Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус газраас "Хөвсгөл аймагт коронавирусийн халдварын тохиолдлууд батлагдсан. Эх уурхай нь Улаанбаатар хотоос хүнс тээвэр эрхэлдэг, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд оршин суух хаягтай жолооч болох нь тогтоогдсон. Тухайн иргэн гуравдугаар сарын 9-нд нийслэл хотод PCR шинжилгээгээ өгөөд хариу нь сөрөг гарсны дараагаар Завхан аймгийн Согоотоор дамжин Хөвсгөлийн Цэцэрлэг суманд ирсэн. Түүний гэр бүлийн болон ойрын хавьтлын зургаан хүний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан тул аймгийн PCR шинжилгээний лабораторид шинжлэхэд мөн эерэг гарсан. Хариуг баталгаажуулахаар Эрдэнэт хот руу илгээхэд нийт долоон тохиолдол бүртгэгдлээ.
Үүссэн нөхцөл байдлын улмаас аймгийн Онцгой комисс хариу арга хэмжээг авч байна.
Халдвартай нь батлагдсан долоон иргэнийг аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хэвтүүлэн эмчлэхээр шийдвэрлэсэн.
Одоогоор ойрын болон дам хавьтал гэх 300 орчим хүнд тандалт хийж байна. Цэцэрлэг суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, сургууль, сургуулийн дотуур байрныхан зэрэг 500 гаруй хүний нэрсийн жагсаалтыг гаргаж шинжлэх шаардлагатай байгаа юм. Үүнд тодорхой баг томилж, тус суманд ажиллуулна.
Халдвартай нь батлагдсан долоон хүний хоёрт нь халуурах шинж тэмдэг илэрсэн бол таван хүнд ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгаа" хэмээн мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!