Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж: Нелсон Мандела төгсгөлгүй юм. Яагаад гэвэл эрх чөлөө гэдэг өөрөө төгсгөлгүй зүйл

President.mn
2013 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр “Bloomberg” телевизэд ярилцлага өгөв.

Тэр бол бүх хүмүүсийг төлөөлсөн, төлөөлж чадах цөөхөн, магадгүй өнөөдөр байгаа хүмүүсээс цорын ганц хүн юм гэж хэлж болно.

Хөтлөгч Э.Долгион: -Таныг манай телевизэд ярилцлага өгч байгаад их баярлалаа. Нелсон Манделаг таалал төгссөнийг зөвхөн Өмнөд Африкт төдийгүй олон улсад нэг эриний төгсгөл ирлээ гэж дэлхийн удирдагчид ярьж байна. Таны хувьд Нелсон Манделагийн талаар юу хэлэх вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Би өглөө босоод л дэлхий, орчлонд юу болж байна гэж CNN-ийн мэдээг нээж хардаг юм. Өнөө өглөө босоод харахад Нелсон Мандела өөд болсон байна гэсэн мэдээ гарсан байна. Нелсон Мандела төгсгөлгүй юм. Яагаад гэвэл эрх чөлөө гэдэг өөрөө төгсгөлгүй зүйл. Нелсон Мандела гэдэг хүн 95 насаллаа. Энэ хүн өөрийнхөө амьдарснаас илүү урт амьдрах эрхтэй зүйлийг бүтээсэн хүн юм. Энэ хүний үйл хэрэг хэдэн үедээ цаашаа явна. Нелсон Мандела хүний амьдрал, хүн гэдэг зүйлд хамааралтай байсан бол одоо мөнхийн цаг хугацаанд хамааралтай боллоо. Ийм хүн цөөхөн л дөө.

Өөр нэг зүйл харж байхад өнөөдөр Нелсон Манделагийн тухай ярихгүй орон гэж алга. Ярихгүй байгаа хэвлэл, мэдээлэл гэж алга. Бүх төр, засгийн тэргүүнүүд энэ хүний тухай байр сууриа илэрхийлж байна. Африк, АНУ, Европ гээд улс орнуудыг харж байхад газар бүр өөр өөрийнхөө байр суурийг илэрхийлж байгаа нь харагдаж байна. Тэгэхээр энэ хүн хэр зэрэг том цараатай хүн байсан бэ гэдэг нь харагдаж байгаа юм.

Хөтлөгч Э.Долгион: - Хэдийгээр Нелсон Мандела таалал төгссөн ч өнөөдөр арванхоёрдугаар сарын 6 гэсэн их тохиолтой өдөр болж байна. Монгол Улс, Өмнөд Африкт төсөөтэй зүйлүүд их бий. Танд Нелсон Манделагийн талаар ямар дурсамж байдаг вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Бид 1970-80-аад оны үед, социализмын үед амьдарч байлаа. Хүйтэн дайны үед дэлхий капиталист ситем, социалист ситем гээд хоёр лагерьт хуваагдчихсан байсан. Нелсон Мандела гэдэг хүний талаар бас нэг сонин зүйл байгаа юм. Түүний тухай энэ хоёр системд хоёуланд нь яригддаг хүн байсан. Энэ хоёр системд хоёуланд нь сайн сайхны төлөө тэмцэж байгаа, ижил эрхийн төлөө тэмцэж байгаа сайн хүн гэж яригддаг тийм л хүн байсан. Арьсны өнгө, арьсны үзэл гэдэг аюултай үзэл капитализмд байдаг. Түүнийг эсэргүүцэж байгаа хүн гэдэг талаас нь социализмын үед ярьж байсан. Тухайн үед дэлхий капитализм, социализм гээд хоёр хуваагдчихсан байсан ч дэлхий нэг байсан юм шиг, хүн төрөлхтөн нэг байсан юм шиг ингэж ярьж байсан хүн. Өнгөрсөн ХХ зуун, одоо ХХI зуун гараад арван хэдэн жил болж байхад дэлхийн хэмжээнд ингэж яригдаж байсан удирдагч, тийм үнэт зүйлтэй хүн Нелсон Манделагаас өөр ховорхон байсан гэж боддог.

