Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Циркчид 2014 оны зураг төслийн дагуу циркийн сургуулийн барилгыг барьж өгөхийг шаардлаа

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монголын циркийн уран бүтээлчдийн төлөөллүүд өнөөдөр цаг үеийн асуудалтай холбоотой мэдээлэл хийж, Соёлын яам болон Засгийн газарт шаардлага хүргүүллээ.

Тэд

  1. Монгол Улсын Консерваторийн хашаанд байгаа газар дээр хийлгэсэн зураг төслийн дагуу Циркийн сургуулийн барилгыг яаралтай барьж өгөх
  2. Циркчдийн соёлын өв болсон хуучин циркийн барилгыг шинэчлэн ордон барьж өгөх гэсэн хоёр үндсэн шаардлага тавьж байгаа аж.

"2014 онд зураг төсөл нь батлагдчихсан барилгыг улс мөнгөгүй гэх шалтгаанаар одоог хүртэл бариагүй"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ талаар Циркийн тэнхимийн зөвлөх багш, хүндэт профессор У.Энхбаяр “Олон зуун циркцин одоог хүртэл бэлтгэл сургуулилалтаа хийсээр ирсэн хуучин циркийн байрандаа бид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж байна.

Энэ байрыг сүүлийн үед нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шаардлага хангахгүй тул үйл ажиллагаа явуулахыг хориглох тухай албан бичиг ирүүлсэн учраас энд бэлтгэл хийгдэхгүй байгаа.

Одоогоор циркийн сургуулийн сурагчид нүүдлийн цирк дотор болон Монгол Улсын консерваторийн биеийн тамирын хоёр жижиг зааланд бэлтгэлээ хийж байна.

Гэвч хүйтний улирал эхэлчихсэн тул нүүдлийн циркт сургуулилалт явуулах боломжгүй боллоо. Тиймээс бид өнөөдрийн шаардлагыг хүргүүлж байгаа юм.

Циркийн сургууль бол улсын мэдлийнх. Тиймээс ч энэ байранд орчин үеийн XXI зууны циркчдийг бэлтгэхэд арай учир дутагдалтай байна гэж үзээд 2010 оноос эхлэн бид циркийн сургууль бариулах асуудлыг хөөцөлдөж, 2014 онд тухайн үеийн БШУЯ-ны захиалгаар барилгын зураг төсөл нь батлагдсан.

Гэвч одоог хүртэл улс мөнгөгүй гэх шалтгаанаар сургуулийн барилгыг барьж өгөхгүй байгаа.

Циркийн урлаг өөрийн гэсэн зориулалтын байр байшинтай байх ёстой. Учир нь циркийн бэлтгэлийг биеийн тамирын хоёр жижигхэн зааланд явуулахад хүндрэлтэй, боломжгүй” гэв.

Мөн тэрбээр “Бид АСА циркийг заавал авах гээд булаацалдаад байгаа юм биш. Хамгийн гол нь гэрээнд зориулагдсан үүргийнхээ дагуу циркийн уран бүтээлд зориулж тоглолт явуулах бололцоог хангаж өгч, хамтран ажиллах хүсэлтийг л АСА циркийн талд тавьж байгаа” гэдгийг онцлов.

"Энд өрөвдөлтэй амьтад биш, жинхэнэ дэлхийн одууд буюу дэлхийн рекордын эзэд зогсож байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Циркийн тэнхимийн найруулагч Ю.Гэрэлбаатар “Бид өнөөдрийг хүртэл долоон сайдын нүүрийг үзэж, үүдийг нь сахиж, циркийн урлагийг тайлбарлаж байна. Өнөөдөр Монголын циркийн урлагаас өөр ямар ч мэргэжлийг гадаадад хүлээн зөвшөөрөөгүй.

Дэлхийн 150 гаруй орноос Монголын цирк гуравт жагсдаг төдийгүй дэлхий Монголынхоо нэрийг гаргаж яваа. Дэлхийн бүх томоохон циркүүд биднийг авахыг хүсэж байхад Монголын төр биднийг нохой шиг үздэг.

Одоо Румыний тусламжаар барьж өгсөн барилгыг өнөөдөр буцааж авъя гэж яриад байх юм. Хоосон дээвэр нь л үлдчихсэн тийм юмнаас бид байрлаж байгаа газраас нь өөр юу авах вэ. Зүгээр л тэнд одоо шоу бизнесийнхээ ажлыг хийх гэж байгаа байх.

Одоо зүгээр л сургуулиа бариад өгчих. Тэгвэл дэлхийд 3-т жагсдаг байр сууриа нэг рүү явуулья. Яаж ийм газар бид уран бүтээлчдээ бэлдэж дэлхийн дээд хэмжээнд очих вэ, ямар эцэг эх хүүхдээ ийм газар бэлтгэл хийлгэх гэж сургах вэ. Энэ агуу урлаг унтарвал дэлхийд гайхагддаг Монголын нэр нэгээр багасна л гэсэн үг гэдгийг нэг ойлгоосой.

Бид өрөвдөлтэй амьтад биш, жинхэнэ дэлхийн одууд буюу дэлхийн рекордын эзэд энд зогсож байна.

