Зураг
Зураг
Индэр    
2019 оны 11 сарын 6
Зураг
iKon.mn сэтгүүлч

Аутизмтай хүүхэд боловсролд ТЭГШ хамрагдаж чадаж байна уу?

Зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Шинэ Зеландын хамгийн том супермаркетын сүлжээ дэлгүүрийн нэг аутизмтай хүүхэдтэй ажилтныхаа санаачилгаар “дуу чимээгүй цаг” буюу аутизмтай хүмүүст үйлчлэх тусгай цагийг бүх салбартаа нэвтрүүлжээ.

Энэ бол ердөө өнгөрсөн сард болсон үйл явдал юм.


Гэвч манай улсад өнгөрсөн сарын сүүлчээр Баянгол дүүргийн 51 дүгээр сургууль аутизмтай сурагчаа гадуурхан, сургах боломжгүй гэсэн тухай мэдээлэл цахим орчинд тархаад байв.

Сурагчийн аав Л.Жавхлан “Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн эцэг, эхийн групп дээр ийм асуудал гарахад чимээгүй өнгөрөөж, сургуулиас нь гаргасан тохиолдол мэр сэр байдаг юм билээ.

Тийм ч учраас энэ байдлыг ил болгосон нь зөв алхам гэж бодож байна” гэсэн юм.

Уг нь БСШУС-ын сайдын А/292 дугаар тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг Ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулан сургах журам” өнгөрсөн таван сард батлагдсан.

Харин журмын хэрэгжилт нь дутуу байв уу? Эсвэл сургуулийн удирдлага буруутай юу?

Энэ асуудлын учир шалтгааныг бид нэхэн сурвалжиллаа.

"Багш, сургуулийн удирдлага Аутизмийн хүрээний эмгэгийн талаар мэдээлэл муутай мэт санагдсан"

Тухайн сургууль дээр болсон явдын учир шалгааны талаар “Аутизмтай хүүхэд ч гэлтгүй ямар ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд энгийн сургуульд сурах нь сэтгэл санааны хувьд эерэг хандлагыг бий болгоно. 

Ер нь хүүхдээ тусгай сургуульд явуулна гэдэг нь өөрийг нь бусдаас өөр гэдгийг нь хүлээн зөвшөөрүүлж, нийгмээс тусгаарлаж байгаа л хэрэг.

Энэ ч утгаараа боловсролд тэгш хамруулах сайдын тушаал хамгийн зөв зүйл гэж бодож байна. Гэхдээ тухайн хүүхдийн сурах орчныг бүрдүүлэх тал дээр илүү анхаарч, багш нарт аутизмтай хүүхдийн талаар мэдлэг олгох хэрэгтэй байсан болов уу.

Надад багш, сургуулийн удирдлага Аутизмийн хүрээний эмгэгийн талаар мэдээлэл муутай мэт санагдсан” гэж хүүгийн аав тайлбарлав.

Манай төр, засгийн удирдлагууд аливаа тушаал, шийдвэр гаргахдаа бэлтгэл ажлаа сайн хангаагүй байж ч болох юм.

Гэхдээ багш аль ч чиглэлээр бэлтгэгдэж байгаагаас үл хамаараад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга барилд суралцаж байх ёстой аж.

Тийм ч учраас Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийн 70 гаруй хувьд “Тэгш хамруулан суралцуулах арга зүйн чиглэлийн сэдэв агуулга”-г шингээсэн тухай Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын Тэгш хамруулан суралцуулах боловсрол хариуцсан арга зүйч Ч.Жаргал ярилаа.

Түүнчлэн тус байгууллага энэ талаарх мэдээлэл сургалтыг багш нарын хэрэгцээ, тулгамдаж байгаа асуудалд тулгуурлаж хийдэг бөгөөд тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллаж буй багш, сургууль энэ чиглэлээр арга зүйн сургалт авах хүсэлтээ гаргаж хамрагдах боломж нээлттэй байдаг аж.

 

Арга зүйч Ч.Жаргал “ЕБС-ийн сургуулийн багш нарт дан ганц аутизмтай хүүхэдтэй ажиллах арга зүйн гэсэн сургалт явагдаагүй. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах онцлог гэсэн 90 минутын сургалтуудыг ЕБС-ын багш нарт зохион байгуулдаг.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт дээр зохион байгуулагдсан сургалтад хамрагдсан багш бүр энэ талаарх мэдээлэл, ойлголтыг авсан байгаа. Өнөөдөр багшаар бэлтгэгдэж байгаа бүх хүн энэ талаар мэдлэг ойлголт ур чадвартай байхгүй бол асуудал гарсаар л байх болно.

Тийм учраас МУБИС-ийн хичээлийн хөтөлбөрт Тэгш хамруулан суралцуулах боловсролын хичээлийг сонгон судлах хэлбэрээр тусгагдсан” гэв.

