2021/06/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.84₮
B30
УЛААНБААТАР
27°
|
13°
B30
УЛААНБААТАР
24°
|
14°
B30
УЛААНБААТАР
30°
|
14°
17:00
S26
25°
18:00
S26
25°
19:00
S26
24°
20:00
S30
21°
21:00
S29
19°
22:00
S29
16°
23:00
S29
14°
00:00
S29
13°
01:00
S29
13°
02:00
S26
13°
03:00
S26
12°
04:00
S29
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дэлхий нийтэд тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах санаа танд бий бол 2021 оны Гринпренерт оролцоорой”

ikon.mn
2021 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг

Даян дэлхийн ногоон хөгжлийн институтээс жил бүр зохион байгуулдаг олон улсын гарааны бизнесийн Гринпренер уралдаан зардлагдлаа.

Уралдааны гол зорилго нь ногоон хөгжлийн зорилго, тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн асуудлуудыг шийдэх залуусын инновацилаг санал санаачилгыг дэмжиж, тодорхой хэмжээний эхлэл хөрөнгө санхүүжилт олгон, олон улсын түвшинд төслүүдийг таниулах боломжоор хангах байдаг. Өнгөрсөн жил Монголоос оролцож, шилдэг дөрвийн нэгээр шалгарсан Номадик Пауэрбокс багийн гишүүн Ч.Чулуунцэцэгтэй туршлагаас нь хуваалцан ярилцлаа. Энэ жилийн уралдаант хөтөлбөр дөрөвдүгээр сарын 27-ныг хүртэл өргөдөл хүлээн авах юм.

- Сайн байцгаана уу, та бүхэн Гринпренерийн талаар анх яаж олж мэдэж байсан бэ? 

- Фэйсбүүк дээр найзынхаа тавьсан постоос олж мэдсэн. 

- Тус хөтөлбөр нийт хэр хугацааны турш, ямар ямар үе шаттайгаар болж өнгөрсөн бэ?

- Энэ хөтөлбөр нь 12 долоо хоногийн турш үргэлжилсэн бөгөөд хамгийн сүүлд уур амьсгалын өөрчлөлтийн талаар өргөн мэдлэгтэй, технологи болон гарааны бизнесийн туршлагатай, олон улсын шүүгчдийн багийн өмнө бид бизнес төлөвлөгөөгөө танилцуулсан.

- Та бүхэн Гринпренер 2020-ийн шилдэг багийн нэгээр шалгарсан. Танай төсөл ямар асуудлыг шийдсэн бэ? 

- Бид өнгөрсөн жил Гринпренер хөтөлбөрт оролцохоор шийдээд тэр даруйдаа дөрвүүлээ нийлэн Номадик Пауэрбокс компаниа үүсгэн байгуулсан. Манай компани алслагдмал, төвийн шугамаас хол нутгуудад амьдарч, ажиллаж буй хүмүүсийн эрчим хүч, эдийн засгийн суурь бүтцийн асуудлуудаас улбаалан гарсан ядуурлын түвшинг бууруулах зорилготой ажилладаг.

Бид нар, салхиар эрчим хүчний эх үүсвэрээ шийдсэн, гибрид системд суурилсан бичил “цахилгаан станц” боловсруулахаар зорин ажиллаж байгаа. Бүтээгдэхүүнээ Паэурбокс гэж нэрлэсэн бөгөөд бүхээгт машин болон контейнер гэсэн хоёр хувилбартай.

Үүгээр зогсохгүй үйлдвэрлэсэн илүүдэл цахилгааныг батарейнд хураадаг. Нөөцөлсөн цахилгааныг дараа нь бүхий л зориулалтаар хэрэглэх боломжтой. Ерөнхийдөө, манай компанийн үйл ажиллагаагааг “явуулын” эрчим хүчний бизнес гэх тодотголтой 3 чиглэлд ангилж болохоор байгаа. 

  1. Цахилгаан үйлдвэрлэл буюу нарны зайн хавтан, салхины турбин зэргийг ашиглан батарей болон дизель генератораар нөөцийн асуудлыг шийдсэн сэргээгдэх эрчим хүч зонхилсон цахилгаан үйлвэрлэлийн хосолмол систем бүтээх,
  2. Үйлдвэрлэсэн цахилгаанаа эргэлтэд оруулах буюу төвлөрсөн шугамд цахилгаан нийлүүлэхийн оронд дата төв ажиллуулах,
  3. Цахилгааныг хадгалах буюу батарейнээс гадна үйлдвэрлэсэн цахилгааныг механик, дулааны эрчим хүчинд хувирган хадгалах боломжуудыг судалж байна.

Алслагдмал газарт байрлаж байгаа нь гар ажиллагааг хөнгөвчлөх, тэр орчныхоо агаарын бохирдлыг багасгах, улмаар ядуурлын түвшинг бууруулахад тушаа болдог. Яагаад гэхээр эрчим хүчний эх үүсвэрийн хүртээмж тэнд муу байдаг. Дэлхий дахинд өнөөдөр 840 сая гаруй хүн цахилгааны ямар ч эх үүсвэргүй амьдарч байна. Ихэнх тохиолдолд алслагдмал орон нутгийг төвийн шугамтай холбох нь эдийн засгийн хувьд ашиггүй. Тэгэхээр энэ нь өөрөө эргээд олон асуудлын эх уурхай болдог. Бид нар, салхины эрчим хүчний эх үүсвэр зонхилсон хосолмол шийдлээ явуулын байхаар шийдсэн нь манай улсын онцлогт нийцсэн төдийгүй ёс заншилтайгаа ч холбогдоно. 

- Багаа анх хэрхэн бүрдүүлж байсан бэ?

- Cонирхлоороо нэгдсэн найзуудын баг бүрдсэн байгаа. Хэрэв та ажигласан бол манай багийн гишүүдийн хэн нь ч инженерийн чиглэлээр сургууль төгсөөгүй. Гэхдээ бид аливаа асуудлыг шийдвэрлэхдээ инженерийн арга зүйг ашигладгаас гадна бусдын санал, шүүмжлэлийг сонсоход ямагт нээлттэй байдаг. Манай багийн гишүүдийн ерөнхий өгөгдлүүд, суурь мэргэжил өөр хоорондоо ялгаатай төдийгүй ажлын туршлагын хувьд ч гэсэн их өөр.

Бид “прототайп” - аа бүтээж байх хугацаандаа хэд хэдэн мехатроникч, цахилгаанчдыг гэрээгээр авч ажиллуулсан бөгөөд тэрхүү инженерүүд манай анхны бүтээлийг хараад салбарын бус хүмүүс хэрнээ яаж холболтуудыг нь хийсэн юм бэ, дизайныг нь яаж гаргасан бэ гэж их гайхаж байсан. Ер нь бол орчин үед бие даан ямар ч сэдвээр суралцах боломжтой болсон. Мэдээж тэр дунд засаж залруулах зүйлс гаралгүй яахав. Шаардлагатай үед мэргэжилтнүүдтэй ажиллахад үргэлж нээлттэй байдаг. Хамгийн гол нь манай багийн гишүүд бие биенийхээ дутууг нөхөх туршлагатай, чадвартай. Шинэ салбар руу түрэн орох зоригтой байх, шинэ зүйлс сурах сонирхолтой байх зэрэг нь залуучуудад байх авууштай чанар гэж би хувьдаа боддог бөгөөд гарааны бизнесийг эхлүүлэх эхэн үед салбар бүрийн туршлагатай хүн заавал байх шаардлагагүй гэж бодож байна.

Эрчим хүч болон эдийн засгаас улбаатай ядуурлын асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн техникийн мэдлэгээс гадна олон ургальч үзэл, хандлага зайлшгүй шаардлагатай.

- Гарааны бизнес эрхлэхээр зорьж буй хүмүүст ижил төрлийн бусад уралдаант хөтөлбөртэй харьцуулахад Гринпренерийн ямар өгөөжтэй вэ? 

- Бид дээр дурдсанчлан фэйсбүүкээс олж мэдсэнийхээ дараагаар, багаа бүрдүүлж ижил төстэй хоёр тэмцээнд оролцсоноор гарааны бизнесийнхээ эхлэлийг тавьсан. Гринпренерийн нөгөөх нь БНСУ-ын Засгийн газраас агаарын бохирдол болон уур амьсгалын өөрчлөлтийн сэдвийн дор зохион байгуулсан “Цэнхэр тэнгэрийн төлөөх инноваци” нэртэй гарааны бизнесийн тэмцээн байсан. Уг тэмцээнд оролцох саналыг Гринпренер хөтөлбөрийн зохион байгуулагчдын зүгээс бидэнд тавьсан юм.

Гринпренер хөтөлбөрт оролцох явцад бусад тэмцээнтэй харьцуулахад маш өргөн хүрээтэй материал бэлтгэх шаардлага гарч, туршлага хуримтлуулж авсан. Таван минутын бизнес төлөвлөгөөнөөс гадна байгаль орчны нөлөөллийн тооцоолол, сошиал канвас гэж нэрлэгдэх бизнес моделийн хураангуй үзүүлэн, бизнесийн урт хугацааны зорилтыг буулгаж харуулах зориулалттай бүдүүвч төлөвлөгөө, санхүүгийн модел, долоо хоног бүр зохион байгуулагдаж байсан вэбинар, гэрийн даалгаврууд дээр үндэслээд эцсийн шалгаруулалт явагдсан.

Гринпренер хөтөлбөрт оролцсоноор компанийнхаа алсын хараа, зорилго зорилт зэргийг илүү ойлгож, “MVP” гэж нэрлэгдэх бүтээгдэхүүний анхны хувилбарыг бүтээх ойрын зорилт маань тодорхой болсон. Гарааны бизнесийн тэмцээнүүд зохион байгуулалтын хувьд ерөнхийдөө хоорондоо ижил төстэй боловч тэмцээнийг шүүж байгаа шүүгчид, хөрөнгө оруулагчдын бүрэлдэхүүн нь өөр өөр байдаг болохыг бид ажигласан. Ихэнх хөрөнгө оруулагчид программ хангамжид суурилсан шийдлийг сонирхдог бол “клинтех” хөрөнгө оруулагчид салбарын мэдлэг, мэдээллийг илүү чухалчилдаг санагдсан. Гринпренер хөтөлбөрт оролцсоноор бид үүнийг илүү мэдэрсэн.

- Та бүхэнтэй өрсөлдсөн багуудаас хамгийн шинэлэг гоё санаатай төслүүд юу байсан бэ? 

- Технологийн бүхий л төрлийн шийдлүүдийг танилцуулан тэмцээнд оролцсон компаниудын дийлэнх хувь нь программ хангамж дээр суурилсан байсан. Үнэнийг хэлэхэд энэ нь шийдвэрлэхийг зорьж буй асуудлуудын голомтыг устгах бус тухайн асуудлуудын хор хөнөөлийн тоо хэмжээг тодорхойлох, ойлголтыг олонд мэдээлэхэд зориулагдсан төдий болохоор ач холбогдол нь хязгаарлагдмал юм болов уу гэж бодогдсон. Бусдаар бол шинэлэг гоё санаанууд олон байсан.

- Гринпренерт оролцох үед гарч байсан гол бэрхшээлүүд юу байсан бэ?

- Тэмцээнд оролцоход хоёр төрлийн асуудал тулгарсан. Цар тахалтай холбоотойгоор хил гааль хаагдаж, хөл хорио тогтоогдсон нь техник хангамж орсон шийдэл боловсруулж байгаа бидний хувьд зорьж байсан хугацаандаа багтан анхны бүтээгдэхүүнээ бэлэн болгоход саад болсон нь гарцаагүй. Бид Өмнөд Солонгос руу яван төслөө танилцуулах хоёр ч боломжийг алдсан. Ойрын хугацаанд БНСУ-ын Засгийн газраас зохион байгуулахаар яригдаж буй, хөгжсөн улсуудын ерөнхийлөгчдийг урин уур амьсгалын сэдвийн хүрээнд хийх чуулга уулзалтад бид төслөө танилцуулахаар шалгараад байгаа. Болох эсэх нь мөн л цар тахлын явцтай холбоотой байгаа.

Хоёрдугаарт цагийн хязгаарыг нэрлэмээр байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, агаарын бохирдол, ядуурлын түвшинг бууруулахаар амбицтай ажиллаж байгаа бидний хувьд их л шинэлэг санаа гаргаж байж суурь асуудлуудыг шийдвэрлэхэд бага боловч хувь нэмрээ оруулах учиртай. Харин тэр санаагаа ялангуяа техникийн шийдлүүдээ  анх удаагаа биднийг сонсож буй хүмүүст тавхан минутад багтаан тайлбарлана гэдэг амаргүй байсан. Уг нь мэргэжлийн хөрөнгө оруулагчид меморандум, техник эдийн засгийн үндэслэл, нийгэм, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ зэрэг материалууд шаарддаг бөгөөд дунд нь хэд хэдэн удаагийн уулзалт, ярианууд хийгддэг. Энэ утгаараа бидний мэдэх хөрөнгө оруулалтын процесоос их өөр байсан.

- Уралдаант шалгаруулалтын явцад сурсан зүйлсээс одоо ч та бүхэнд хэрэг болж байгаа зүйлс бий юу?

- Гринпренерт оролцсоноор бид өөрсдийн бизнес санаагаа танилцуулах олон төрлийн материалтай болсон. Одоо ч тэдгээрийг сайжруулаад явж байгаа. Ер нь шийдвэрлэхээр зорьж байгаа асуудлын ерөнхий цар хүрээг ойлгох, мониторинг хийх, мэдээлэл цуглуулах төдий бус асуудлын голыг хөндсөн санаа, шийдлүүд нь ялангуяа гарааны бизнесүүдийн хувьд их цөөхөн байдаг бололтой.

Манай бизнес санаа нь программ хангамж, техник хангамж аль алиныг нь хослуулсан шийдэл байсан болохоор тэр нь бидний нэг давуу тал болж байснаас гадна бидний санаа үнэхээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, үр дүнтэй, нөлөөтэй шийдэл байж болох юм байна гэдэг итгэл үнэмшлийг бид тэмцээний явц, үр дүнгээс ойлгож авсан. 

- Уралдаанаас хойш төслөө хэрхэн үргэлжлүүлж байгаа вэ? 

- Тэмцээний үеэр ямар хэрэглэгчидтэй болохоор зорьж буй талаар бид нараас байнга асууж байсан. Мөн түүнчлэн хөдөө амьдарч буй иргэдэд манай Пауэрбокс бүтээгдэхүүнийг худалдан авах санхүүгийн чадамж байгаа юу гэж асууж байсан.

Аливаа технологийн өртөг олон нийтийн дунд хэрэглээнд нэвтэрсний дараа, судалгаа хөгжүүлэлтийн үр дүнд буурдаг. Зорилтот зах зээлийн сегментүүдээ илүү нарийвчлан тодорхой болгоход, мөн гарааны бизнесийн эхний сорилтуудаа даван туулах, ялангуяа технологийн эрсдэлээ багасгахад бид нарт санхүүжилт зайлшгүй шаардлагатай. Бид бүтээгдэхүүнийхээ тооцоо судалгаандаа өөрсдөө итгэл үнэмшилтэй байгаа болохоор үйлдвэрлэсэн цахилгаанаа ашиглан дата төв ажиллуулна. Бид бүтээгдэхүүнээ улам боловсронгуй болгох судалгаа, хөгжлийн зардлаа эхний ээлжинд өөрсдийн ашгаасаа санхүүжүүлэх стратеги барьж ажиллах болсон.