Өөр нэг сонин зүйл надад ажиглагддаг. Нелсон Мандела гэдэг хүнд нэг гайхалтай зүйл байгаа юм. Тэр үеийн төр, засаг нь баривчлаад шоронд явсан.  Нелсон Мандела анх төрөхдөө  Troublemaker буюу англиар бол үймээн самуун дэгдээгч, үймүүлэгч гэсэн утгатай нэртэй хүүхэд байсан. Дараа нь сургуульд ороход нь Африкийнхаа үндэсний нэрээр нэрлэдэг заншлаар Нелсон гэдэг нэр өгсөн байдаг. Үймүүлэгч гэдэг хүүхэд сургуульд ороод, том болоод хорин хэдтэйгээсээ л арьс өнгөөр ялгаварлах тогтсон системийн эсрэг асар хүчтэй тэмцсэн. Тэр систем нь өөрөө буу зэвсэг, хэрэглэдэггүй бүхнийг хэрэглэж дардаг асар муйхар систем байсан. Шоронд орж байсан тэр үеийн видео зургуудыг харж байхад инээчихсэн, хийх л юмаа хийж байгаа хүн шиг, шоронд явлаа гээд дарагдаж байгаа юм байхгүй байдаг. Хамгийн сонирхолтой нь дараа нь Ерөнхийлөгч болоод гараад ирсэн.

Зарим хүнийг харж байхад том албан тушаал дээр очихоор албан тушаалынхаа байдлаас ч болдог юм уу, “Их ачаалал ирлээ. Их хэцүү боллоо” гээд их дарагдсан явдаг. Нелсон Мандела Ерөнхийлөгч болоод ч ялгаагүй, шоронд орж байхдаа  инээгээд явж байсан тэр тайван байдлаараа байсан.Шоронд Нелсон Мандела ганцаараа ороогүй. Африкийн хар арьстай, арьс өнгөөр ялгаварлах дэглэмийг эсэргүүцсэн, эрх чөлөөг хүссэн хүмүүстэй хамт, тэднийг төлөөлж орсон. Зөвхөн Африктай ч биш, эрх чөлөөг хүссэн бүх хүмүүсийн бэлгэдэл болж ертөнцтэй, дэлхийтэй цуг орсон. “Би хийх юмаа л хийж байна. Шоронд ч байсан би дэлхий дээр байна. Гадаа ч байсан би дэлхий дээр байна” гэсэн хандлагатай байсан.

Дараа нь Ерөнхийлөгч болоод байгаа байдал нь би Ерөнхийлөгч болчихлоо гээд ажилдаа дарагдаж байгаа ч юм уу, өөр болж байгаа юм байхгүй. Тэр хүн ард түмнээсээ сонгогдоно гэдэг бол ард түмэнтэйгээ цуг Ерөнхийлөгч болчихож байгаа юм. Би ард түмний өмнөөс хийх юмаа л хийж яваа хүн гэсэн байдалтай байсан. Үүгээрээ ч удирдагчдын хувьд харж байх, ойлголт авах агуу үнэт зүйлтэй хүн байсан.

Яагаад энэ хүний тухай хүн бүхэн яриад байдаг юм бэ гэхээр энэ хүнд хүн бүхний зүрхэнд хүрсэн, энэ хүнтэй харилцаж, энэ хүнийг ойлгоё гэсэн хүн бүхнийг нээж чаддаг, хүн бүхэнд тэр үнэт зүйлийг хүргэж чаддаг тийм л агуу шинж чанарыг илэрхийлсэн хүн байсан гэж харж байна.

Хөтлөгч Э.Долгион: -Хүн бүрийн хүндлэлийг хүлээсэн энэ хүн дэлхийн түүхэнд ямар дурсамж үлдээх бол?

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Энэ тухай одоо бүгдээрээ ярьж байна. Миний хувьд энэ хүн нэг талаар хар, цагаан арьстан гэж Африкт хүмүүс боолын нийгмээс авахуулаад хэдэн мянган жилийн түүхэндээ үзэл бодлоороо биш, арьсныхаа өнгөөр ялгаварлаж бие биетэйгээ тэмцэлддэг байсантай тэмцсэн. АНУ-д  Мартин Лютер Кинг иргэний хувьсгал хийж, иргэний эрх чөлөөний тэмцэл ялаад, түүний дараа явсаар байгаад хамгийн сүүлд Африкт ирж тэр тэмцэл дууссан шүү дээ. Тэр бүхэл бүтэн эрин үеийг зангидаж, хүн төрөлхтнийг арьс өнгө, гарал үүслээр ялгаварлахаа байя гэдэг эрх чөлөөний тэмцлийг нэгтгэж чадсан тийм хүн болж Нелсон Мандела үлдэж байна.

Энэ хүн өмнө нь зүгээр хүн байсан бол одоо идеал болж байна. Туг болж байна гэсэн үг. Хүн төрөлхтөн дотор одоо эрх чөлөөгүй зовж байгаа хүн зөндөө байна. Өөрийнхөө үзэл бодлоосоо болоод хэдэн зуун мянгаараа орон шоронд орчихсон, дээвэргүй шорон шиг улс орон дэлхийд байж л байна. Тэр хүмүүс Нелсон Манделагийн үйл хэргийг хараад зоригжиж явах, байнга амьдарч байх ийм л үйл хэргийг үлдээж чадаж байгаагаараа энэ хүн агуу юм.

