Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгийнхэн Эрүүл мэндийн яаманд 10 000 ширхэг амны хаалт хандивлан “Ковид-19”-н тархалтаас урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлжээ.
Энэ сарын 8-ны өдөр Бурханы сүмийн итгэгчид өөрсдийн гараар хийсэн 5 000 ширхэг даавуун амны хаалт болон нэг удаагийн хэрэглээний 5 000 ширхэг маск, нийт 10 000 ширхэг амны хаалтыг хүлээлгэн өглөө. Бурханы сүмийн итгэгч нар Засгийн газраас тогтоосон халдварт өвчнөөс сэргийлэх хорио цээрийн дүрмийг ягштал дагаж мөрдөн, гэр гэртээ амны хаалт хийжээ.
Уг хандивыг хүлээж авах арга хэмжээнд оролцсоон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ: “Дэлхий нийтээрээ хүнд хэцүү байгаа энэ үед улс нийгмийнхээ төлөө сайн дурын ажилд манлайлж Бурханы сүмийнхэн халдварт өвчний үед хамгийн их хэрэглэгддэг маск хандивлаж байгаад чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлье. Энэ үеийг бүгд сэтгэл нэгдэж хүчтэй байж даван туулах учиртай. Та бүхэн ч бас бидэнтэй хүчээ нэгтгэж байгаад маш их баярлалаа” хэмээн баяртайгаар хүлээн авлаа. ХӨСҮТ-н ерөнхий захирал Д.Нямхүү, ЭМЯ-ны ОНХТШУХ-н дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-н тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нарт Бурханы сүмийн удирдлага, итгэгч нарын төлөөл 10 000 маскийг гардуулан өгчээ.
Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг нь Монгол улсад 2006 оноос хойш тасралтгүй сайн дурын үйлс явуулж ирсэн. Тухайлбал хандивын аян, байгаль орчин цэвэрлэх сайн дурын аян, цусны донорын хөдөлгөөнийг жил бүр өрнүүлэн “Алгасал баяр”-н хайр дамжуулах олон сайн дурын тусламжын ажлыг хөрш, нийгэмдээ үзүүлж нийгэмд гэрэл түгээхээр хичээж байгаа хамт олон юм.
Бурханы сүмийн холбогдох хүн хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тэргүүн шугамд тэмцэж явсан хүмүүсийн нөр их зүтгэлд чин сэтгэлээсээ талархаж байна. Үндэсний хэмжээний хямрал болж байгаа энэ цагт бид өчүүхэн ч болтугай туслалцаа үзүүлэхсэн гэсэндээ итгэгчид маань сэтгэлээ нэгтгэсэн юм. Энд олон итгэгчдийн маань сэтгэлийн хандив нэгдсэн бөгөөд гараар хийсэн даавуун маск болон нэг удаагийн хэрэглээний 10 000 маск нь хүнд хэцүү цагт жаахан ч гэсэн нэмэр болох байх гэж найдаж байна. Хүн амын дийлэнх хувь нь Улаанбаатар хотод төвлөрдөг, хүм амын нягтаршилт ихтэй болохоор халдвараас урьдчилан сэргийлэхэд хэрэгтэй гэсэн утгаар амны хаалт хандивлах болсон юм. Ковид 19-н хямралыг даван гарах тэр өдрийг хүртэл бүх иргэд маань эсэн мэнд, эрүүл саруул амьдраасай” хэмээн хэлж байлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!