Улсын Онцгой Комиссын 13 дугаар хуралдаан өнөөдөр болж хэд, хэдэн чухал шийдвэр гаргажээ.
Тухайлбал, их, дээд сургууль болон коллеж, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгах шийдвэр гаргалаа.
Одоо Засгийн газрын хуралдаанаар эцсийн шийдвэрийг гаргана.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Энэ жилийн хичээл сургуулийн үйл ажиллагааг зургаадугаар сарын 15-н хүртэл үргэлжлүүлээд их, дээд сургуулийн хичээлийн жилийг наймдугаар сарын 15-наас, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр хичээлийн жилийн бүтцийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж зохицуулалт хийж байна" гэв.
Гэхдээ энэ нь халдварын нөхцөл байдал дээрдэж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 30-наас эхэлсэн тохиолдолд наймдугаар сарын 15-наас хичээл орно гэж ойлгох хэрэгтэй, нөхцөл байдал энэ хэвээр үргэлжлэхийг үгүйсгэх аргагүй гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин анхаарууллаа.
"Их дээд сургуульд элсэгчдээс авах ЭЕШ-ыг сонгуулийн дараа буюу 2020 оны долдугаар сарын 2-ны өдөр эхлүүлж, долдугаар сарын 5-ны өдөр дуусгахаар болсон.
Их дээд сургуулиудын элсэлтийг долдугаар сарын 7, 8-ны өдөр зохион байгуулахаар болсон" гэдгийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нэмж хэлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!