Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын засгийн газар Монгол улсад зорчих аяллын зөвлөмжөө сайжруулав

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын төрийн департмент өчигдөр буюу Даваа гарагт Монгол улсад зорчих иргэддээ өгөх зөвлөмжийг хамгийн доод дөрөвдүгээр ангиллаас гуравдугаар ангилал болгон сайжруулжээ. Өөрөөр хэлбэл Монгол улсад зорчихоор төлөвлөж байгаа иргэддээ “Огт аялахгүй байх” зөвлөмж өгдөг байснаа “Онц шаардлагагүй бол аялахгүй байх” гэсэн зөвлөмж өгдөг болсон байна.

АНУ-ын засгийн газар дэлхийн улс орон нэг бүрээр аяллын зөвлөмж гаргаж, гадаадад зорчих иргэдийнхээ аюулгүй байдлыг хангадаг.

Зөвлөмж нь “Хэвийн аялах”, “Болгоомжтой аялах”, “Онц шаардлагагүй бол аялахгүй байх”, “Огт аялахгүй байх” гэсэн дөрвөн ангилалтай. Коронавирусийн цар тахлын улмаас тус улс энэ оны гуравдугаар сард дэлхийн бүх улс орныг бөөнд нь дөрөвдүгээр ангилалд оруулаад байсан бол наймдугаар сарын эхээр 55 улсаас бусдынх нь ангиллыг ахиулж байв.

Тухайн үед Монгол улс дөрөвдүгээр ангилалд хэвээр үлдэж байжээ.

Харин өчигдөр гарсан шийдвэрээр Монгол улс нь Эль Сальвадор, Пакистан, Мексик, Кувейт, Этиоп, Саудын Араб, Хятад зэрэг хэд хэдэн улсын хамт дөрвөөс гуравдугаар ангилал руу шилжсэн байна.

Дэлхийн улс орнуудыг ангилсан бүрэн жагсаалттай энэ холбоосоор танилцах боломжтой.

 

Эх сурвалж: state.gov