Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Өлзий-Орших: Хүн хувийн амьдралаа нийтэд дэлгэж тавиад байх нь онц зүйл биш

С.Отгонбаяр, Өдрийн сонин
2019 оны 10 сарын 3
Өдрийн сонин
Зураг зураг

Үргэлжлэл. Түрүүч нь "Өдрийн сонин" №201(6302)

“Никитон” хамтлагийн хөгжимчин, “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, ая зохиогч, гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Оршихтой ярилцлаа.

-Дуу бүхэн өөрийн гэсэн түүх дурсамжтай бүтдэг байх. Таны хувьд хамгийн сэтгэлд хоногшсон дурсамжтай бүтсэн дуу аль нь вэ? 

-Би фэйсбүүкэд пэйж нээгээд зарим дууныхаа бүтсэн түүхийг бичсэн байгаа. Хоёр, гурван дууныхаа түүхийг л бичихэд тийм байгаа юм чинь урьд нь зохиосон дуунууд бүгдээрээ л ямар нэгэн тухайн цаг үеийнхээ илэрхийлэл болдог байсан байх.

Дуу болгон өөрийн гэсэн жижиг хэмжээний түүхтэй. Дуу гэдэг бол надаас төрсөн туурвил. Би уран бүтээл гэж ярих дургүй. Уран бүтээл гэхээр надад нэг бодлын инээдтэй санагдаад байдаг юм. Уран бүтээл гэдэг нь урнаар бүтээнэ гэсэн үг шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр би өөрийнхөө хэдэн дууг уран бүтээлийн хэмжээнд очсон гэж онцгойрон сагсуурах хүсэлгүй. Миний хийсэн дуу бүрт жижиг хэмжээний түүх бий.

Таван хүүхэдтэй хүн байлаа гэж бодоход би энэ хүүдээ илүү хайртай, энэнд нь бага хайртай, өө тэрэнд бүр хайргүй гэж хэзээ ч хэлдэггүй биз дээ. Тэгэхээр би өөрийнхөө зохиосон бүх дуунд л хайртай.

-Монголын гитарчдын чадвар Азидаа харьцуулбал хэр түвшинд байгаа гэж бодож байна вэ? 

-Манай залуус сайн тоглодог. Ер нь залуус их сайжирч байна, сайн тоглож байгаа. Дутах зүйл байхгүй. Жишээ нь, Японы гитарчин гартаа арван нэг биш, адилхан арван хуруутай л байгаа шүү дээ. Тэгэхээр эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Би хаа нэгтэйгээс “Аливаа нэг хөгжмийг сурахын тулд таван мянган цагийг л яс зарцуулж сурах хэрэгтэй” гэж уншсан юм.

Таван мянган цагийг зарцуулсны дараа хэрвээ тэр хүн үнэхээр авьяастай бол бүх зүйл нь боловсроод бэлэн болдог гэж байгаа. Гэхдээ урлагт бичигдээгүй нэг хууль бий.

Хөдөлмөр хүнийг бий болгодог гэдэг дээ. Хөдөлмөр 99 хувь, авьяас нэг хувь гэдэг. Би түүнтэй санал нийлдэггүй. Урлагт бол эсрэгээрээ авьяас 99 хувь, хөдөлмөр нэг хувь гэж боддог. Урлаг өөрөө хүнээс маш өндөр мэдрэмж шаарддаг. Хэчнээн хоёр хүний нэг нь дуулдаг ч гэсэн жинхэнэ дуучин арван хуруунаас дээш олдохгүй.

-Та өөрөө урлагтаа хэдэн цагийг зарцуулдаг вэ? 

-Надад зарцуулдаг үе байсан. Одоо бол нас явж байна шүү дээ. 50 хүрч байна. 1990-1993 он хүртэл би хоол идэх, унтахаас бусад цагаа гитар тоглоход зарцуулдаг байсан. Өөрөөр хэлбэл, өдөрт хамгийн багадаа 12 дээшээ 16 цаг зөвхөн гитар тоглодог байсан.

Тэр үеийн нөр их бэлтгэл гарт ороод үлдчихсэн. Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг шиг. Зарим үед бол том тоглолт тоглохын өмнө нэг хоёр cap бэлтгэл хийгээгүй жаахан төсөөрчихсөн байдаг. Буцаад 7-8 хоног, өдөрт 4-5 цаг бариад эхлэх юм бол яваандаа зүгшрээд гайгүй болчихдог.

-Таныг МУИС-ийн Түүхийн ангид орох гээд явж байхад хоовон Энхбаяр ах урлаг руу хөтөлж оруулж байсан гэж сонссон. Энэ талаар ярихгүй юу?

