Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ёндон: "Ногоон гарц"-ын журам наймдугаар сарын 1-нээс үйлчилж эхлэхээр болж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар хэлэлцжээ.

Энэ талаар Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс Монгол Улс, БНХАУ хоорондын хилийн боомтуудыг хаасан. Харин хоёрдугаар сарын 26-ны өдрийн УОК-ын шийдвэрээр уул уурхайн бүтээгдэхүүнийг онцгой нөхцөл байдалд тухай үүрэг даалгавар өгсөн байдаг.

Эхний хагас жилийн байдлаар уул уурхайн гол бүтээгдэхүүн болох нүүрс, газрын тосны бүтээгдэхүүний экспорт их хэмжээгээр тасалдаж байгаа.

Оны эцэст экспортын гүйцэтгэл нэлээд тасалдах төлөв үүссэн. Тиймээс 2020 оны долдугаар сарын 20-22-нд УИХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэгт Зам, тээврийн хөгжлийн сайд болон миний бие багтан Дорноговь, Өмнөговь аймагт ажиллан бүтээн байгуулалттай танилцахын зэрэгцээ Гашуунсухайт боомтод ажилласан.

Уг ажлын хэсэгт БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй мөн багтан нөхцөл байдалтай танилцсан.

Гадаад харилцааны яам, БНХАУ-ын ЭСЯ-ны яриа хэлэлцээр, хамтын ажиллагааны үр дүнд наймдугаар сарын 1-нээс "Ногоон гарц"-ын журам үйлчилж эхлэхээр болж байна. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх хүрээнд жолооч нарын орох, гарах хөдөлгөөнийг зохицуулах тодорхой заалтууд багтсан журам юм. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас УОК-ын тогтоол гаргуулахаар төсөл оруулсан. Дараагаар нь Засгийн газарт өргөн барина.

Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүний экспорт мэдэгдэхүйц нэмэгдэх нөхцөл байдал харагдаж байна" гэлээ.