтрэлээр нийт нутгаар ямар өөрчлөлт гарсан талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас нэмж тодрууллаа.
Тэрбээр "Сүүлийн өдрүүдэд Дорнод аймгийн Халхгол сумын нутагт хамгийн дулаан байсан. Мөн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Баянхонгор аймгийн Шинэжинст буюу Эхийн голд -23 градустай хоносон байна. Уг нь говийн аймгууд харьцангуй дулаахан байдаг. Гэтэл энэ хүйтрэлээр говийн бүс нутаг -10-15 градусаар хүйтэрсэн.
Монгол орны хэмжээнд хамгийн хүйтэн байсан сар гэвэл, 2016 оны нэгдүгээр сарыг онцолж хэлнэ. Ялангуяа, нутгийн баруун хагаст эрс хүйтэрч байсан. Увс, Завханы нутгаар -50-55 градус хүрсэн байдаг" гэлээ.
Ирэх сарын урьдчилсан мэдээллээр нутгийн хойд хагаст Олон Жилийн Дундаж (ОЖД)-аас хүйтэн байх төлөв гарсан гэдгийг тэрбээр нэмж хэлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|