Монгол, Өмнөд Африкийн холбоотой зүйлийг хэлэхэд саяхан Өмнөд Африкийн дэд Ерөнхийлөгч айлчлаад явсан. Бид Өмнөд Африктай нэлээд холбоотой байя гэдэг орон. Манайх Өмнөд Африкт ЭСЯ-аа нээе, Өмнөд Африк ч Монголд ЭСЯ-аа нээе гэж байгаа. Ийм хэмжээнд, их ойрхон харилцаатай байх гэж ярьж байгаа. Сүүлийн 3-4 жилийн хугацаанд харилцааны талаар нэлээд ярьсан. Би Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жекоб Зуматай Давосын уулзалт, бусад уулзалтын үеэр хоёр гурван ч удаа тааралдаж улс орныхоо тухай ярьж байсан.

Манай талаас айлчлал хийх ээлж байгаа. Хоёр жилийн өмнөөс та айлчлаач гэж намайг урьж байсан. Сая ч дэд Ерөнхийлөгч нь ирээд үүнийгээ нотолсон. Иймэрхүү харилцаа бидний дунд байгаа. Сая би дэд Ерөнхийлөгчтэй нь уулзаж байхдаа мөн л дахиад л Нелсон Манделаг ярьж байсан. Манделаг ярихгүй байна гэж байхгүй шүү дээ. “Нелсон Мандела гуайн бие ямар байна. Миний халуун мэндчилгээг дэвшүүлээрэй. Монгол гэдэг энэ улс орон эрх чөлөө, ардчиллыг эрхэмлэдэг. Ийм олон ард түмэн таныг үргэлж харж, дэмжиж байдаг шүү. Танд сайн сайхныг хүсч байдаг. Үүнийг та очиж дамжуулаарай” гэсэн. Дэд Ерөнхийлөгч “Би дамжуулна. Би эндээс буцаж очоод очиж уулзана” гэж хэлж байсан. Тэр бол сайхан зүйл.

Ийм харилцаа бидний хооронд байдаг. Нэг үгээр хэлбэл үнэт зүйлийн харилцаа, хүмүүсийн ярьдгаар хүн ёсны харилцаа байдаг. Хүн ёсны харилцаа хэдийд тогтдог вэ гэхээр тэр хүмүүсийн хооронд үнэт зүйл, нэг эрмэлзэл байгаагаар тогтдог. Яг ийм эрмэлзэл, үнэт зүйлийн харилцаатай орон бол Өмнөд Африк юм. Энэ талаас нь бид харах ёстой юм болов уу гэж боддог. Нелсон Мандела гэдэг энэ хүн бол зөвхөн хар арьст хүмүүсийг төлөөлсөн хүн байсангүй, цагаан, шар дарлагдсан бүх хүний эрх чөлөөг илэрхийлдэг. Дэлхий хоёр хуваагдчихаад байсан ч нэг юм шиг дэлхий даяараа тэр хүний тухай ярьдаг, тэр хүний тэмцлийг ярьдаг байсан.  Шоронд байхад нь, 1970-80-аад оны үед Нелсон Мандела хар арьстай ч юм уу, ямар царайтайг бид хэн ч мэддэггүй л байлаа шүү дээ. Гэхдээ л тийм нэг хүн байгаа. Тэнд хориод жил болж байгаа гэдгийг мэдэж байсан. Шоронд 27 жил болсон. Нэг зуун гэхэд дөрвөн жил тутмынх нь нэг жил гаруйг шоронд өнгөрөөсөн байгаа юм. Шоронд өнгөрөөхдөө өөрийнхөө эрмэлзэл, үйл хэргээсээ хэзээ ч ухарч, алдаж байгаагүй. Гарч ирээд Ерөнхийлөгч болоод, үзэл санаагаа хэрэгжүүлж амьдарч байгаад өөд болно гэдэг бол үнэхээр гайхалтай.  Нэг хүн, нэг бодьгальд ногдохгүй ийм л хувь тохиол юм. Ийм учраас өнөөдөр Нелсон Манделаг дэлхий даяараа ярьж байна.

Тэгэхээр Нелсон Мандела бол дэлхийн олон хүмүүсийн нэг нь юм. Тэр бол бүх хүмүүсийг төлөөлсөн, төлөөлж чадах цөөхөн, магадгүй өнөөдөр байгаа хүмүүсээс цорын ганц хүн юм гэж хэлж болно.