Азийн Хөгжлийн Банк (АХБ) шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ээр үүсгэгдсэн цар тахлын эрүүл мэндийн салбар болон эдийн засагт үзүүлж буй ноцтой сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газарт 100 сая ам.долларын зээл олгохоор шийдвэрлэлээ.
“Коронавируст халдварын тохиолдлыг цөөн тоонд, үр дүнтэй хязгаарлаж байгаа Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг сайшааж байна” хэмээн АХБ-ны Ерөнхийлөгч Масацугу Асакава мэдэгдээд “Гэвч цар тахлаас үүдсэн хямралын эдийн засагт учруулах сөрөг үр дагавар үлэмж их, нийгмийн эрүүл мэндийн эрсдэл өндөр хэвээр байна. Иймд АХБ-ны энэхүү дэмжлэг нь хүн амын эмзэг бүлэг болон аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх нэн чухал тусламж дэмжлэгийг санхүүжүүлэх, эдийн засагт цар тахлын үзүүлэх сөрөг нөлөөг зөөлрүүлэх, эрүүл мэндийн салбар, нийгмийн хамгааллын чиглэлд үүсээд буй санхүүгийн хэрэгцээ шаардлагыг хангах Засгийн газрын үйл ажиллагаанд чухал дэмжлэг болно” хэмээн онцолжээ.
Цар тахал Монголын эдийн засагт ноцтой хүндрэл учруулж байна. Дэлхийн эдийн засгийн болон эрдэс түүхий эдийн зах зээлийн өнөөгийн огцом уналт, савлагаа нь төсвийн орлогыг бууруулж, төлбөрийн тэнцлийн дарамт, санхүүгийн салбарын эрсдлийг нэмэгдүүлж байна. Ийм нөхцөлд ялангуяа эмэгтэйчүүд болон бичил, жижиг бизнесүүд сөрөг нөлөөнд хамгийн ихээр өртөхөөр байна.
Дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөвний нэгийг, экспортын 90 гаруй хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбараас нэн хамааралтай Монгол Улсын эдийн засаг эрдэс түүхий эдийн үнийн савалгаанд хэт эмзэг, мэдрэмтгий хэвээр байна. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт огцом саарсан нь тус улстай хийх гадаад худалдаанаас ихээхэн хамааралтай Монгол Улсын хувьд экспортын барааны үнийг огцом бууруулж, тээвэр, аялал жуулчлал, жижиглэнгийн худалдаа, үйлчилгээний салбаруудад хүндрэл учруулж байна.
Ийм нөхцөлд Засгийн газар Мөчлөг Сөрсөн Хөгжлийн Санхүүжилтийн Хөтөлбөрийг энэ оны гуравдугаар сарын 27-ны өдөр эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд COVID-19 цар тахлын сөрөг нөлөөг бууруулах 1.8 тэрбум ам.доллараар хэмжигдэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
АХБ-ны COVID-19 Цар Тахлын Эсрэг Шуурхай Арга Хэмжээний Хөтөлбөр (ШАХХ) нь АХБ-ны Мөчлөг Сөрсөн Дэмжлэг Үзүүлэх Хэрэгсэлийн хүрээнд санхүүжигдэх бөгөөд АХБ-наас энэ оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр зарласан COVID-19 цар тахлын эсрэг хөгжиж буй гишүүн орнуудад хэрэгжүүлж буй хариу арга хэмжээг дэмжих зорилготой 20 тэрбум ам.долларын өргөжүүлсэн санхүүжилтийн нэг хэсэг болж хэрэгжих болно.
Уг хөтөлбөр нь COVID-19 цар тахлын халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх арга хэмжээг агуулсан Цар Тахлаас Урьдчилан Сэргийлэх, Хариу Арга Хэмжээний Үндэсний Төлөвлөгөө зэрэг Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ болон хүн амын ядуу, эмзэг бүлэг, өрхүүд болон аж ахуй нэгжүүдэд зорилтот хэлбэрээр олгох мөнгөн тусламж, шилжүүлэг болон бусад нийгмийн хамгааллын арга хэмжээг багтаасан Мөчлөг Сөрсөн Хөгжлийн Санхүүжилтийн Хөтөлбөрийн хэрэгжилтийг тус тус дэмжих юм.
АХБ цар тахал дэгдэж эхэлсэн цагаас эхлэн Монгол Улсад олгосон санхүүжилтүүд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!