Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж байгаа тухай мэдээлэл Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны цахим хуудаст нийтлэгдсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ.
Харин Ч.Сайханбилэг өөрийн фэйсбүүк хуудастаа "Гүтгэлэг бүхэнд хариулт өгнө. Зугтаасан гэх зохиолтой жүжиг хэзээ дуусах вэ? Өмгөөлөгчөөрөө дамжуулж тогтмол хууль хүчний байгууллагатай холбоотой ажиллаж байгаа. Улс төрийн зохиомол жүжгийн гол дүр нь болж хэлмэгдэх ёстой бол төрийн хамгаалалт нь хамт явж байгаа эхлээд та бүхэн шаардлагын дагуу шалгалтаа хийнэ үү?" хэмээн бичсэн байна.
Ч.Сайханбилэгийн ойрын эх сурвалжийн хэлснээр тэрбээр АНУ-д байгаа бөгөөд тун удахгүй Монголд ирж, албан ёсоор мэдээлэл хийнэ гэв.
Уг хэргийн талаар эргэн сануулахад, түүнийг Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурахдаа албан тушаалаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй хэмээн АТГ болон ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгээс яллагдагчаар тооцон шалгаж эхэлсэн юм.
Хэсэг хугацаанд цагдан хоригдсон түүнийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс батлан даалтад гаргаж, тодорхой хүнтэй уулзахыг хориглосон хязгаарлалт тогтоох арга хэмжээ аваад байсан юм. Гэвч 2019 оны наймдугаар сард хэрэг шалгаж буй ажлын хэсгийнхэнд мэдэгдэлгүй хилээр гарч, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж буй учраас эрэн сурвалжлах болсон.
Хэдийгээр Ч.Сайханбилэг 2019 оны арванхоёрдугаар сарын 21-нд эх орондоо очно хэмээн мэдэгдэж байсан ч амласан хугацаандаа ирэлгүй өдий хүрээд буй. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд “гэр бүлийнхээ гишүүнийг гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон” хэмээн хилийн хоригоо цуцлуулах хүсэлт гаргасан байна.
Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хүсэлтийг хүлээн авч хилийн хоригийг нь цуцалсан байдаг. Түүнийг эх орондоо буцаж ирэхэд нь мөрдөн шалгах болон прокурорын байгууллагаас хилийн хоригийг нь сэргээх хүсэлт шүүхэд хүргүүлсэн ч шүүгч хүлээн авахаас татгалзсанаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хил давсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!