Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

О.Солонго: Томуугийн вакцин хийлгэснээс хойш хоёр долоо хоногийн дараа дархлаа тогтдог

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар болон аливаа өвчлөлөөс хэрхэн сэргийлэх тухай зөвлөгөө хүргэсээр байгаа билээ. Энэ удаад ханиад, шуухинаа, томуугаас хэрхэн сэргийлэх тухай Анагаах ухааны доктор, Хүүхдийн уушгины эмч О.Солонго зөвлөгөө өглөө.

Амьсгалын замын цочмог халдвар нь 200 гаруй төрлийн вирусээр үүсгэгддэг. Томуу нь томуугийн А, В, С хүрээний вирусээр үүсгэгдэх бөгөөд вирус нь хүйтэн, чийг багатай орчинд удаан хугацаанд амьдрах чадвартай, эмгэг төрүүлэгч шинж чанартай юм. 

Улирлын томуу нь жил бүрийн аравдугаар сараас эхлэн дараа оныхоо гуравдугаар сар хүртэл үргэлжилдэг.

Хүүхдийн уушгины эмч О.Солонго "Томуугаас сэргийлэх гол арга нь гараа сайтар угаах, амны хаалт тогтмол хэрэглэх, зөв ханиаж найтаах зэрэг юм. 

Үүнээс гадна унтаж амрах, шингэн зүйлийг бага хэмжээгээр ойр ойрхон уух хэрэгтэй. Бага насны хүүхдийг зөв асрах нь чухал. Тодруулбал, дулаан хувцаслах, илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс идүүлэх, идэвхтэй хөдөлгөөнтэй байлгах нь зүйтэй.

Хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлсэн тул хүүхдүүд амны хаалтаа тогтмол зүүж, сургууль цэцэрлэгээсээ тарж гэртээ ирмэгцээ гараа савандаж угаан, амаа сайтар зайлах нь зүйтэй. Ингэснээр ханиад томуугаас тодорхой хэмжээнд сэргийлж чадна" гэв. 

Түүнчлэн тэрбээр томуугаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь вакцинжуулалт гэдгийг онцлов. Гэвч вакцин хийлгэснээр 100 хувь сэргийлнэ гэсэн үг биш бөгөөд томуу туссан тохиолдолд хүндрэлээс сэргийлнэ нь гэж үздэг аж. 

"Эрсдэлт бүлгийн хүн амд тав хүртэлх насны хүүхдүүд, архаг хууч өвчтэй хүмүүс, 65 ба түүнээс дээш насны хүмүүс, эмнэлгийн ажилтнууд болон нягтрал ихтэй газар ажилладаг хүмүүсийг тооцож, томуугийн вакцинд заавал хийлгэх шаардлагатай гэж үздэг.

Вакцин хийлгэсний дараагаар хүний биед олдмол дархлаа хоёр долоо хоногийн хугацаанд байж, тогтдог. Иймд вакциныг аравдугаар сараас хийж эхлэх нь тохиромжтой" хэмээх тэрбээр мөн хэллээ.

Видео: 

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/370952947405312/