Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Гэрэлтуяа: Аутизмтай хүүхэдтэй ажилладаг багш, эцэг, эхчүүд туршлагаа түгээж байна

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын Аутизмын Холбоо, Гэрэлт Оюун хүүхдүүд ТББ хамтран “Ерөнхий боловсролын сургуульд аутизмтай хүүхдийг тэгш хамруулан сургах нь” сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтад Хан-Уул, Баянгол дүүргийн ЕБС-ийн сургалтын менежер, нийгмийн ажилтан, бага ангийн багш нийт 85 хүн хамрагдлаа.

БСШУС-ын сайдын А/292 дугаар тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг Ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулан сургах журам” батлагдсан. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдүүд харьяа дүүргийн ЕБС-д суралцах боломж нээгдэж байгаа юм.

ЕБС-ийн сургуулийн багш нарт аутизмтай хүүхэдтэй ажиллах арга зүйн сургалт явагддаггүй,  багш нарт дээрх хүүхэдтэй ажиллах арга зүй дутмаг байдаг байна. Монголын Аутизмын холбоо, БСШУСЯ-ны бодлогын хэрэгжилтийг урт хугацаанд үр дүнтэй байлгах үүднээс багш нарыг сургах, шаардлагатай мэдлэг ойлголт, ур чадварыг олгох сургалтыг хамтран зохион байгуулж Улаанбаатар хотын 1,000 багшийг хамруулахаар төлөвлөөд байна.

 

БСШУСЯ-ны мэргэжилтэн Б.Гэрэлтуяа “Аутизмтай хүүхэд ойролцоо насны энгийн хүүхдүүдтэй хамт нэг анги танхимд байх, тэдэнтэй харилцах нь аутизмтай хүүхдийн нийгэмших, харилцах чадварыг хөгжүүлэх, амьдрах ухааны дадалд сурах хамгийн гол нь хүүхдүүд бие биенээ ойлгодог, хүндэлдэг болоход их ач холбогдолтой юм.

Манайд аутизмтай хүүхэдтэй ажиллаж байгаа  багш, эцэг, эхчүүдийн олон сайн туршлага бий. Энэ сайн туршлага, арга барилыг түгээн дэлгэрүүлэх хэрэгцээ байгаа. Энэ сургалтын зорилго бас үүнд чиглэж байгаа" гэлээ.

Монголын Аутизмын холбооны Гүйцэтгэх захирал Л.Алтангэрэл Аутизмтай хүүхдээ энгийн хүүхдүүдтэй хамт энгийн сургуульд суралцуулах олон эерэг нөлөөтэй. Иймээс багш нарыг сургаж мэдээлэл, арга зүйгээр хангах зорилготой анхны сургалтаа өнөөдөр зохион байгуулж байна.

Цаашид энэхүү сургалтад дүүрэг бүрийн багш нарыг хамруулна. Мөн Канадын аутизмын холбооны зөвшөөрөлтэйгөөр олон улсын туршлагыг багш нартаа хуваалцах Багш, эмч мэргэжилтнүүдэд зориулсан Аутизмын тухай гарын авлага номыг орчуулан энэхүү сургалтын үеэр тарааж байгаа” гэв.

Энэ хичээлийн жилд ЕБС-д тэгш хамрагдан суралцаж байгаа аутизмтай хүүхдийн багш нарын туршлага, тэдэнд гарсан бэрхшээл даван туулж байгаа зарим арга аргачлалын багш, эцэг, эхчүүд туршлага хуваалцаж байгаагаараа онцлог юм.

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зураг
1 | 35 минут