ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Эдийн засаг уналттай үед алсыг харсан хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй"

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 8 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

Хэдхэн хоногийн дараа зохион байгуулагдах гэж буй Монголын хөрөнгө оруулагчдын хаалттай чуулган дээр Эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун Монгол улсын макро эдийн засгийн бодит нөхцөл байдлыг задалж танилцуулна. Хөрөнгө оруулагчид эн тэргүүнд анхаарвал зохих зарим нэг сэдвээр түүнтэй ярилцлаа.

-Монгол улсын Макро эдийн засгийн бодит нөхцөл байдал ямар байна вэ?

-Манай улс сүүлийн 3 улирал дараалан томоохон эдийн засгийн хямралд орсон байгаа. 2021 оны 3-р улирлаас буюу өнгөрсөн зунаас энэ оны 1-р улирал хүртэл 3 улирал дараалан эдийн засаг уналттай байна, уналтын хурд нь энэ онд нэмэгдэж байна. Эдийн засгийг бодит ДНБ-ээр хэмждэг бөгөөд сүүлийн гурван улиралд эдийн засаг 2021 оны 3-р улиралд -0.9%, 2021 оны 4-р улиралд -3.7%, 2022 оны 1-р улиралд -3.8%-иар агшиж байна.

ДНБ хоёр улирал дараалж буурахад, эдийн засаг уналтад орсон гэж үздэг тул манай улс ноднингийн намраас гүн хямралд оржээ гэж дүгнэж болно. Тухайлбал ХАА сүүлийн улиралд сэргэж байгаа ч өмнөх хоёр улирал буюу 2021 оны 3, 4-р улиралд -4, -8% өмнөх жилээс унасан бол уул уурхай 2021 оны 3-р улирлаас эхлэн 3 улирал үргэлжлэн -4.5%, -15.6%, -37% уналттай, боловсруулах салбар сүүлийн 3 улиралд -2.75%, -7.58%, -10.25% хувиар унасан байна. Барилгын салбарт хямрал мөн гүнзгийрч, сүүлийн 3 улиралд -34%, -27.8%, -29.8% уналттай болж, 2019 оны 2, 3-р улирлуудтай харьцуулахад 2021 оны 2,3-р улирлын барилгын салбарын үзүүлэлтүүд 2019 оны үзүүлэлтүүдийн талд арайхийж хүрч байна, тээвэр жилийн хэмжээгээр -18.95%, -27.92%, бүр -33.7% хувийн уналттай байна.

Энд анхаарал татаж байгаа нь 2022 оны 1-р улирлын уналтын хэмжээ нь 2021 оны 3,4-р улирлын уналтаас илүү болж байгаа, улам муудаж байгаа явдал юм. Мэдээж, энэ бодит эдийн засгийн салбаруудын уналт хөдөлмөрийн зах зээл, өрхүүдийн амьжиргаа, ядууралд шууд сөргөөр нөлөөлж байгаа нь ч ойлгомжтой. Одоохондоо зуны амралтын үе үргэлжилж байгаа ч, намраас сургууль, ажил эхлэхэд, энэ бүх асуудлууд улам тодорхой болох нь цаг хугацааны асуудал юм.

-Энэ нөхцөл байдлаас гарахад төр засгаас ямар бодлого баримталж байгаа вэ?

-Одоогийн байдлаар 2021 онд зарласан Шинэ сэргэлтийн бодлого (энгийн үгээр 10 их наядын бодлого), 2022 онд зарласан хэмнэлтийн бодлого нь гол чиглэл болж байгаа байх. Мөн 2020 оноос хойш КОВИД-19 халдвартай холбогдуулан нийгмийн халамжийн бодлогуудыг өргөнөөр хэрэгжүүлж байгаа. Банк, мөнгөний салбарт нэлээд их бодлогуудын алхмуудыг хэрэгжүүлсэн.

-Эдийн засгийн цусны эргэлтийг хангахад Санхүүгийн болон үл хөдлөхийн секторууд ямар үүрэг оролцоотой вэ?