Өнөөдөр Монголд мөнгөтэй, эрх мэдэлтэй хэдхэн хүн нь бүхэл бүтэн урлагийг нураах чадалтай болчихож” гэлээ.

"Төр засаг циркийн урлагаа анхаараагүй учраас дэлхийн хэмжээний боловсролоо алдаж байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

"Шинэ цирк" төвийн захирал, найруулагч Д.Зоригт “2006 онд Улсын циркийг хувьчлахаар болсон. Тухайн үед бид жилд 200-300 сая төгрөгийн төсөв аваад дэлхийн хэмжээний тоглолт туурвих нөхцөлгүй байсан.

Байсан ганц зүйл нь зориулалтын л байр, маш сайн боловсон хүчин юм. Тиймээс менежментийн хувьчлалын гэрээг хийсэн ч 13 жил өнгөрлөө.

13 жил тэвчээртэй хүлээхдээ дэлхийд нэртэй циркчдийг Монголд бэлдэж байна. Бид өнөөдөр энэ урлагт зүрх сэтгэлээ зориулж яваа хүүхдүүдэд бэлтгэлээ хийх зориулалтын байрыг нь барьж өгөхийг төр засгаас хүсэж байна. Тэрнээс 13 жилийн өмнөх хувьчлалын бурууг зайлшгүй одоо нэхэх шаардлага байхгүй.

Өнөөдөр чадварлаг циркчдийг бэлддэг багш нарын 20 хувь нь гаднын оронд багшилж байна. Төр засаг циркийн урлагаа анхаарахгүй байгаа учраас дэлхийд гайхагдсан боловсролоо алдаж байна” гэлээ.

"2.5 метрийн өндөртэй биеийн тамирын зааланд циркийн сургуулилалт явуулах боломж байхгүй"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Циркийн тэнхимийн эрхлэгч Х.Ганболд “Өнөөдөр 120 жил болж байгаа ганц зориулалтын энэ байшингийн насжилт дууссан. Энд бэлтгэл сургуулилалт явуулахыг Мэргэжлийн хяналтын газраас хориглосон.

Өнөөдөр 2.5 метрийн өндөртэй биеийн тамирын зааланд циркийн сургуулилалт явуулах бололцоо үнэхээр алга.

Бид АСА циркийн байрыг булаацалдаагүй, гол нь энэ урлагийг хөгжүүлэх нь чухал учраас энэ урлагт суралцаж байгаа хүүхдүүд аюулгүй, зориулалтын байранд бэлтгэлээ хийх хэрэгтэйг л хэлж байна.

2010 оноос хойш Монголын циркчид нэг ч төгрөгийн цалин авч үзээгүй. Өнөөдөр циркцид хувиараа нийгмийн даатгалаа төлдөг. Тийм мөртлөө циркийн урлагийг хөгжүүлэхийн төлөө, урлагаа хөгжүүлэхийн төлөө залуус өдөр бүр бэлтгэл хийж байна.

Бид гадаад зах зээл Монголд тоглогдоогүй уран бүтээлийг үзүүлдэг” гэлээ.

"Циркийг дахиж зориулалтаар нь ашиглах боломжгүй болгосон учраас эгдүүцэж байна"

Залуу циркчдийн холбооны ерөнхийлөгч А.Энхтөр “Бид АСА циркийг засвар хийхээс өмнө маш хүлээцтэй ханддаг байсан. Энэ бол манеж, хана, тааз, шалнаас нь таван тонноор татдаг зориулалтын зүйлүүд нь байхад бид тэвчээртэй хүлээж байсан.

Одоо бидэнд ямар ч найдах зүйл байхгүй болсон.

Магадгүй АСА циркийн засвар, шинэчлэлт маш гоё болох байх. Гэхдээ циркийг дахиж зориулалтаар ашиглах ямар ч боломжгүй болгосон учраас маш эгдүүцэж байна” гэв.

"Монголын цирк гэсэн өв одоо тасрах шинж рүүгээ оржээ"

Монголын циркчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Т.Буд “Монголын циркчид гадаадын уран бүтээлч болох нь. Монголын цирк гэсэн өв одоо тасрах шинж рүүгээ оржээ.

Бид орон байргүй байсан ч 13 жилийн турш дэлхийд нэрээ гаргасаар ирлээ.

Биднийг урлагийнхаа тоонд багтааж байдаг бол төр засаг нүүрээ бидэнд харуулаач гэж хүсэж байна.

Мөн тэд циркийн урлаг 2010 оноос хойш унтарсан гэж хүмүүс ойлгодог. Харин ч эсрэгээрээ 2010 оноос Монголын циркчид дэлхийд маш эрэлттэй болж, маш өндөр амжилтуудын эзэн болсон.

Түүнчлэн циркийг амьтан сургахдаа зоддог гэж ойлгодог. Баавгайн бамбарууш, чонын бэлтрэг бусад араатан амьтныг хэзээ ч зодож биш, нүдээ нээгээгүй нялх байхад нь өвөртөлж унтаж, өөрийнх нь ээж шиг байж сургадаг гэдгийг хэлж байлаа.

Гэрэл зургийг Mpa.mn