“Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг” Блю скай зочид буудалд өнөөдөр боллоо.
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль 2002 оны арванхоёрдугаар сард баталснаас хойш нийт есөн удаагийн нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Эдгээр нэмэлт өөрчлөлтөөс харахад хууль эрх зүйн орчныг сайжруулах, салбарын оролцогчдыг чадавхжуулахад зориулсан шинэчлэл хийгээгүй. Тодруулбал, УИХ-аас бусад хууль батлагдахад дагах хэлбэрээр зарим нэр томьёоны өөрчлөлтийг хийсэн. Тэрхүү есөн удаагийн нэмэлт өөрчлөлт нь салбарын хөгжил дэвшил, чиг хандлагад зориулсан өөрчлөлт биш гэдгийг Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-ны Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн хэлсэн юм.
Тэрбээр үргэлжлүүлэн "Банк бус санхүүгийн байгууллагууд финтекийн зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг өргөн хүрээнд хөгжүүлж ирсэн. Гэхдээ финтекийн зээлийн талаарх нарийвчилсан зохицуулалт "Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай" хуульд байхгүй.
Шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-аас дэмжиж, Эдийн засгийн байнгын хороо руу эхний хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болсон. Үүнд нэр томьёоны тайлбараас гадна үйл ажиллагааны чиглэлийг нарийвчилж зохицуулахаар тусгасан. Тодруулбал, технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээний нэр томьёог оруулж, үйл ажиллагааны нарийвчилсан зохицуулалтыг ч мөн зааж өгсөн байгаа" хэмээн хэллээ.
Монголын банк бус санхүүгийн байгууллагын холбооны Ерөнхийлөгч З.Алтанзул "Банк бус санхүүгийн салбар нь бичил болон жижиг дунд бизнесийн үйл ажиллагаанд тодорхой үүрэгтэй ажилласаар ирсэн. Дэлхийн даяар үйл ажиллагаа явуулж буй бизнесийн 90 гаруй хувь, ажил олгогчдын 50 орчим хувь нь бичил болон жижиг дунд бизнес эрхлэгчид байна. Монгол Улсын хувьд энэ харьцаа бүр өндөр байдаг. Хэдийгээр 522 ББСБ өндөр өрсөлдөөнтэй зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа ч олон улсын болон дотоодын судалгаануудаас харахад бид БЖД бизнес эрхлэгчдэд санхүүгийн хүртээмжийг хангалттай хүргэж чадахгүй байна гэсэн дүгнэлт гарч байгаа. Тиймээс энэ чиглэлд санхүүгийн хүртээмжийг улам сайжруулах хууль зохицуулалтын орчин шаардлагатай болоод буй.
Одоогоор финтекийн харилцагч нь нийт харилцагчийн 93 хувийг, зээлдэгчийн 80 хувийг бүрдүүлж нэгэнтээ нөлөө бүхий санхүүгийн салбар болсон байна. Үүнтэй уялдаад харилцагчийн эрх ашгийг хамгаалах, өрийн дарамтаас урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн мэдээллийг нууцлах гэх мэтчилэн хариуцлагууд оролцогч талуудад тодорхой болгох ажлуудыг Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэгжүүлж эхлээд байгаа. Харин Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай тус тус цахим хөгжлийг дэмжсэн багц хуулиудтай холбогдох журмууд яамдаас хараахан боловсруулагдаж гараагүй л байна. Иймд хурдтай хөгжиж буй төрөлжсөн санхүүгийн бүтээгдэхүүнүүдтэй уялдуулан зохицуулагч байгууллагууд нь уян хатан бодлого барих хэрэгцээ үүсээд байгаа. Энэ хууль батлагдвал зохицуулагч байгууллагын үүрэг оролцоо илүү тодорхой болж ББСБ үйл ажиллагаа, тэр дундаа финтекийн хөгжлийг эрсдэлгүй, хүртээмжтэй байлгахад дэмжлэг болно гэж үзэж байна" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|