Харин тус журмыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын тухайд БСШУСЯ-ны Боловсролд тэгш хамруулан суралцуулах бодлогын мэргэжилтэн Б.Гэрэлтуяа "Энэ журам цагаа олоогүй гэх үндэслэл байхгүй. Учир нь Бага, дунд боловсролын хууль, Боловсролын тухай хууль болон Үндсэн хуулийн аль алинд нь хүүхдийг тусад нь сургах ёстой гэсэн ямар ч заалт байгаагүй.

Монгол Улсын иргэн хаана ч, хүссэн газраа сурах бүрэн эрхтэй” гэж байв.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг Ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулан сургах журмыг боловсруулахдаа бүх аймаг, нийслэлийн төрийн бус байгуулагуудаас санал авч, тусган оруулсан гэдгийг тайлбарлав.

Мөн БСШУСЯ, Монголын Аутизмын холбоо хамтран ЕБС-ийн багш нарт зориулсан “Ерөнхий боловсролын сургуульд аутизмтай хүүхдийг тэгш хамруулан сургах нь” сургалтыг бага ангийн багш, нийгмийн ажилтан, сургалтын менежер нийт 1,000 орчим хүнд энэ сарын 8-нд зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

"Аутизмтай хүүхдээ энгийн хүүхдүүдтэй хамт энгийн сургуульд явуулах нь ихэнх эцэг эхчүүдийн мөрөөдөл"

 

Хүүгийн үнэлгээний хариу аутизмийн хамгийн хөнгөн хэлбэр гэж оношлогдсон тухай Л.Жавхлан хэлсэн юм.

Мөн тэрбээр, “Өмнө нь миний хүү тавдугаар цэцэрлэгт сурч байсан. Тэр үед багш нь арай өөр хүүхэд гэдгийг нь хэлж байсан ч сургаж чадахүй гэх зүйл огт ярьж байгаагүй.

Тийм ч учраас сургуулийн удирдлагад аутизмтай гэдгийг нь л хэлээгүй байсан юм.

Энэ асуудал дээр би багш эсвэл сургуулийг шууд буруутгаж чадахгүй. Учир нь тухайн багш ганц миний хүүхэдтэй биш, дахиад 40 гаруй хүүхэдтэй ажилладаг учраас хүндрэлтэй байсан байж болох юм.

Хэдхэн хоногийн өмнө сургуулийн удирдлага, салбарын мэргэжилтнүүд надтай ярилцаж цаашид хамтарч ажиллахаар болсонд баяртай байна.

Миний хувьд хүүгийн минь сайн эсвэл муу сурах нь хамаагүй зүгээр л бусад хүүхдүүдийн адил буруу, зөвийн тухай ойлголтыг л мэдэж авах нь л чухал. Зөвхөн аутизмтай ч гэлтгүй тусгай хэрэгцээт хүүхэдтэй ямар ч эцэг, эх магадгүй үүнийг л хүсдэг байх” гэлээ.

Энэ тухай Монголын Аутизмын холбоо ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Жавзандулам хэлэхдээ “Аутизмтай хүүхдээ энгийн хүүхдүүдтэй хамт энгийн сургуульд явуулах нь ихэнх эцэг эхчүүдийн мөрөөдөл. Аутизмтай хүүхэд ойролцоо насны энгийн хүүхдүүдтэй хамт нэг анги танхимд байх, тэдэнтэй харилцах нь аутизмтай хүүхдийн нийгэмших, харилцах чадварыг хөгжүүлдэг” гэв.

Тэр өөрийнхөө хүүг дөрвөн жилийн өмнө аутизмын хүрээний эмгэгтэй гэж оношлуулсан бөгөөд долоон нас хүртэл нь Анд Аутизм Монгол ТББ-ын дэргэдэх "Анүүлэн Аз Жаргал" гэдэг тусгай цэцэрлэгт явуулж байгаад энэ жилээс ХУД-ийн 52-р сургуульд оруулсан гэдгээ ч нуугаагүй юм.

 

Түүний хүү одоо 50 хүүхдийн хамт суралцах болсноор зан, төлөвийн хувьд ч гэсэн олон эерэг өөрчлөлт илэрч байгаа тухай ярьж байв.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын арга зүйч Ч.Жаргал “Хэрвээ тухайн сургууль аутимзтай хүүхэд сурна гэдгийг мэдсэн бол урьдчилаад арга хэмжээ авах боломжтой байсан.

Сайдын А/292 тушаалд ч зааснаар “Сургуулийн дэмжлэгийн баг” тухайн хүүхдийг сургуульд ирэхээс өмнө орчноо тохируулж, манайд хандан багшийн арга зүйг бэлдсэн байх ёстой байсан.

