Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахлыг үл ойшоодгоороо алдартай Танзани улсын ерөнхийлөгч 61 насандаа таалал төгсжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Африк тивийн Танзани улсын ерөнхийлөгч, коронавирусийн цар тахлыг үл ойшоодгоороо алдартай Жон Магуфули 61 насандаа зүрхний өвчнөөр нас барсныг өчигдөр зарлажээ.

Магуфули нь хоёрдугаар сарын 27-ноос хойш олны өмнө ил гараагүй бөгөөд түүнийг коронавирусийн халдвар аваад хөрш Кени улсын эмнэлэгт эмчлүүлж байгаа гэсэн цуурхал тараад байв.

Гэвч Танзанийн засгийн газар ерөнхийлөгчөө Covid-19 өвчнөөр нас бараагүй, зүрх судасны өвчнөө эх орондоо эмчлүүлж байгаад таалал төгссөн гэж тайлбарлажээ.

Өнгөрсөн оны ерөнхийлөгчийн сонгуулиар Магуфулитай өрсөлдөж ялагдсан сөрөг хүчний улс төрч Тунду Лиссу түүнийг Covid-19 өвчнөө Кени улсын эмчлүүлж байгаад бие нь улам дордсон тул Энэтхэг улс руу шилжүүлсэн гэж мэдээлж байв.

Түрэмгий зангаасаа болоод “Бульдозер” хочтой болсон Жон Магуфули нь цар тахлын аюулыг эрс үгүйсгэдэг хүн байв.

Тэрбээр амны хаалт зүүж, хүн хоорондын зай барихын оронд сүмд очиж, бурханд мөргөвөл өвчин тусахгүй гэж ард түмэндээ зөвлөдөг байжээ. 

Коронавирусийн эсрэг вакциныг тэр Африкийн баялгийг булаах гэсэн Өрнөдийн орнуудын зэвсэг гэж нэрлэж байв. Танзани улс өнгөрсөн оны тавдугаар сараас хойш Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад цар тахлын талаар тоон мэдээлэл өгөхөө зогсоожээ.

Хамгийн сүүлд өгсөн тоогоор бол Танзани улсад коронавирусийн халдварын 509 тохиолдол бүртгэгдэж, 21 хүн нас барсан байна. ДЭМБ статистик мэдээллээ өгөхийг удаа дараа шаардсан ч Танзанийн эрх баригчид биелүүлээгүй юм.

Жон Магуфули 2020 оны аравдугаар сард болсон сонгуулиар 84 хувийн санал авч, тав дахь удаагаа Танзанийн ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Сөрөг хүчнийхэн сонгуулийг луйвар, будилаантай болсон гэж үзээд үр дүнг нь хүлээн зөвшөөрөөгүй юм.

 

Эх сурвалж: Reuters