Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Ирэх сард транзит нислэгээр ирэх хүмүүсийн тооноос хамаарч Сиэтл-Улаанбаатар чиглэлд дахиж нислэг үйлдэх эсэхийг шийднэ"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Цар тахал дэгдсэнээс хойш манай улс авто болон агаарын замаар нийт 22,973 иргэнээ эх оронд нь авчирсан талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэллээ.

"Нийт 82 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдсэн"

Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд бид авто болон агаарын замаар бид нийтдээ 22,973 иргэнээ эх оронд нь авчраад байна.

Тодруулбал,

  • Агаарын замаар буюу 82 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаадын 81 орноос 16,483 иргэн,
  • Авто замаар 6,535 иргэн тус тус иржээ" гэв.

"Сүүлийн үед иргэд нутаг буцах хүсэлтээ цуцалж байна"

Үргэлжлүүлэн "Мөн бид өчигдөр УОК-оос өгсөн чиглэлийн дагуу БНХАУ-аас нутаг буцах хүсэлт гаргаад байсан цөөн тооны иргэнийг Замын-Үүдийн боомтоор эх оронд нь нэвтрүүллээ.

Ер нь хилийн чандаас нутаг буцах хүсэлт гаргаж байгаа иргэдийн тоо харьцангуй өндөр мэт байгаа боловч сүүлийн үед иргэд нутаг буцах хүсэлтээ цуцалж буйг онцлоё.

Тухайлбал, анх БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татах шийдвэр гарахад Замын-Үүд боомтоор 130 гаруй иргэн орж ирнэ гэж бид тооцож байсан ч яг өчигдрийн татан авалтаар ердөө 30-хан иргэн ирсэн.

Тусгай үүргийн нислэгийн хувьд ч ийм байдал ажиглагдаж байна.

Есдүгээр сарын хамгийн сүүлийн нислэг буюу маргааш ирэх Сиэтл-Улаанбаатар чиглэлийн онгоц гэхэд л 10 гаруй суудал хоосон ирж байгаа.

Тиймээс ирэх сард үйлдэгдэх транзит нислэгээр ирэх хүмүүсийн тоог харгалзаж дахиж Сиэтл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх эсэхийг шийднэ.

Өөрөөр хэлбэл нэн яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоог дахин тодруулсны үндсэн дээр тус чиглэлд дахиж нислэг үйлдэх эсэхийг шийдвэрлэнэ" хэмээн онцлов.

"Ирэх сард Сөүл-Улаанбаатарын чиглэлд 7 удаагийн нислэг үйлдэнэ"

 "Нутаг буцах хүсэлтээ гаргасан иргэдийн байрлаж буй улс орон, бүс нутгийг харгалзаж аравдугаар сард нийт 11 тусгай үүргийн нислэг үйлдэж, иргэдээ авчрахаар төлөвлөсөн.

Тэдгээрээс долоон удаагийн нислэг нь Сөүл-Улаанбаатарын чиглэлд үйлдэгдэх бөгөөд нэг нислэг нь транзит нислэг" гэдгийг нэмж хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/711229309602650