Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал өргөтгөсөн байдлаар зохион байгуулагдаж АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески оролцож мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн хуралд оролцох боломж олгосонд баярлалаа. АНУ-ын Засгийн газраас COVID-19 халдварын эсрэг хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 3.3 тэрбум төгрөгийн тусламж өгч байгааг би энд зарлаж байна.
АНУ-аас үзүүлж буй уг тусламжийг эрсдлийн үед иргэдийн болон мэдээлэл харилцаа холбооны бэлэн байдлыг дээшлүүлэх, нэн шаардлагатай байгаа материалаар хангах, усны хангамж, эрүүл ахуйн үйлчилгээг сайжруулах, мэдээлэл цуглуулах, дүн шилжилгээ хийхэд ЭМЯ-нд дэмжлэг үзүүлэхэд зориулна.
COVID-19 халдвар хүн бүрийн санааг зовоож байна. АНУ зөвхөн дотоодоо төдийгүй дэлхий дахинд COVID-19 халдварыг хазаарлан барихын тулд ажиллаж байгаа. Монгол Улсын засгийн газрын өнөөг хүртэл авч хэрэгжүүлж байгаа ажилд өндөр сэтгэгдэл төрж байна" гэдгийг хэллээ.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хaйкенс "Юуны түрүүнд COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах ажлыг зохион байгуулж, ажиллаж буй хүмүүст талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газраас маш шуурхай шийдвэрүүдийг гаргаж байгаа тул халдварын дэгдэлт гарахгүй үр дүнтэй байна. Гэхдээ цаашид ч маш анхааралтай ажиллах ёстой. Тийм учраас АНУ-аас үзүүлж байгаа энэ тусламжийг цагаа олсон гэж тодорхойлж болно. Уг тусламжийн ачаар НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ, ЭМЯ хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа цаашид илүү өргөн далайцтай хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Уг тусламжийн хүрээнд хэд хэдэн чиглэлд хийгдэх ажлыг би онцолж хэлмээр байна. Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхэд, жирэмсэн эхчүүд, асран хамгаалагчид, үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгайлан зориулсан мэдээллийг боловсруулж үндэсний хэмжээнд түгээх болно. Мэдээлэл нь халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх үнэн бодит агуулгатай байна. Мөн үндэсний хэмжээнд гар угаах кампанит ажлыг явуулна. Энэ ажлын хүрээнд нэн шаардлагатай саван, гар ариутгагч, эрүүл ахуйн хэрэгслээр хангах юм.
Дээр дурдсан ажлуудаас гадан НҮБ-ын Хүүхдийн сангаас авч хэрэгжүүлж байгаа ажлуудаа үргэлжлүүлнэ. Тухайлбал, сургууль цэцэрлэг хаагдсантай холбоотойгоор хүүхдүүд хараа хяналтгүй гэрт үлдэж байгаа. Мөн орлогоо алдаж буй гэр бүлүүд сэтгэл зүйн хувьд асуудалтай тулгарч байгаа учраас тэднийг дэмжих чиглэлээр ажиллана" гэв.
Хэвлэлийн бага хурлын үеэр:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!