Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Сэлэнгэ аймгийн Мандал суманд Үдийн цайндаа хордсон байж болзошгүй гэх 28 хүүхдийн 25 нь эмнэлгээс гарчээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Сэлэнгэ аймгийн Мандал сумын гуравдугаар сургуулийн сурагчид үдийн цайнаасаа хордсон байж болзошгүй байна гэх мэдээлэл цахим орчинд тархжээ.

"Шинжилгээний хариу эцэслэж гарсны дараа албан ёсоор нийтэд мэдээлнэ"

Энэ талаар Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ц.Эрдэнэжаваас тодруулахад "Хүүхдүүд үдийн цайнаасаа хордсон байж болзошгүй гэх мэдээлэл нь үнэн. Гэхдээ шинжилгээний хариу эцэслэж гарсны дараа албан ёсоор нийтэд мэдээлнэ. Шалгалт дуусаагүй байна.

Хамгийн сүүлийн шинжилгээний хариу маргааш буюу есдүгээр сарын 15-нд гарна. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.

"Хордлого авсан гэх хүүхдүүдийн биеийн байдалд айхтар ноцтой зүйл байхгүй"

Хэчнээн хүүхэд үдийн цайнаасаа хордож эмчлүүлж буй талаар тодруулахаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн дарга Ё.Буяндэлгэртэй холбогдлоо.

Тэрбээр “Долоо хоног орчмын өмнө манай эмнэлэгт хордлогын шинж тэмдэгтэй нийт 28 хүүхэд хэвтсэн. Одоогоор гурван хүүхэд л эмнэлэгт эмчлэгдэж байгаа бөгөөд бусад нь эмнэлгээс гарсан. 

Тухайн гурван хүүхдийн шинжилгээний эцсийн хариу маргаашаас гарахаар эмнэлгээс гаргана.

Хордлого авсан гэх хүүхдүүдийн биеийн байдалд айхтар ноцтой зүйл байхгүй. Одоо эмнэлэгт байгаа гурван хүүхдийн биеийн байдал ч гайгүй байна” гэсэн мэдээлэл өглөө.