Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Мянганы сорилтын корпорац ил тод байдлын үзүүлэлтээр АНУ-ын донор байгууллагуудыг тэргүүлжээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн томоохон хөгжлийн болон донор агентлагуудын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг үнэлэх зорилгоор “Publish What You Fund” группээс хоёр жил тутамд гаргадаг “Тусламжийн ил тод байдлын индекс”-ээр Мянганы сорилтын корпорац (МСК) АНУ-ын донор байгууллагуудыг тэргүүлж, дэлхийд долоодугаарт эрэмбэлэгджээ.

Энэ талаар МСК-ын Гүйцэтгэх захирал Сийн Кэйрнкросс “Мянганы сорилтын корпорац АНУ-ын хамгийн ил тод үйл ажиллагаатай агентлагаар тодорсонд бахархаж байна. Бид өөрсдийн үйл ажиллагааны онцлог хэв маяг, оруулсан хөрөнгө оруулалтуудаас авсан сургамж, гаргасан амжилтуудаа хуваалцах, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдээсээ чухал хэрэгцээтэй мэдээ, тоо баримтуудыг Үнэлгээний хураангүй, “Стар” тайлан зэрэг үйл ажиллагаагаа үнэлж, тайлагнах шинэлэг арга хэрэгслүүдээр дамжуулан дэлхий даяар хөгжиж буй орнууд, бодлого боловсруулагчдад хүргэх үүрэгтэй” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

“Publish What You Fund” группийн Гүйцэтгэх захирал Гари Форстер мөн 2020 оны “Тусламжийн ил тод байдлын индекс”-ээр МСК “маш сайн” ангилалд эрэмбэлэгдсэнд баяр хүргэжээ.

2020 оны Тусламжийн ил тод байдлын индекст АНУ-ын Засгийн газрын таван агентлаг, 47 томоохон донор агентлагийг хамруулсан бөгөөд 2018 оныхтой харьцуулахад тусламжийн ил тод байдал бүхэлдээ, тэр дундаа томоохон донор агентлагуудын үзүүлэлт сайжирсан байна. Мянганы сорилтын корпорацын хувьд “Тусламжийн ил тод байдлын индекс”-ийн таван тайланд дараалан “маш сайн” ангилалд эрэмбэлэгдэж, АНУ-ын донор агентлагуудыг тэргүүлж байна. 2020 оны индексээр МСК 92.1 оноогоор үнэлэгдсэн нь 2018 оныхоос 5 оноогоор өссөн үзүүлэлт юм.

Дашрамд дурдахад, АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь Монгол Улсын Засгийн газартай хоёр дахь удаагаа Компакт гэрээ байгуулж, нийслэл Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх, тэр дунд Монгол Улсад анх удаа ус гүн цэвэршүүлэх томоохон байгууламж, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр, холбогдох шугам сүлжээг барьж байгуулах, ус түгээх байруудыг “ухаалаг” горимд шилжүүлэх, түүнчлэн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний байгууллагуудыг чадавхжуулах цогц хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ.