Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Airbus компани устөрөгчийн түлштэй нисэх онгоц бүтээх төлөвлөгөөгөө зарлав

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Airbus компани дэлхийн анхны хүлэмжийн хий огт ялгаруулдаггүй нисэх онгоц бүтээж, зах зээлд нэвтрүүлэх болсноо өчигдөр зарлажээ.

Төлөвлөгөө ёсоор тус компанийн үйлдвэрлэсэн устөрөгчийн түлштэй нисэх онгоцнууд  2035 оноос агаарын тээвэрт ашиглагдаж эхлэх гэнэ. Хүн төрөлхтөн бүр хорьдугаар зууны эхэн хагаст устөрөгчийн түлштэй агаарын хөлөг бүтээх оролдлого хийж байжээ.

Гэвч түүхэнд “Гинденбургийн осол” гэж нэрлэгдсэн 1937 оны үйл явдлын дараа энэ оролдлого зогссон байна.

Airbus компани өчигдөр устөрөгчийн түлштэй нисэх онгоцны гурван загвар танилцуулжээ.

Тэдгээрийн нэг болох “Turbofan” загварын онгоц нь 200 зорчигчийг 3,200 км хүртэл зайд тээвэрлэх чадалтай байх гэнэ. Хоёр дахь “Turboprop” загвар нь үүнээс 50 хувийн бага багтаамж, туулах зайтай байх ажээ.

Харин гурав дахь “blended-wing body” буюу далавч нь эх биетэйгээ нэгдмэл нисэх онгоц нь уламжлалыг эвдсэн цоо шинэ загвар болсон байна. Уг загвар нь "Turbofan" загвартай ижил хүчин чадалтай байх ажээ.

Дээрх гурван загвар бүгд шингэн устөрөгчийн түлшийг цахилгаан эрчим хүчинд хувиргах замаар ажилладаг байх гэнэ.

Онгоцнуудыг цэнэглэх дэд бүтцийг байгуулахад их хэмжээний хөрөнгө мөнгө, хүчин чармайлт шаардагдахыг Airbus онцолжээ.

“Эдгээр нисэх онгоцнуудын шатахуун болох устөрөгчийн түлш рүү шилжихэд агаарын тээврийн салбар бүхлээрээ шийдвэрлэх алхам хийх шаардлагатай. Засгийн газрууд, салбарын түншүүдийнхээ дэмжлэгтэйгээр бид энэ шилжилтийг хийж чадна” гэж Airbus компанийн гүйцэтгэх захирал Гилльом Фори ярьж байна.

 

Эх сурвалж: BBC