Ер нь А/292 тушаал хэрэгжихээс өмнө ч гурван сайдын хамтарсан тушаалд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх заавар” эрх зүйн баримт бичиг байсан.

Түүнд тухайн хүүхдийг сургуульд элсэхээс өмнөх тохируулгыг нь нь сургууль хийсэн байх шаардлагатай байдаг. Тиймээс эцэг эхчүүд, хүүхдийнхээ ямар онцлогтойг хэлэх нь зүйтэй” гэж байсан юм.

Өнөөгийн байдлаар бүх хүн тусгай хэрэгцээт боловсролын мэдлэг хомс. Тиймээс үлгэрчилсэн чиглүүлсэн зүйлсийг л гаргаж өгөх нь зүйтэй болов уу.

Энэ талаар мэргэжилтэн Б.Гэрэлтуяа “Мэдээж бид сэтгэл зүйн орчинг бүрдүүлэх буюу хүмүүсийн хандлагыг өөрчлөх ажил хэрэгтэй. Энэ ажил бол зөвхөн БСШУСЯ-ны ч ажил биш бөгөөд бүх л яамдууд, иргэд оролцох ёстой.

Бидний яриад байгаа энэ тогтоол, шийдвэрүүд мэдээж тэгш байдлыг л бий болгож, хүмүүсийн хандлагыг өөрчлөхөд л чиглэж байна. Хэчнээн эрх зүйн баримт нь гарсан ч гэсэн багш нар түүнийгээ уншиж сайн судлаагүй тохиолдол гарч байна” гэсэн тайлбар өгөв.

"Гол нь сургууль, багш нарыг эцэг эхийн зүгээс дэмжиж, гар нийлж ажиллах хэрэгтэй санагдсан"

Бид хүүхдээ энгийн сургуульд явуулахаар шийдсэн эцэг, эхчүүдэд дэмжлэг болох үүднээс Монголын Аутизмын холбоо ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Жавзандуламаас дахин тайлбар өгөхийг хүссэн юм.

Олон хүнтэй газар орсон үедээ аутизмтай ихэнх хүүхдүүд хямарчихдаг. Энэ нь мэдрэхүйн хэт ачаалалтай холбоотой аж.

Анги доторх хүүхдүүдийн яриа ч хэцүү санагддаг учраас тэдний хүү сургуулийн босго даваад л хоёр чихээ таг дарчихдаг. Хэрэв бүр тэвчихийн аргагүй болвол ангиас гарах гэж чанга чанга хашгирч эхэлдэг тухай өгүүлэв.

Тиймээс эхний ээлжинд хүүхдээ ангид ороод тайван байлгахад нь анхаарах хэрэгтэй бөгөөд хүүхдүүдэд дасгах нь магадгүй дараагийн алхам байх гээд “Гол нь сургууль, багш нарыг эцэг эхийн зүгээс дэмжиж, гар нийлж ажиллах хэрэгтэй санагдсан.

Би багштай нь зөвлөлдөж эхний ээлжинд цөөхөн цагаар хичээлд суулгаж байгаа. Хичээлийн эхний улиралд өдөр бүр ердөө нэг цаг л хичээлд нь суулгасан.

Энэ хугацаанд багш, хүүхэд хоёр бие биенээ таних, харилцан ойлгох, улмаар дасах боломжтой гэж бодсон юм.

Харин хүүгээ хичээлд суулгахаас өмнө сургуулийн орчинд дагуулж явж, аажмаар дасгасан. Одоо хүүг маань ч ангийн хүүхдүүд нь таньдаг болж, ороход нэрээр нь дуудаж мэндэлж байгаа.

Тэр үсэг бичих дуртай, хэдэн цагаар ч хамаагүй сууж бичдэг болсон нь чамлахааргүй үр дүн юм.

Яваандаа хөтөлбөрийн дагуу тоо бодож, уншиж бичиж сурна гэж бодож байна. Бага багаар ахиж, өдөр бүр суралцаж л байгаа” хэмээн ярив.

Энэ бол дан ганц аутизмтай хүүхдүүдийн Ерөнхий боловсролын энгийн сургуульд суралцаж буй, суралцахад нь тулгарсан бэрхшээлийн ердөө хоёрхон жишээ юм.  

Харин улсын хэмжээнд 2018 оны статистик мэдээлэллээр 0-18 насны хөгжлийн бэрхшээлтэй 10,660 хүүхэд байна.

Тэдгээрийг хөгжүүлэхэд магадгүй энэ тушаал хамгийн оновчтой, зөв алхам.

Гэхдээ шийдвэр гаргагчид аливаа тушаал, тогтоолыг зүгээр нэг батлаад орхих биш хэрэгжилт хүртэл нь анхаарлаа хандуулж, уялдаа холбоог төлөвлөн сайжруулах хэрэгтэй болов уу.