Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

ЕТГ-ын дарга З.Энхболд албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаагаа мэдэгдлээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

Тэрбээр мэдээллийнхээ өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаагаа мэдэгдлээ. Түүний оронд Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир томилогдож байгаа юм байна. 

З.Энхболд "Янз бүрийн цуурхал гарч байна. Сонгууль гурван сарын дараа болно. Би амиа бодмоор байна. Өнгөрсөн сонгуулиар онгоцоор улс тойрсоор байгаад өөрөө унасан. Одоо аль нэг тойргийг сонгож очоод, тэндээ бэлдмээр байна" гэв. 

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

-Та хаанаас нэр дэвших вэ. Ерөнхийлөгчтэй түнжин муутай байгаа гэсэн үнэн үү?

-Хаанаас ч дэвшиж магадгүй. Судалгаа хийнэ. Би АН дээр ямар нэгэн албан тушаал дээр очихгүй. Энэ оны нэгдүгнээр сарын 1-нээс эхлэн С.Эрдэнэ даргын орон тооны бус ахлах зөвлөх болсон. Тэр ажлаа хийнэ. 
Ерөнхийлөгчтэй эв түнжин сайтай байгаа. Миний оронд Хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир ирнэ. 

-Өвөрхангай аймагтай холбоотой Цензургүй сурвалжлага нэвтрүүлгийг таныг захиалж хийлгэсэн гэсэн хардлага байгаа? 

-Би тэр нэвтрүүлгийг үзсэн. Би Өвөрхангай аймгийг төлөөлж найман жил парламентад суусан. 
Миний үеийн гишүүд Өвөрхангай аймагт очоод Я.Содбаатар гишүүн шиг тендер авсан гэж та нар огт сонсоогүй байх. Бид тендерт оролцдог ёс зүйгүй гишүүд байгаагүй. 

Сүүлийн дөрвөн жил замбараагаа алдсан байна. Тиймээс би тэр нэвтрүүлгийг зөв гэж бодож байгаа. 

-НДС-гийн мөнгийг байршуулж байсан Капитал банк дампуурч, үүнтэй холбоотой зарим хүнийг шалгаж байгаа. Энэ талаар?

-НДС-гийн мөнгө хэний үед алга болсноор нь шалгах хэрэгтэй. Капитал банкинд өмнө нь байршуулсан мөнгө өсч байсан. НДЕГ-ын дарга байсан Ц.Уртнасан, ХНХ-ын сайд байсан Н.Номтойбаяр нарын үед Капитал банк доголдоогүй.

2012-2016 оны үед НДС-гийн мөнгийг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. С.Чинзориг сайдын үед банкны байдал муудлаа гэж сануулсаар байтал мөнгөө аваагүй учраас алга болсон. С.Чинзоригийн буруу.

-Иргэн Г.Буяндоржийн өргөдлийг яагаад та хүлээж авсан юм бэ?  

-Г.Буяндоржийн өргөдлийг би яагаад хүлээж авсан гэхээр тэр хүн гурван шатны шүүхээр яваад цагаадсан юм байна. Тэр хүнийг шүүх гэмт хэрэг хийгээгүйг нь нотлосон учраас хэлмэгдүүлж байсан. Өөрийг нь хэлмэгдүүлсэн хүмүүст хариуцлага тооцуулъя гэсэн ч одоогийн прокурорууд хариуцлага тооцоогүй. Тиймээс прокурорыг томилдог Ерөнхийлөгчид хандсан. Тэр хүний сайн уу муу юу гэдэг бол дараагийн асуудал. 

-АН нэр дэвшигчдээс 100 тэрбум төгрөг авч байж нэр дэвших эрхийг нь өгнө гэж байна. Энэ нь 60 тэрбумын гэх хэргээс ямар ялгаатай юм бэ? 

-100 саяын асуудал дээр АН-ыг сайшаах ёстой. Хэнээс хэдэн төгрөг аваад санхүүгээ босгож байгаагаа ил зарлаж байгаа анхны нам. АН-ын санхүүг үзвэл хэн гэдэг нэр дэвшигчид хэн хэдэн төгрөг өгсөн нь нээлттэй бий. Дэлхий даяар улс төрийн намууд хандиваа ингэж л авдаг. 
Манай улсын хувьд нэр дэвшигчээр бүртгүүлээд үнэмлэхээ авахаас нааш данс нээлгэж хандив авч болдоггүй. Гэхдээ Улс төрийн намын тухай хуулиар намууд аль ч үед хандив авч болно. 

Жишээ нь би 40+30 сая төгрөгөө хандиваар цуглуулсан. З.Энхболд гэдэг хүнд хандив өгч болохгүй учраас АН-д хандив өгөөч гэдэг уриалга гаргасан. Хувь хүн нэг сая хүртэл, ААН 10 сая хүртэл төгрөгийн хандив өгөх эрхтэй. 70 хувь хүн эсвэл долоон ААН-ээс 70 сая төгрөг бүрдүүлээд өгсөн. Би хувиасаа нэг ч төгрөг өгөөгүй. 

Ямар ч хууль зөрчөөгүй, ямар ч албан тушаал худалдаагүй. Энэ бол хуулиар зөвшөөрөгдсөн арга. Хандив өгсөн хүмүүс надаас ямар нэгэн зүйл шаардах эрхгүй. Тэр хүмүүс ямар нэгэн албан тушаалд очихгүй. 

-АН-аас нэр дэвшигчиддээ ямар шаардлага тавьж байгаа вэ? 

-АН залуучууд, эмэгтэйчүүдээ дэмждэг бодлого пропорцианаль системтэй хамт алга болсон. Одоо 15 хүртэл эмэгтэй гишүүн дэвшүүлэх эрхтэй байгаа. 

АН-аас нэр дэвших гэж байгаа 76 хүний 75 хувь нь өмнө нь гишүүн байгаагүй хүмүүс бий. ¾ нь цоо шинэ хүн. Над шиг гишүүн байсан хүн 10 гаруй л бий. Дээр нь одоогийн долоон гишүүн нэмэгдэнэ. Манай нам цоо шинэ хүмүүсийг нэр дэвшүүлнэ. 

-Та өнгөрсөн сонгуулиар АН-ыг сонгуульд бэлдээд унагаасан. Энэ удаад сонгуулийн ажилд оролцох нь хэр зохистой юм бэ?

-2012-2016 оны сонгуулийн ялагдлыг би хүлээгээд ажлаа өгсөн. Сонгуулийн өмнөх саруудад рейтинг харьцангуй байсан. Сонгуулийн эцсийн өдөр Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж хоёр “Эрдэнэт”-ийг Худалдаа хөгжлийн банканд өгснөөс болоод бид ялагдсан. 

Ц.Элбэгдорж зорилготойгоор “Эрдэнэт”-ийн 49 хувийг зараад, түүнийгээ зарлуулж, АН-ыг ялагдуулсан. Ямар зорилго байсныг өөрсдөөс нь асуугаарай. Бодвол Эрдэнэс Тавантолгойг Ц.Элбэгдоржийн найз Ж.Оджаргалд өгөөгүйн хонзонг авсан биз. 

-Ч.Сайханбилэг гаднаас иргэншил хүссэн гэдэг мэдээлэл байсан?

-Ч.Сайханбилэг иргэншил хүсээд, гадаадын хуулийн компанид хандсан. Мөн манай ГХЯ-нд мэдэгдсэн байсан. Ч.Сайханбилэг ирээд шалгуулаад үнэн зөвөө олчих хэрэгтэй. Зугатаах шаардлагагүй.