-Үгүй ээ яах вэ, би конкурсандаа уначихсан юм. Тэгээд нэг жил хийх ажилгүй болоод тэр үед “Улаан од” гэдэг армийн сонин гардаг байлаа. Одоо ч гардаг л байх л даа. Тэр сонин дээр “Соёмбо” хамтлаг гитарчин авна гэсэн зарлал гарсан байсан юм.

Тэр зарлалыг хараад “за за ядаж жилд нь ажилтай цалинтай байя” гэж бодоод яваад очихгүй юу. Тэгээд л дахиж МУИС-даа шалгалт өгсөн ч юм байхгүй тэр чигээрээ гитарчин болсон доо.

-Гэр бүлийнхээ тухай яриач?

-Миний хувийн амьдрал хэнд ч сонин биш. Хэрвээ чамд жаргал гэдэг юм байдаг бол түүнийгээ сэтгэл дотроо өөр өөртэйгөө чимээгүйхэн эдэл. Хэрвээ чамд зовлон гэж юм байгаа бол түүнийгээ хүнд дэлгэх хэрэггүй. Чи дотроо л зов. Магадгүй ганцаараа гэртээ байхдаа уйлдаг юм уу чимээгүйхэн эдэл. Түүнээс хүн өөрийнхөө хувийн амьдралыг нийтэд дэлгэж тавиад байх онц зүйл биш байх. Хувийн амьдрал гэдэг хувийн л зүйл. Хувийн амьдрал хувийн бат цайзан дотроо л байх ёстой. 

-Хүү тань таны гитаруудыг аваад явсан гэсэн. Хэр сайн тоглодог вэ, таныг дуурайгаад гитарчин болох болов уу?

-Тоглоод удаагүй байгаа. Би тэр нөхрийн сайн муу ямар болохыг одоохондоо сайн мэдээгүй л байна. Гэхдээ ганц хоёр удаа харж байсан. Мэдрэмж бол маш сайн юм байна гэж би дотроо бодож байсан.

Урлагт хамгийн түрүүнд тавих шаардлага бол мэдрэмж байдаг. Мэдэрч чадах, яг юу туулахаар зорьж байгаагаа мэдрэх, ямар дүрд жүжиглэх гэж байгаагаа мэдэрч чадах тэр мэдрэмж хамгийн чухал зүйл. Дуучны хувьд ч ялгаагүй. Дуугаа мэдэрч чадах хэрэгтэй.

-Продюсерийн ажлыг хэзээнээс хийж эхлэв. Одоо ямар хамтлаг, дуучидтай ажиллаж байна?

-Намайг продюсер гэж нэрлээд байгаа болохоос яг тэр ажлыг хийдэг хүн би биш л дээ. Ямар нэгэн концерт юм уу тоглолтын үед хүмүүстэй хамтарч ажиллах үе надад байдаг. Жишээ нь, би “Номин талст” хамтлагийн хоёр CD-н дээр продюсерээр ажиллаж байсан.

Өнгөрсөн жил болсон VOICE тэмцээний ялагч Энгүүнд дунд шатнаас эхлээд төгсгөл хүртэл нь зөвлөгөөг өгсөн. Продюсер маягаар жаахан ажилласан. Продюсер хийх гэдэг маш хэцүү ажил. Яагаад гэвэл тухайн дуучны бүх асуудлыг хариуцаж явдаг. Надад бол ерөнхий продюсерийн ажлыг хийгээд явахад хэтэрхий хүндэднэ.

Тухайн хэсэг дээр гүйцэтгэх продюсерээр ажиллах, энэ дууг ингэж дуулбал зүгээр, энэ хэсэгт ингэж анхаар гээд зөвлөгөө өгөх маягаар ажиллах нь надад илүү амар байдаг.

-Та сошиал орчинд их идэвхтэй байдаг шүү дээ?

-Би яг өөрийнхөө нүүр номонд фоллов авдаггүй л дээ. Яагаад гэвэл тэр бол миний хувийн үзэл бодлын орон зай. Миний хувийн үзэл бодлын орон зай гэхээр миний хийж байгаа дуу, хөгжимтэй ямар ч хамаагүй л дээ.

Жишээ нь, хөгжимчин, дуучин, бүжигчин, жүжигчин хүнд өөрийн гэсэн үзэл бодол гэж юм байхгүй гэвэл түүн шиг худал зүйл байхгүй. Тэгэхээр надад ямар нэгэн хувийн үзэл бодол, ертөнцийг үзэх үзэл, Монголын хөгжлийн талаар, Монголын болохгүй бүтэхгүй байгаа зүйлийн талаар шүүмжлэх өөрийн гэсэн үндсэн хуулиар олгогдсон эрх байгаа шүү дээ. Тэр эрхээ л эдэлж байгаа хэрэг. Заримдаа ч хамаагүй биччихдэг. Зарим найз нөхөд хэлдэг л дээ.

