Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

АХБ-наас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 30 сая долларын нэмэлт санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Азийн хөгжлийн банк (АХБ) шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ээр үүсгэгдсэн цар тахлын эсрэг бэлэн байдал болон хариу арга хэмжээг дэмжих зорилгоор Монгол Улсад хэрэгжиж буй эрүүл мэндийн салбарын төсөлд 30 сая ам.долларын нэмэлт санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ. 

Монгол Улсын эрүүл мэндийн салбар эмзэг хэвээр байна

“Монгол Улсын Засгийн газар COVID-19-ыг тархаахгүй байх тал дээр үр дүнтэй арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа хэдий ч халдварын тохиолдлын тоо нэмэгдэх эрсдэл өндөр хэвээр байгаа төдийгүй ирээдүйд гарч болзошгүй халдварт өвчний тархалт болоод нийгмийн эрүүл мэндийн бусад онцгой нөхцөл байдал үүсэхэд Монгол Улсын эрүүл мэндийн салбар эмзэг хэвээр байна” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран хэллээ.

Мөн тэрбээр “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр”-5 төсөлд олгож буй энэхүү нэмэлт санхүүжилтээр эмнэлгийн гол тоног төхөөрөмжүүдийг сайжруулах бөгөөд ингэснээр ирээдүйд гарч болох аливаа эрсдэлт нөхцөл байдалд бэлтгэлтэй байх, халдвар гарсан тохиолдолд түүнийг тархаахгүй байлгах зэрэгт чухал нөлөөтэй хэмээн онцлон тэмдэглэв. 

Гадаад улс орнуудад 150,000 гаруй Монгол иргэн бий

Халдварт өвчин тархаж эхэлсэн энэ оны нэгдүгээр сарын дунд үеэс Засгийн газар вирусийн халдварыг Монгол Улсын нутаг дэвсгэрт тархаахгүй байх талаар хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд зөвхөн гадны улс орнуудаас ирсэн иргэдээс халдварын тохиолдол илэрсэн бөгөөд тооны хувьд ч харьцангуй бага байна. Гэсэн хэдий ч Засгийн газрын тооцоолж буйгаар гадаад улс орнуудад 150,000 гаруй Монгол иргэн оршин суугаа бөгөөд тэгдээрийн 9,900 орчим нь халдварын тархалт өндөртэй байгаа улс орнуудаас эх орондоо нэн даруй эргэн ирэх хүсэлтээ илэрхийлээд байна.

Улсын нийт хүн амын 20 хувь (772,000 гаруй иргэн) нь COVID-19-ийн халдвар авах өндөр эрсдэлтэй хэмээн Засгийн газар тооцоолсон байна. Үүний дотор ахмад настан болон архаг хууч өвчтэй хүмүүс нэн эмзэг бүлэгт хамаарч байна. Гэвч эмнэлгийн тусламж үйлчилгээ авах өвчтөний тоо огцом өсөх тохиолдолд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хангамж хэрэгслийн дутагдал үүсэхээр байна. Тиймээс өвчлөлийг тандан судлах, оношлох тогтолцоог сайжруулаагүй нөхцөлд Монгол Улс COVID-19-ийн тохиолдлын тоо хурдацтай нэмэгдэх болон нийгмийн эрүүл мэндийн бусад онцгой нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй орны тоонд байсаар байна. 

АХБ “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр”-5 төслийн санхүүжилтийг 2012 оны арванхоёрдугаар сард анх баталсан бөгөөд цус сэлбэлтийн аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн хог хаягдлын менежментийг сайжруулах, эмнэлгийн халдвар хамгааллын чадавхыг бэхжүүлэх 38.38 сая ам.долларын өртөг бүхий энэхүү төсөлд 30 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг АХБ-аас олгож байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 480 мянган ам.долларын хамтарсан санхүүжилтийг уг төсөлд олгосон.

Нэмэлт санхүүжилтийг юунд зарцуулах вэ?

Нэмэлтээр баталж буй санхүүжилт нь улсын хэмжээний хоёр болон гурав дахь шатлалын эмнэлгүүдийн ариутгал халдваргүйжүүлэлтийн тасгуудыг шинэчлэх, эмнэлгүүдийн COVID-19 халдварыг оношлох, эмчлэх чадавхыг сайжруулах, үүний дотор эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээ болон яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх чадамжийг дээшлүүлэхэд чиглэгдэнэ. Мөн төслийн санхүүжилтийн үр дүнд Улаанбаатар хотод эм, эмнэлгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулах юм.

АХБ нь цаашид хамтран ажиллах боломжуудыг тодорхойлох, төсөл хөтөлбөрийн давхацлаас сэргийлэх үүднээс эрүүл мэндийн салбарын гадаадын зээл тусламжийг зохицуулах хороогоор дамжуулан хөгжлийн бусад түнш байгууллагуудтай нягт уялдаатай ажиллах болно. 

Цар тахал дэгдэж эхэлсэн цагаас АХБ Монгол Улсад хэд хэдэн төрлийн дэмжлэгийг үзүүлээд байна. Тухайлбал, энэ оны хоёрдугаар сард одоо хэрэгжиж буй зээлийн санхүүжилтээс нэн хэрэгцээтэй эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг худалдан авахад зориулж 1.4 сая ам.долларыг дахин хуваарилах шийдвэрийг гаргасан бол гуравдугаар сард халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний хяналт тандалтыг хэрэгжүүлэх үндэсний чадавх, тогтолцоог дэмжих 225 мянган ам.долларын техник туслалцааны төсөл хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан. Мөн гуравдугаар сарын 26-нд COVID-19-ийн эсрэг тэмцэлд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах болон бусад шаардлагатай дэмжлэгт зориулан Ази Номхон далайн гамшгийн хор уршгийг арилгах сангаас 1 сая ам. долларын буцалтгүй тусламжийг олгохоор шийдвэрлэсэн. 

Цаашид 100 сая ам.долларын санхүүжилт бүхий мөчлөгийн эсрэг хөтөлбөрийн зээлийг олгохоор ажиллаж байна  

Түүнчлэн АХБ нь Засгийн газрын хэрэгжүүлж буй COVID-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, түүний эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах үйл ажиллагааны багцыг дэмжих зорилготой 100 сая ам.долларын санхүүжилт бүхий мөчлөгийн эсрэг хөтөлбөрийн зээлийг олгохоор ажиллаж байна.  

АХБ-аас COVID-19-ийн чиглэлээр Монгол Улсад хэрэгжүүлж буй эдгээр тусламж, дэмжлэг нь 1992 оноос эхлэлтэй бөгөөд эрүүл мэндийн салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн арвин туршлагад тулгуурлаж байгаа юм. АХБ нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжигч тэргүүлэгч түнш бөгөөд өнөөг хүртэл тус салбарт зээлийн 7 төсөл, буцалтгүй тусламжийн 8 төсөл, техник туслалцааны 16 төслийг тус тус хэрэгжүүлснээс 5 нь одоогоор хэрэгжилтийн шатандаа явж байна.  

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.