Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Уртнасан: Андлалын өргөөг нурааж буй зардлыг улсын төсвөөс гаргахгүй

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Андлалын өргөөг нурааж эхэлсэн талаар мэдээлэл хийж байна. 

БОАЖ-ын сайд Н.Уртнасан "Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд Хэнтийн аймагт түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой бүтээн байгуулалтууд дөрвөн суманд 2018 оноос хойш хийгдэж байгаа. Үүний нэг нь болох Хэнтий аймгийн Батноров суманд баригдаж байсан Андлалын өргөөтэй холбоотой албан ёсны тайлбарыг өгье.

Андлалын өргөөний зураг төслийг уран барималч УГЗ Д.Эрдэмбилэг гуай зохиосон. БОАЖЯ, тухайн ажлыг гүйцэтгэгч Хос санаа компанитай гурвалсан гэрээ байгуулж, барилга угсралтын ажил явагдаж эхэлсэн. Харамсалтай нь Д.Эрдэмбилэг хүнд өвчний улмаас барилга угсралтын ажил ид явагдаж байх үед нас барсан. 

Яамнаас энэхүү төслийг үргэлжлүүлэхтэй холбоотой судалгааг хийж, Д.Эрдэмбилэг агсны шавь нартай уулзаж, анхны зураг төслөөр нь үргэлжүүлэх боломж байгаа эсэх талаар үйл ажиллагаа явуулсан. Гэвч оюуны өмчийг эзэмшигч нь өөрөө барилгын явцад хяналт тавих боломж хязгаарлагдсан учраас зураг төслийг үргэлжлүүлэхэд хүндрэл үүсэж байна гэсэн дүгнэлт гарсан юм. 

Оюуны өмчийг цуцлахтай холбоотой саналууд гарсан. Иймээс Д.Эрдэмбилэг агсны гэр бүлээс Хос санаа компанид оюуны бүтээлийг зохиогчийн эрх шилжүүлэх гэрээг цуцлах хүсэлт тавьсан байгаа. Мөн тухайн гэр бүлээс БОАЖЯ-нд Андлалын өргөөг буулгаж, зохиогчийн нэр хүндэд дахин халдахгүй байхыг хүсэж байна гэж хандлаа. Улсын төсвөөс гарсан 1.9 тэрбум төгрөгийг Хос санаа компани буцаан төвлөрүүлсэн. Нураахтай холбоотой зардлыг орон нутагт тухайн компани хариуцан ажиллаж байна. Эцсийн тооцооллыг гаргаагүй байгаа. Андлалын өргөөг нураахтай холбоотой зардлыг улсын төсвөөс гаргахгүй" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/556227968911503