Одоогийн байдлаар бидэнд итгэл хүлээлгэн, санхүүжилт олгож байгаа хамтрагч нартайгаа нийлээд үйлдвэрлэсэн цахилгаанаа эргэлтэд оруулах үйл ажиллагааны чиглэлдээ түлхүү анхааран ажиллаж байна.

- 2021 оны Гринпренерт оролцохоор зорьж буй залууст өгөх зөвлөгөө юу байна вэ? 

- Хүн бүрд л сая долларын байж болохуйц бизнес санаа орж ирдэг байх. Харин цөөхөн хэсэг нь л үүнийг ажил хэрэг болгож чаддаг байх. Бид нар өөрсдийн карьерын хувьд тодорхой шатанд хүрч, санхүүгийн хувьд бага ч болов тогтвортой болсон учраас өөрсдийн зорилтынхоо төлөө зориг шулуудах нөхцөл бүрдсэн.

Бидний зарим нь хэтэрхий удаан хүлээчихсэн үү гэж бодож байгаа. Гэхдээ өнөөдрийг хүртэл хуримтлуулсан мэдлэг, чадвар, танилын хүрээ зэрэг маань гарааны бизнес эхлүүлэхийг шийдсэн тэр мөчөөс хойш ямар үнэ цэнтэй зүйлс байсныг даруй ойлгуулсан. Бид олон улсын 3 тэмцээнд оролцож бүгдэд нь эхний байруудад шалгарч чадсан.

Тэмцээнд оролцох бүр бидний бизнес танилцуулгын чанар сайжирч эргээд бизнесийн маань “momentum” бий болоход шууд нөлөөлсөн. Шуудхан хэлэхэд Гринпренер Хөтөлбөрт оролцсон болохоор бүтээгдэхүүнийхээ судалгаа хөгжүүлэлт дээр ажиллаж эхэлсэн байдаг.

Өөрсдийн санаагаа хэр үр ашигтaй болохыг шалгах, улам итгэл үнэмшилтэй болох, мөн хамтрагчдаа сонгон шалгаруулахад гарааны бизнесийн тэмцээнд оролцох нь их ач тустай байсан. 

- Юу та бүхнийг шилдгээр шалгарахад гол хүчин зүйл болсон бэ?

- Мэдээж амжилттай хэрэгжих боломжтой бизнес санаа байх хэрэгтэй. Баг бүрдүүлэлт маш чухал байсан. Тэмцээнд хамт оролцсон багуудыг хараад байхад баг болгонд ихэвчлэн нэг л түлхүүр хүн байсан бөгөөд нэг хүнээс хараат байх нь ажиглагдсан. Манай багийн хүн нэг бүр бизнес төлөвлөгөөний танилцуулгад гар бие оролцсон нь багийн гишүүдийн гарааны бизнестээ болон оролцож буй тэмцээндээ хэр их сэтгэл гаргаж байсныг илтгэсэн жишээ болсон байх. Манай компанийн үүсгэн байгуулагчид сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд нийлээд 300 гаруй төсөлд анализ хийн, олон улсын банк санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдад танилцуулан, хангалттай туршлага хуримтлуулсан.  

- Цаг гарган ярилцсанд баярлалаа.

- Баярлалаа. Цаашид бид нар шиг олон залуучууд Гринпренер хөтөлбөрт оролцон өөрсдийгөө сорьж үзээд дэлхий нийтэд тулгараад байгаа асуудлуудыг шийдэхэд хувь нэмрээ оруулаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. 2021 оны Гринпренер хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг https://www.greenpreneurs.co холбоосоор үзэж, бүртгүүлэхийг хүсвэл дараах холбоосоор хандаарай: http://bit.ly/greenpreneurs2021. 

Уралдааны тухай видео мэдээг доорх холбоосоор үзнэ үү. https://www.facebook.com/dbs.darkhantv/videos/1600354130353900/

 

x