Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

М.Болдбаяр: Үзэмжгүй барилгуудыг чимж байгаад хүмүүс баяртай байдаг

Б.Отгонзаяа, Үндэсний шуудан
2019 оны 10 сарын 10
Үндэсний шуудан
Зураг зураг

Хотын хаа нэгтээ ханан дээр зурсан өвөрмөц, сонирхол татахуйц зураг харагддаг. Харах бүр үүнийг хэн ингэж гоё зурав аа гэх бодол эрхгүй төрнө. Манай улсад “Стрийт арт” буюу гудамжны урлаг жил ирэх тусам хөгжиж, түүнийг дэлгэрүүлж буй чөлөөт уран бүтээлчид цөөнгүй.

Их хотын үзэмжид өнгө нэмж, “Стрийт арт” урлагийг хөгжүүлж буй граффити зураач М.Болдбаяртай цөөн хором ярилцлаа.

-Граффити зураг гэж чухам юуг хэлдэг юм бэ?

-Граффити зураг үсгийг татлан бичих, сийлбэрлэх, будах гэх мэт төрөл бүрийн аргаар ханан дээр бичиж, зурахыг хэлнэ. Миний хувьд өөрийн бодож санаж байгаа зүйлээ юунд ч баригдахгүйгээр өөрийнхөөрөө дүрсэлж, ханан дээр буулгахыг хэлдэг. Одоо бол стрийт артистууд маркер болон шүршдэг будгийг хамгийн түгээмэл ашиглаж байна.

-Таны хувьд энэ урлагтай хэрхэн холбогдов?

-Бага байхдаа хүүхэлдэйн кино үзэх дуртай, мөн хип хоп урлаг сонирхдог байсан. Энэ хоёр сонирхлыг нэгтгэсэн зүйл нь граффити байв. Үзсэн хүүхэлдэйн кино болгоны гол дүр, баатруудыг цаасан дээр зурдаг байсан.

Цаашлаад ханан дээр зурдаг, энэ урлагт сонирхолтой, үүнийгээ ч хөгжүүлсэн. Сонирхлоо дагаж явсаар 2009 онд ШУТИС-ийн Дизайн урлагийн ахлах сургуульд элсэн орж, 2011 онд их сургуулийнхаа Компьютер график дизайны ангид орсон. Энэ нь сонирхлоо хөгжүүлэх боломжийг илүү их нээж өгсөн гэж боддог. Ханан дээр зураг зурж эхлээд найман жил болжээ.

-Өөрийн байгуулсан TNMC бүлгийн талаар дурдахгүй юу?

-Граффити, тайпограф зэрэг сонирхол нэгт залуус нэгдэж, 2014 онд TNMC буюу “The Nasty Methods crew” бүлэг байгуулсан. Бидний зарим нь ажлынхаа хажуугаар зураг зурдаг бол энэ урлагийг өөрийн үндсэн ажил болгож амьдралаа зориулсан стрийт артист залуус ч олон бий.

Залуус маань цаг зав гарах бүрт зураг зурах боломжтой барилга, гудамжны ханан дээр өөрсдийн илэрхийлэх гэсэн санааг буулгадаг. Үүнээс гадна манай бүлэг өнгөрсөн жил өрнөсөн “Солонгон бүрхүүл” аяны хүрээнд нийслэл хотын есөн байршил дахь худагны ханан дээр зураг зурсан. Тэр зургууд маань Улаанбаатар смарт картны зураг болж, хэвлэлтэд шилжсэн.

Манай “The Nasty Methods crew” бүлэг Dasher, Sanetwo, Risky, Emak, Tern гэсэн таван гишүүний бүрэлдэхүүнтэй. Одоогоор дөрвөн гишүүн нь график дизайны мэргэжлээр, нэг гишүүн маань граффити чиглэлээр ажиллаж байгаа.

-Та граффити зургаар дамжуулан бусдад юу ойлгуулахыг хүсдэг вэ?

-Өмнө хэлсэнчлэн граффити анх үүсэхдээ нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлийг зургаар илэрхийлдэг байсан бол одоо энэ урлаг илүү чөлөөт хэлбэр рүү шилжсэн. Миний хувьд граффити зургаар илэрхийлэх санаа гэхээсээ илүү юу зурахыг хүсэж байгаагаа, өөрийн зурах чадварыг нэмэгдүүлэхийн тулд ур чадвар ихээр шаардсан зураг зурдаг.

Аль болох ур чадвар шаардсан бүтээл хийхийг эрмэлздэг. Бид нийслэл хотод өнгө нэмсэн барилга, бүтээн байгуулалтын ханан дээр зөвшөөрөлгүй зурдаггүй. Өнгө үзэмжээ алдаж, муухай болсон хананууд дээр өөрсдийн бүтээлээ буулгадаг.

-Граффити зураг зурж байх үеийн мэдрэмжээ хуваалцвал?

-Анх зурж байх үеийн мэдрэмж надад мартагддаггүй юм. Яагаад гэвэл тэр зураг их онцгүй болсон. Нэлээн шантарч байлаа. Гэхдээ зураг зурах мэдрэмж үгээр хэлэх аргагүй, сайхан. Тийм болохоор энэ урлагийг өөрийн хоббигоо болгон өдийг хүртэл хөгжүүлсээр байна.

