Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Путин дайныг дуусгах сонирхолгүй байгааг Францын тал мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Франц, Германы төрийн тэргүүнүүд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярилцахдаа Украины дайны асуудлыг хөнджээ.

75 минутын турш ярилцахдаа Эммануэл Макрон, Олаф Шольц нар даруй галаа зогсоохыг Путинд уриалсан боловч нааштай хариу сонсоогүй байна.

Сүүлд Францын ерөнхийлөгчийн ордноос гаргасан мэдээнд Путин дайныг дуусгах сонирхол, эрмэлзэлгүй байгаа нь харагдсан тухай дурджээ.

Кремлийн ордноос гаргасан мэдээнд Москва-Киевийн яриа хэлэлцээний явцын талаар Макрон, Шольц нарт Путин мэдээлэл өгсөн тухай дурдсан ч гал зогсоох тухай яригдсан эсэхийг огт дурдаагүй өнгөрсөн байна.

Удирдагчид цаашдаа утсаар ярилцсан ярианы агуулгыг нийтэд ил гаргахгүй байхаар тохиролцсоныг Германы канцлерын хэвлэлийн алба мэдээлжээ.

Орос, Украины засгийн газрын төлөөлөгчид өнгөрсөн хугацаанд гурван удаа Беларусийн нутагт уулзаад байгаа.

Дөрөвдүгээр ээлжийн яриа хэлэлцээ видео холбоогоор зохион байгуулагдаж байгааг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр мэдээлжээ.

Талууд харилцан нэг нэгэндээ тулгалт хийхийн оронд тодорхой асуудлуудаар ярилцаж эхэлснийг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр хийсэн мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Дайн эхэлснээс хойш Украины зэвсэгт хүчнээс 1,300 орчим цэрэг алагдсан, Украины зарим тосгон сууринууд дахин сэргэхээргүй сүйрснийг тэр энэ үеэр мэдээлжээ.

Дайныг дуусгаж, энхийн гэрээ байгуулах асуудлаар Украин, Оросын цаашдын яриа хэлэлцээг Израилын Иерусалим хотод зохион байгуулах саналыг Зеленский өчигдөр гаргасан байна.

Израилын ерөнхий сайд Нафтали Беннетийн энхийн яриа хэлэлцээнд “эерэг нөлөө” үзүүлэх чадварт найдаж байгаагаа тэр илэрхийлжээ.

Беннет өнгөрсөн долоо хоногт Москва хотод ОХУ-ын ерөнхийлөгчтэй гурван цаг уулзсаныхаа дараа Берлинд очиж канцлер Шольцтой уулзсан юм. Дараа нь тэр Зеленскийтэй хэд хэдэн удаа утсаар ярилцсаныг Израилын албаны эх сурвалжууд мэдээлж байв.

 

Эх сурвалж: The Guardian