Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

"KFC Зайсан салбарын ажилтан цусан суулга өвчин үүсгэгч нян тээж байсан нь үйлчлүүлэгчдэд халдварласан"

Г.Номин, iKon.mn
2019 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас KFC сүлжээ хоолны газарт хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/2246009002278190/

ХӨСҮТ-өөс хоолны хордлогын улмаас эмчлүүлж буй иргэдээс цусан суулга өвчин үүсгэдэг шигел гэх нян илэрсэн талаар мэдээлсэн бол НМХГ-аас KFC сүлжээ хоолны газрын хоолны дээжээс авсан шинжилгээний хариуг танилцуулж байгаа юм.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр ХУД-ийн 11 дүгээр хороонд байрлах Зайсан KFC салбарт хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулж байна. Манай мэргэжилтнүүд зургаан өдөр тасралтгүй маш ачаалалтай ажиллалаа. Тандалт шалгалтын хугацаанд хоолны 39  бүтээгдэхүүнээс дээж авч шинжилсэн. Мөн эрүүл ахуй, орчин гээд нийт 94 сорьцоос дээж авч шинжилж ажиллалаа.

Шалгалтын явцад,

  • Тухайн салбарын 28 ажилтан ЭМ-ийн үзлэгт хамрагдаагүй, үзлэг дутуу байхад баталгаажуулсан гэх мэт зөрчлүүд илэрсэн.
  • Хоол үйлдвэрлэлд эрүүл ахуйн хяналтыг хэвшүүлээгүй, дамжлага дундын хяналт алдагдсан байна.
  • Ажилчдын эрүүл мэнд, ариун цэврийн байдалд дотоодын хяналт тавьдаггүй.
  • Мэргэжлийн хяналтын байгууллагаас хориглосон ариутгал, халдваргүйтлийн бодис хэрэглэсэн байна.
  • Хоол үйлдвэрлэлд оролцож буй ажилчид мэргэжлийн үнэмлэхгүй.
  • ХӨСҮТ-өөс өгсөн шинжилгээний хариугаар дөрвөн өвчтөн хоёр хоол үйлдвэрлэлд ажиллаж байсан ажилтнаас шигелийн төрлийн нян илэрсэн.
  • НМХГ-ын Төв лабороторийн сорилтын дүнгээр ундны усанд бичил биетэний ерөнхий тоо зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 2.5 дахин их, халуунд тэсвэртэй гэдэсний савханцар 100 мл-т 152, Klebsiella spp тус тус илэрсэн. Мөн “Seven up” нэрийн ундаанд E.coli илэрсэн.

Уг хордлогын улмаас өнгөрсөн хугацаанд нийт 242 хүнд хордлогын эмнэлзүйн шинж илэрч, 42 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа" гэв.

Хоёрдугаар сарын 9-12-ний өдрийн хоолны дээжээс шинжилгээ авжээ. Ингэхэд ундны уснаас халуунд тэсвэртэй савханцар зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс илүү илэрсэн байна.

Гарсан зөрчлийг үндэслээд Зайсан салбарын үйл ажиллагааг зогсоосон байгаа бөгөөд үргэлжлүүлэн 11 салбарын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр төлөвлөж байгаа аж.

НМХГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагч Б.Очмаа "Зайсан орчим ус ариутгах татуургын хэсгийн сүлжээтэй. KFC Зайсан салбарын хувьд хажуугийн барилгынхаа гүний худгаас ус авдаг. Ус ямар шалтгаанаас үүдэн бохирдсныг тогтоохоор мэргэжлийн хүмүүс ажиллаж байна.

Гал тогоонд ажиллаж байсан хоёр ажилтан эхлээд шигел нянгийн халдвартай байсан бол цаашлаад хэд хэдэн ажилтан уг нянгийн халдварыг авсан байна. Нян тээж байсан ажилтнууд хэзээ халдвар авсныг тогтоохоор мэргэжлийнхэн ажиллаж байгаа.

Усны хувьд 2018 онд шинжилгээнд хамруулахад нянгийн бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнд байсан" гэлээ.

НМХГ-ын Төв лабораторийн эрхлэгч М.Бадамцэцэг "Хоёрдугаар сарын 12-ны өдрийн 23:00 цагаас эхлэн нийт 133 дээжийг манай лабораторид авчирч шинжилсэн. 133 сорьцын есөд нь эерэг үзүүлэлт гарсан. 

Ундны уснаас гэдэсний эмгэг төрүүлэгч болон савханцар илэрсэн.

Тахианы ясгүй махнаас серато гэх бодис илэрсэн. Гэхдээ зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их биш. Түүхий бүтээгдэхүүнд нянгийн бохирдол байдаг. Халуун боловсруулалт хийсний дараа нян нь устах ёстой. 

Мөн гурван арчдасаас нян илэрсэн" гэв.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "KFC Зайсан салбарын ажилтан цусан суулга өвчин үүсгэдэг нянгийн халдвартайгаа мэдэхгүй явж байгаад хоол хүнсээр дамжин үйлчлүүлэгчдэд халдварласан байна. 

Түүнчлэн ус, ундаанаас нянгийн бохирдлууд илэрсэн.

Хоёр ажилтнаас нянгийн халдвар илэрсэн нь Таван богд хүнс компанийн дотоодын хяналт сул байгааг харуулж байна. KFC Зайсан салбар нь хоол үйлдвэрлэлд эрүүл ахуйн зохистой дадлыг мөрдөж ажилладаггүй, дотоод хяналт сул байгаагаас хоол хүнсээр дамжсан хоолны хордлого, халдварын дэгдэлт болсон байна" гэв.

Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс уг асуудалд зөрчлийн хэрэг үүсгэн прокурорын хяналтан доор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.



Өвчний талаар /Shigella spp/: Цусан суулгын өвчний нууц үеийн хугацаа нь 6 цагаас 7 хоног байдаг тул энэ хугацаанд өвчлөл нэмж бүртгэгдэх боломжтой.

Өвчний эх уурхай: Өвчний цочмог болон балархай хэлбэрээр өвдсөн өвчтөн, нян тээгч.

Дамжих зам, механизм: Өтгөн-мөр, амаар хоол хүнс, ус, ахуйн хавьтлаар халдвар дамжина.

Өвчин үүсгэгч гадаад орчинд өтгөнөөр гадагш гарч газрын хөрс, ус, ахуйн ба үйлдвэрлэлийн эд юмсын аль нэгэнд байгаад бохирлогдсон ус, хүнсний зүйлтэй хамт өртөмтгий бие махбодид амаар орж халдварлуулдаг. Өвчтэй, нян тээгч ажилтнуудын бохирдуулсан эд зүйл, хүнсээр дамжиж шигеллийн үүсгэгчээр үүсгэгдсэн хоол хүнсээр дамжсан халдварт өвчний дэгдэлт гарсан гэж үзэх боломжтой байна.