Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: Хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгдэх 10,000 тонн хүртэлх дизелийн түлшийг литрийг нь ₮3,400-д байлгах шийдвэр гаргалаа

А.Намуун, iKon.mn
2022 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газраас дизелийн түлшний үнэд зохицуулалт хийх шийдвэр гаргажээ.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар ажлын хэсгийн санал, тайланг сонслоо. Энэ жилийн намрын ургац хураалт болон ирэх жилийн өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгддэг 10,000 тонн хүртэлх дизель түлшний үнэд зохицуулалт хийх асуудал хөндөгдлөө. Өөрөөр хэлбэл энэ жилийн хаврын тариалалтын үед түлшний үнэ 3,400 төгрөг байсан.  Газрын тосны бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах дээл дээр өндөр, савлагаатай байгаа энэ үед дотоодын зах зээл дээрх шатахуунаас хамааралтай үнийн өсөлтийг тодорхой хэмжээ, хугацаанд бууруулах зорилгоор үнийн зохицуулалт хийхээр төлөвлөлөө.

Тодруулбал хэмжээний хувьд 500-600 төгрөгөөр хямд буюу нэг литр дизелийн түлшийг 3,400 орчим төгрөгийн үнэтэй байлгах шийдвэрийг гаргалаа. Энэ жилийн намрын ургац хураалт болон дараа жилийн эхний хагас жилд шатахууны үнийн нөлөөлөл байхгүй байхаар зохицуулалт хийнэ.

Хамгийн өргөн хэрэглэгддэг АИ-92 шатахууны хувьд ОХУ-ын "Роснефть" компанитай удтал хүнд хэлцэл хийсний үр дүнд 830 ам.доллароор он дуустал нийлүүлэхийг баталгаажуулсан захиаг өчигдөр хүлээж авсан. Наадам хүртэл уг шатахууныг 840 ам,доллароор авч байв. Мөн дизель түлшийг гэрээнээсээ 5%-ийн хямдралтай үнээр нийлүүлэх захиаг тус компаниас авсан.

Засгийн газраас дизель түлшний 5%-ийн гаалийн албан татварыг тэглэх арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл дотоодын зүгээс татварын хүрээнд хийж болох бүхий л арга хэмжээг авчхаж байна.

Тийм учраас намрын ургац хураалтын хувьд энэ удаагийн гаргасан шийдвэр нь нэг удаагийнх юм" гэсэн мэдээллийг өглөө.

https://www.facebook.com/iKonNews/videos/1151533472092098