Зурсан зураг маань нийгэмд эерэг уур амьсгал төрүүлж, хүмүүст граффити урлагийн хөгжлийг таниулж, өнгө үзэмж сайтай, гоё зураг харуулж байгаа маань баярлууштай санагддаг.

-Гудамж, хана, худаг зэрэг нийслэл хотын өнгө бүүдгэр газруудыг таны бүтээл амь оруулж буй. Тэдгээр зургийг харсан хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ?

-Зураг зурж байх үед хүн бүр ам сайтай байдаг. Зарим нь ундаа авчран “Миний ДҮҮ үүнийг уу. Муухай болсон энэ орчныг ийм сайхан болгож байгаад баярлалаа” гэж хэлдэг. Миний бүтээлд муугаас эхлээд сайн болтлоо зурсан зургууд цөөнгүй бий.

Олон хүмүүсийн мэддэгээр сансрын тунел дэх граффити зургийг хотын захиргаатай хамтран TNMC бүлгийнхнээрээ нийслэл хотын дүр зургийг ханан дээр буулгасан. Шууд л сайн бүтээл зурна гэсэн ойлголт байхгүй. Тиймээс граффити зурах болгондоо өөрийн чадвараа ахиулахыг хичээдэг.

-Ханан дээрх зураг хэр удаан тогтоцтой байж чадах бол?

-Сансрын тунел дэх зураг олон жил болж байна. Тэгэхээр будаг болон хананаас хамаараад тогтоц нь өөр өөр. Муу ханан дээр хэчнээн roe зураг зураад ч нэмэргүй байдаг. Тийм болохоор ямар будгаар, ямар ханан дээр зурж байна вэ гэдэг чухал. Ханан дээр зураг зурах зориулалтын будаг бий. Олон улсын стандартад нийцсэн будаг манай улсад хэдийнээ орж ирсэн. Өмнө нь зориулалтын будаг байдаггүй, гаднаас захиж авчирдаг байсан. Одоо бол өнгө, чанар сайн будаг дотоодоосоо авч байна.

-Граффити урлаг дэлхийд маш өргөн хөгжсөн. Манай улсад энэ төрлийн бүтээл хийхэд ямар нэг хүндрэл тулгардаг уу?

-Нэг их хүндрэл тулгардаггүй. Учир нь чөлөөт урлаг гэдэг утгаараа аливаа юманд баригдах тохиолдол гардаггүй. Нөгөөтэйгүүр, өнгө үзэмжээ алдсан барилга, гудамжийг чимэглэж, үзэмж нэмж байгаа учир хүмүүс ч дуртай байдаг. Гэвч ямар нэг байгууллагын ханан дээр зөвшөөрөлгүй зурж болдоггүй.

Тухайн байгууллага зураг зуруулмаар байна гэсэн хүсэлт мөн зөвшөөрөл өгөх юм бол зураг зурж болно.

-Одоогоор нийслэл хотын аль байршилд өнгө нэмэхээр төлөвлөөд байна?

-Боломж олдвол өндөр барилгын ханан дээр том зураг зурахыг хүсэж байгаа.

-Том зураг нь өөр төрөлд хамаардаг уу. Ер нь стрийт арт бу юу гудамжны урлаг дотроо хэдэн төрөл байдаг юм бэ?

-Нийслэл хотод хүмүүсийн мэдэхээр Вива сити хороолол болон Хөгжим бүжгийн коллежийн ханан дээр мурал арт зурсан байдаг. Энэ нь теле зургийн төрөл юм. Граффити дотор Tag, Hollow, Throw up, Straight letter, Piece roller sticker, Stomper Blockbuster, Character гэх мэт төрөл багтана.

-Манай улсад энэ урлаг хэр хөгжсөн гэж та бодож байна?

-Граффити урлаг 1990 оноос орж ирсэн. Граффити зураг анх үүсэхдээ нийгэмд болж, бүтэхгүй байгаа зүйлсийг ханан дээр зурж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлдэг байсан. Харин одоо энэ төрлийн зураач, стрийт артистууд нийгэмд эерэг нөлөө үзүүлэх бүтээл зурах, өөрсдийн сонирхлоороо чөлөөт бүтээл хийж байна.

Хувь хүний үүднээс харахад стрийт арт буюу гудамжны урлаг манай улсад өндөр хэмжээнд хөгжиж байна. Граффитиг хип хоп урлагийн үндсэн элементийн нэг гэж үздэг. Энэ ч утгаараа энэхүү урлаг орчин үеийн хувцас, загварын чиг хандлагад ч багагүй нөлөө үзүүлж байгаа юм.

-Дэлхийн олон чадварлаг артистуудаас юуг сурахыг эрмэлздэг вэ?

-Дэлхийд танигдсан чадварлаг артистууд олон байдаг. Тэднээс үргэлж шинийг эрэлхийлэх хүсэл, зориг урам авдаг. Саяхныг хүртэл хамт зурах юмсан гэж бодож байсан Герман улсын Dater болон Солонгос Jayflow граффити артист Монголд болсон “Nomad-ink festival’’-д оролцсон.

Тэр үеэр эдгээр артистуудтай хамт граффити зурж, туршлага солилцох боломж олдсон. Эдгээр артистууд өөрсдийн ур чадвар, өнгө төрхөөр дэлхийд танигдсан уран бүтээлчид юм.

Зураг