Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд автобусаа үйлдвэрлэж болж байхад Хятадаас үнэтэй автобус авах гэж байгааг эсэргүүцэв

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголын аж үйлдвэрийн зөвлөлөөс монголчуудын ажлын байрыг булаасан концесс буюу эх орондоо үйлдвэрлэсэн автобусуудыг хэрэглэхийн оронд импортын автобусуудад илүү мөнгө төлж оруулж ирэх гэж байгааг эсэргүүцэж өнөөдөр мэдээлэл хийлээ.  

"Засгийн газрын 59 тоот тогтоолоор 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил болгон” зарласан. Үүнээс гадна улс орныхоо эдийн засгийг төрөлжүүлэх, аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэх замаар ард түмнээ тогтвортой ажлын байраар хангаж, орлоготой болгохын тулд дараах бодлогуудыг авч хэрэгжүүлсэн. Үүнд,  

 
Гэрэл зургийг MPA.mn
  • Мянганы хөгжилд суурилсан Үндэсний цогц бодлого 2006 он
  • Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого 2010 он
  • Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал 2012 он
  • Ногоон хөгжлийн бодлого 2014 он
  • Төрөөс аж үйлдвэрийн салбарын талаар баримтлах бодлого 2016 он
  • Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2016-2030 он
  • Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны мөрийн хөтөлбөр

Зэрэг бодлогын баримт бичиг, хууль эрх зүйн актууд батлагдан гарсан байдаг.

Гэтэл Төрийн албаны тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж, Хятад улсаас импортын бараа бүтээгдэхүүнийг өндөр үнээр худалдан авч байна.

Монголчуудын эх орондоо угсарч үйлдвэрлэсэн, Үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж болох "Монгол машин байгууламж" болон "Монгол машин индустриалХХК-ийн хамтран үйлдвэрлэсэн "МОН-30" загварын цахилгаан автобусыг ашиглахгүй байна.

Монголчуудын үйлдвэрлэсэн цахилгаан автобусуудыг үйлчилгээнд явуулахгүй нэг жил гараашд зогсоож байна. Гэтэл "City public transport corporation" гэх компани Хятад улсаас 1,450 ширхэг цахилгаан автобусыг 854 тэрбум төгрөгөөр буюу нэг автобусыг 720 саяар оруулж ирэх төсөл бичиж, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд танилцуулаад, дэмжээд явж байна. Оруулж ирэх ирэхдээ концессын гэрээгээр оруулна гэж яригдаж байгаа. Энэ нь манай монголчуудад өр болно. Өрийг ард түмний татварын мөнгөнөөс л төлж таарна" гэж “Монгол машин индустриал" компанийн инженер М.Гэрэлчулуун хэлэв.

Монгол инженерүүдийн ур ухаанаа зарж хийсэн цахилгаан автобус нэг нь 510 сая төгрөгөөр бүтсэнээс гадна ажлын байр бий болгож буй. 

Гэтэл үнийн хувьд ч ийм зөрүүтэй автобус импортоор оруулж ирэх гэж зүтгээд байгааг эсэргүүцэж байгаагаа инженерүүд энэ үеэр илэрхийлсэн юм. 

 
Гэрэл зургийг MPA.mn

"Монгол машин индустриал" ХХК-ийн инженер Г.Болорсүх "Монгол инженерүүд 2006 оноос хойш машинт үйлдвэрлэлийн салбарыг өргөжүүлэхийн төлөө ажиллаж эхэлсэн. Харин энэ бүхэн үнэхээр монгол инженерүүдийн зоригийг мохоож байна. Бидний угсарч үйлдвэрлэсэн 70 гаруй тээврийн хэрэгсэл амжилттайгаар иргэдэд үйлчилж байгаа. Гэтэл яагаад автобус импортоор оруулж ирнэ гэж? Төр засаг залуу үедээ үнэхээр халгаатай байна.

Үүний тод жишээ нь 2016 онд нам солигдоход олон залууг сольж, халсан. Би энэ салбарт 10 гаруй жил үнэнчээр зүтгэхдээ анх удаа улс төрийн байдлаас болж ажлаа өгсөн. Хийж бүтээж байгааг нь дэмжих ёстой байтал ингэж болохгүй. Анх амлахдаа 400-аас доошгүй автобусаар дотоодын үйлдвэрүүдээс авч парк шинэчилнэ гэсэн. Гэтэл 1,450 автобусыг Хятадаас авах гэнэ. Иймд амлалтандаа хүрэх эсэхийг бүгд хамтдаа харах хэрэгтэй" гэв.