Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш 100 гаруй хүн эдгэрчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дотоодод бүртгэгдсэн халдвараас 100 гаруй хүн эдгэрээд байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

"Зарим өвчтөнийг хөнгөн үед нь олж авсан тул тэр дор нь эдгээгээд гаргасан"

Тэрбээр "Коронавирусийн халдвараар ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан 89 хүн эдгэрээд эмнэлгээс гарч байна. Бид эдгэрсэн хүмүүсээ Яармагийн 300 ортой эмнэлэгт ажиглан тусгаарлаж, хянаж байгаа. Үүнээс өмнө 13 хүнийг эмнэлгээс гаргасан.

Өөрөөр хэлбэл, дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш 100 гаруй хүн эдгэж, эмнэлгээс гарсан байна.

Зарим хүн шинж тэмдэггүй байхад эмнэлэгт хэвтүүлээд гаргалаа гэж ярьж байна. Хөнгөн үед нь олж авсан тул тэр дор нь эдгэрүүлээд гаргасан гэдгийг ойлгох хэрэгтэй" гэсэн юм.

"Халдвартай бүсэд эмчилгээ хийж байхдаа COVID-19-т өртсөн хүмүүсийн голомт тасарсан"

Үргэлжлүүлэн "ХӨСҮТ халдварын голомт болчхоод үйл ажиллагаагаа зогсоосон зүйл байхгүй. ХӨСҮТ 11 сарын турш коронавируст халдвартай тэмцсэн бөгөөд тухайн хугацаанд өмнө нь тусгай үүргийн онгоцоор ирсэн, халдвартай 380 гаруй хүмүүсээ эмчилж эдгэрүүлсэн.

Бид хүний бөөгнөрөл үүсгэхгүй, орны ачааллыг багасган сийрэг байлгах үүднээс хөнгөн өвчтөнүүдээ Цэргийн төв эмнэлэг, Яармагийн 300 ортой эмнэлэгт аваачиж эмч, ажилтнуудын ачааллыг зохицуулж байгаа. Өвчтөнүүдээ эмчилж байхдаа халдвар авсан эмнэлгийн ажилтнууд түрүүчээсээ эдгэрсэн.

Тиймээс халдвартай бүсэд ажиллаж байхдаа халдварт өртсөн хүмүүсийн голомт тасарсан гэж ойлгож болно. Харин сорьц авах үедээ, халдвартай орчинд ариутгал хийх болон халдвартай хүнийг зөөвөрлөх явцдаа халдварт өртөх эрсдэл байсаар байгаа.

Энэ бол ганцхан Монголд тохиолдож байгаа зүйл биш. Дэлхий дахинд хийсэн судалгаагаар нийт тохиолдлын 14-30 хувьд нь эмнэлгийн ажилчид өртсөн байна. Харин манай улсад 3.2 хувьтай байна.

Эмч, эмнэлгийн ажилчид иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаад халдварт өртөж байгаа тул тэднийгээ сэтгэл санаагаар дэмжиж байх хэрэгтэй. ХӨСҮТ-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна" хэмээн сэтгүүлчийн асуултад хариулав.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/146058317013757

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.