-Эдийн засаг ийнхүү уналттай байгаа үед яах аргагүй бодит хөрөнгө, санхүүгийн оновчтой хөрөнгө оруулалт, удирдлага иргэдийн хувьд, ч хөрөнгө оруулагчдын хувьд ч чухал болж байгаа юм. Тэгэхлээр, бид энэхүү хямралын нөхцөлд оновчтой шийдлүүдийг, алсыг харсан хөрөнгө оруулалтыг, урт хугацаанд хожоотой байх төслүүдийг олж харах нь ялангуяа хувийн хэвшлийн хувьд асар чухал байгаа юм. Иймээс 8-р Сарын 18-нд болох “Хөрөнгөтөн” Монголын хөрөнгө оруулагчдын хаалттай чуулган цаг үеэ олсон, ихээхэн ач холбогдолтой гэж бодож байна.

-Эдийн засагт Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон Дотоодын хөрөнгө оруулалт ямар ач холбогдолтой вэ?

-Статистикийн тооноос харахад, 2015 онд төсвийн хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын 22 хувийг эзэлж байсан бол 2020 онд энэ үзүүлэлт 12 хувь хүртэл буурч, гадаадын хөрөнгө оруулалтын нийт хөрөнгө оруулалт эзлэх хувь нь 2015 оны 15.7%-иас 37.9% болж өсөж, тэр хэмжээгээр түүний ач холбогдол нэмэгдсэн. 2020 онд нийт хөрөнгө оруулалт 17.1 их наяд болсон бол түүний 10.8 их наяд нь гадаадын хөрөнгө оруулалт болсон, үүнээс 7.3 их наяд нь гадаадын шууд хөрөнгө оруулалт бүрдүүлсэн.

Гадаадын хөрөнгө оруулалт манай эдийн засагт хэр их чухал байгаа энэ тоо харуулах байх. Үлдсэн 7 их наядын дотоодын хөрөнгө оруулалтыг эх үүсвэрээр авч үзэхэд, төсвөөс 1.9 их наядыг л санхүүжүүлж, харин хувийн болон бусад эх үүсвэрээс 4.3 их наядыг санхүүжүүлсэн. Ийм л учраас өнөөгийн нөхцөлд төр хувийн түншлэл жинхэнэ утгаар чухал байгаа юм.

-Дотоодын хөрөнгө оруулалтыг Улам идэвхжүүлэх ямар арга хэмжээ авах нэн шаардлагатай байгаа вэ?

-Дээр хэлсэнчлэн, эхний алхам нь бизнесийн, хөрөнгө оруулалтын эрүүл орчинг бүрдүүлэх нь дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих эхний алхам юм. Энгийн үгээр эдийн засгийн тооцоо судалгаагүй популист арга хэмжээг авахгүй байх, хууль, татварын орчноо байнга өөрчлөхгүй байх, хувийн өмчид халдахгүй байх, хувийн хэвшилтэй хамтарч ажиллах, аливаа маргааныг хуулийн орчинд л шийдэж байх ёстой.

-Банк, хөрөнгийн зах зээлийн хөрөнгө оруулах харилцаа хэр хурдан өөрчлөгдөх вэ?

-Ер нь өнөөдөр банк санхүүгийн салбар ихээхэн хурдацтай өөрчлөгдөж байна. Нэг талаас олон хөрөнгө оруулалтын боломжууд гарч байгаа ч гэсэн, нөгөө талаас тэр хэмжээгээр эрсдэл нэмэгдэж, хөрөнгө оруулагч нарын хувьд хэцүүхэн сонголтууд их болж байна. Технологийн хөгжил, мэдээлэл харилцаа холбооны салбарын хөгжил банк санхүүгийн салбартай салшгүй уялдаатай болж, орчин үеийн санхүү мэдээллийн технологитой, их өгөгдөлтэй, хиймэл оюун ухаантай шууд холбогдох боллоо. Иймээс орчин үеийн технологийн шийдлүүдийг сайтар мэдэж, салбарын мэдээллээ сайн судалж, дээрээс нь макро эдийн засгийн хандлагуудаа тооцож ажиллах нь хөрөнгө оруулагч нарын хувьд асар чухал болж байна.
 

“Хөрөнгөтөн” Монголын хөрөнгө оруулагчдын хаалттай форум

2022.08.18 | Шангри-Ла зочид буудал

www.hurungutun.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.