ЛэндМН компани Лэнд Хэтэвчээрээ дамжуулан БНСУ-аас 5 хан секундийн дотор мөнгөн гуйвуулга хүлээн авах цоо шинэ үйлчилгээг нэвтрүүлээд байна. Энэхүү үйлчилгээг нэвтрүүлэхэд тус компанитай хамтран ажиллаж буй Лондонд төвтэй Thunes компанийн төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийлээ. Ийнхүү Thunes компанийн Худалдаа хариуцсан захирал Айк Вүн Тантай хийсэн ярилцлагыг хүргэе.
-Монголд анх удаа ирж байна уу. Ямар зорилгоор ирсэн талаараа ярихгүй юу?
-Энэ бол Монголд ирж буй анхны тохиолдол. Надад маш их таалагдаж байна. Монголд дахин ирнэ гэдэгтээ итгэлтэй байгаа. Гэхдээ ажлаар биш, амралтаар ирэхийг хүсэж байна.
Бидний ирсэн гол зорилго бол хамтран ажиллаж буй ЛэндМН компанийн хамт олонтой уулзаж, олон асуудлуудыг ярилцан шийдвэрлэхээр төлөвлөсөн. Манай хоёр компани хамтын ажиллагааныхаа хүрээнд олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг нэвтрүүлээд байна. Эхний ээлжинд БНСУ-аас Монгол Улс руу мөнгө шилжүүлэх үйлчилгээг нээлээ.
-Яагаад Монголыг, тэр дундаа ЛэндМН компанийг сонгон хамтран ажиллахаар болсон бэ?
- Манай компани энэ төрлийн бизнес дөнгөж нэвтэрч буй хөгжиж буй зах зээлтэй хамтран олон улсын мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаа явуулдаг. Тийм учраас Монгол Улсыг сонгосон. ЛэндМН-ийн хувьд Монголдоо хамгийн том финтек компани. Салбартаа хамгийн том тоглогч бөгөөд эрхэлж буй үйл ажиллагаа нь бидний бизнестэй тохирч байгаа учраас хамтарч ажиллахаар шийдсэн. Хамтын ажиллагаандаа их баяртай байгаа.
-Финтек компаниуд Монголын санхүүгийн салбарт хөгжлийн шинэ үеийг эхлүүлж байгаа. Манай улсын санхүүгийн энэ шинэ зах зээлийг хэр их нөөц боломжтой гэж харж байна вэ?
-Сая хүртэл би анзаараад байж байна. Монгол Улсын иргэн бүр банкны данстай бөгөөд 30 хувь нь цахимаар тогтмол гүйлгээ хийдэг юм байна. Бидний зорилго бол монгол хүн бүр гар утсаараа, тэр дундаа ЛэндМН-ийг ашиглан хамгийн хялбараар мөн хурданаар онлайн худалдаа хийж, бие биедээ мөнгө шилжүүлдэг болох тэр цахим хэрэглээг хөгжүүлэх явдал юм. Тийм ч учраас манай хоёр компанийн хамтын ажиллагаа эргээд Монгол хүн олон улсаас цахимаар худалдаа хийх чөлөөтэй гарцыг нээх юм.
Нөгөө талаар монголчуудын бэлэн мөнгөний хэрэглээ өндөр хэвээр байна. Үүнийг ЛэндМН-ийн тусламжтайгаар бүрэн цахимжуулах боломжтой гэж харж байгаа. Дэлхийн чиг хандлагыг дагаад ЛэндМН нь цахим худалдааны гол төлбөрийн хэрэгсэл болох бүрэн боломжтой гэж харж байна.
-Хамтын ажиллагааныхаа хүрээнд эхлээд БНСУ-аас Монгол руу мөнгө гуйвуулах боломжийг нээсэн гэж та хэлсэн. Цаашдаа өөр ямар улс орнуудаас гүйлгээ хийх боломжтой вэ. Мөн та бүхний хамтын ажиллагаа цаашид монголчуудад ямар шинэ үйлчилгээ санал болгох талаар ярихгүй юу?
-Одоогоор БНСУ-аас мөнгөн гуйвуулгын үйлчилгээг үзүүлэхэд Hanpass компанитай хамтарч байгаа ч цаашдаа тус улсын олон компанитай хамтарч мөнгөн гуйвуулгын үйлчилгээг хялбар болгох төлөвлөгөөтэй байна. Манай компанийн хувьд бол олон улсад өөрсдийн гарцыг нээсэн. Цаашид Монгол иргэдийн хамгийн их суурьшсан Австрали, Америк, Англи, Европын холбооны улсуудад үйлчилгээгээ тэлэхээр ажиллаж байгаа.
Үүнээс гадна ЛэндМН-тэй хамтран танилцуулах дараагийн шинэ бүтээгдэхүүн бол Лэнд хэтэвчнээсээ гадаадын орнууд руу шууд мөнгө гуйвуулах үйлчилгээ. Эхний ээлжинд Хятад, Солонгос гэх мэт орон байх боломжтой бөгөөд яг энэ талаар бид өнөөдөр ярилцаж байна. Монгол хүн гар утсаараа маш богино хугацаанд, хялбархнаар мөнгө шилжүүлэх тэр боломжийг бид эрэлхийлж байгаа юм. Мэдээж энэ бүх үйлчилгээг бид Монголын хууль эрх зүйн орчны хүрээнд явуулах болно.
-Компанийнхаа талаар та мэдээлэл өгөхгүй юу. Танай компани хэчнээн улстай хамтран ажилладаг вэ?
-Манай компани гадаад руу мөнгөн гуйвуулга хийх зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг. Ингэхдээ банк, ББСБ болон мөнгө гуйвуулдаг компаниудыг холбон, цахим гүйлгээ хийх чиглэлд хамтран ажилладаг. Ялангуяа, хөгжиж буй аль болох олон орныг холбож, супер сүлжээ үүсгэж байгаа томоохон компани. Одоогоор дэлхий даяар нийт 80 гаруй оронтой хамтын ажиллагаатай ажиллаж байна.
Бид ЛэндМН компанитай хамтарснаар зөвхөн ЛэндМН-ийн хэрэглэгч төдийгүй бусад бүх хүнд гар утасныхаа дугаараар олон улсын гүйлгээ хүлээн авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!