СЕХ-ны даргаар П.Дэлгэрнаранг, нарийн бичгийн даргаар Д.Даваа-Очирыг томиллоо
Сонгуулийн ерөнхий хороо(СЕХ)-ны дарга Ч.Содномцэрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан нарыг чөлөөлсөн талаар бид мэдээлсэн.
Тэгвэл УИХ-ын ээлжит бус чуулганаар СЕХ-ны даргаар П.Дэлгэрнаранг, нарийн бичгийн даргаар Д.Даваа-Очирыг тус тус томилов.
УИХ-ын дарга Г.Занданшатар Пүрвээгийн Дэлгэрнаранг СЕХ-ны даргаар томиуулах санал гаргасныг чуулганд оролцсон гишүүдийн 89.7 хувь дэмжээ.
Пүрвээгийн Дэлгэрнаран нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 56 настай. Улсад 32 жил ажиллаж байгаа бөгөөд үүнээс төрийн албанд 7 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай.
Боловсрол:
- 1989 онд ЗХУ-ын Москвагийн Цэргийн дээд сургуулийг улс төр судлаач мэргэжлээр
- 1996 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн
Ажилласан байдал:
- 1989-1990 онд Талх чихэр үйлдвэрийн хорооны дарга
- 1990-1991 онд Улаанбаатар хотын Хөдөлмөрч залуучуудын эвлэлийн дэд дарга
- 1991-1993 онд Улаанбаатар хотын Залуучуудын холбооны дарга
- 1993-1995 онд Хүн ам, бодлого хөгжлийн яаманд ахлах түшмэл
- 1995-1997 онд Улсын Их Хурал дахь намын бүлэгт зөвлөх
- 1997-1999 онд “Прогоноз” төвд эрдэм шинжилгээний ажилтан
- 1999-2000 онд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал
- 2000-2003 онд Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга
- 2003-2005 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч
- 2007-2012 онд “Автобус 3” компанийн захирал
- 2012-2013 онд Автотээврийн газрын дарга
- 2012-2020 онд “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлчилгээний газрын тэргүүн дэд захирал, захиралын зөвлөх
- 2020 оны 08 дугаар сараас Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах референтээр ажиллаж байгаа ийнхүү СЕХ-ны даргаар ажиллахаар томилогдож байна.
Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар тус хорооны гишүүн Даваанямын Даваа-Очирыг томилуулах саналыг мөн УИХ-ын чуулганд оролцсон гишүүдийн 89.7% нь дэмжжээ.
Даваанямын Даваа-Очир нь 57 настай. 1982-1987 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академид эрх зүйч мэргэжлээр суралцаж төгсчээ. 2005 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академид хууль зүйн ухааны докторын зэрэг, 2006 онд профессор цол хамгаалсан. Д.Даваа-Очир нь 39 жил төрийн албанд ажилласан. 1981 оноос хойш 39 жил хуулийн байгууллагад ажилласан, туршлагатай нэгэн ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