Харангын Лхагваа жаахан уурладаг юм. “Юу бичээд байгаа юм бэ, арай дэндээд байгаа юм биш үү” гээд. 

-Таны жиргээг сошиалд их зөв өнцөгтэй, зөв бодлоо илэрхийлдэг гэж ярьдаг. “Буян”-гийн Жагаа ахтай наргисан жиргээ тань нэг хэсэг давалгаа болсон шүү дээ?

-Зөв өнцөг гэж яривал аливаа юман дээр абсальютны зөв буруу гэж байхгүй шүү дээ. Туйлын зөв, буруу гэж юм хаана ч байдаггүй. Туйлын зөв дотор ч жаахан буруу явж л байдаг байхгүй юу. Би өөрийнхөө зөв гэж бодсон зүйлээ л бичдэг. Өөрийнхөө харах өнцгийн зүгээс. Тэр нь заавал бүх хүнд таалагдаж байх албагүй.

Яагаад гэвэл би доллар биш. Доллар бол магадгүй бүх хүнд таалагдах байх. Доллар гэдэг өөрөө мөнгө хөрөнгө учраас. Мэдээж Монголын жирийн иргэний хувьд энэ эх орныг аятайхан болчихоосой, сайхан болчихоосой, хурдан хөгжөөсэй, хүмүүс жаргалтай байгаасай, ээж нар эхчүүд нулимс битгий унагаасай л гэж бодож явдаг. Тэр зүйлээ л олон нийтэд хүргэх миний хувийн суваг минь сошиал орчин.

-Та бас Монголын хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн жимийг гаргасан уран бүтээлч хүн. 30 гаруй жил тайзан дээр ажиллаж амьдарлаа. Энэ хооронд үзэгчдийн урлагийн боловсрол таны хувьд хэр дээшилсэн гэж бодож байна вэ?

-Яг ний нуугүй хэлэхэд би тэрэн дээр шүүмжлэлтэй ханддаг. Аливаа урлаг гэдэг зүйлийн үндсэн үүрэг, роль нь хүмүүсийг гэрэлт ирээдүй, сайн сайхан, эрх чөлөө гээд бүх байж болох хүсэл тэмүүлэл рүү чиглүүлж, залж, чирч явах ёстой. Дээр үед “адгийн урлаг хүртэл ард түмнээс арван жилийн өмнө явдаг” гэж үг байсан юм.

Тэр бол урлагийн өөрийнх нь соён гэгээрүүлэх гэдэг үндсэн чиг үүрэг байхгүй юу. Би бүгдийг нь гэж хэлж байгаа юм биш.

Хэтэрхий өнөөгийн нийгмийн захиалгаар хийгдсэн, өнөөдрийн байдалдаа тохируулсан, өнөөгийн байдал дээр нь амьдраад авах гэсэн, жаахан мөнгө хийгээд авах гэсэн бодолтой уран бүтээлчид байхыг үгүйсгэхгүй. Би бол рок попын хамт олноо тэгж хэлэхгүй.

Манай рок попынхон дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа. Түүний нэг том жишээ бол манай “Хөх тэнгэр” хамтлагийн, миний хуучны анд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондогийн маань долоон жилийн турш хийсэн хөдөлмөр биелж, THE HU хамтлагийн дүү нар маань дэлхийд Монголынхоо нэрийг цуурайтуулаад явж байна.

Хоёр, гуравхан хоногийн өмнө бид их сайхан мэдээ сонслоо шүү дээ. Америкт борлуулагдаж байгаа гадаад уран бүтээлчдийн цомогт багтан Billboard-ийн нэгт жагсана гэдэг маш бахархмаар үйл явдал.

-Таны зохиосон дуунууд голдуу хайрын тухай байдаг. Яагаад энэ сэдвийг сонгох болов?

 -Би хайрын дуунуудыг их олон өнцгөөс харж зохиохыг хичээдэг. Мэдээж хүн амьдралдаа тохиолдсон бүхнээ дуу болгоод байна гэвэл түүн шиг худал зүйл байхгүй.

Хайр дурлалыг ямар өнцгөөс харуулж болох, хайр дурлалд юу тохиолддог, хайрын олон гэгээлэг зүйлийг, заримдаа гунигийг, харуусмаар тэр мэдрэмжүүдийг хүмүүст хүргэхийг зорьдог.

Тэгэхээр миний тоглолтод хүрэлцэн ирээрэй, миний зохиосон хайрын дууны ертөнцөөр аялаарай хэмээн үзэгч, уншигчдаасаа хүсье.

Зураг