Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

KFC Зайсан салбараар үйлчлүүлээд хордлогын шинж тэмдэг илэрсэн иргэдийг ХӨСҮТ-д хандахыг зөвлөлөө

С.Бадрал, iKon.mn
2019 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнөөдрийн байдлаар KFC сүлжээ хоолны газрын Зайсанд байрлах салбараар үйлчлүүлсний дараа хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн гэх өгүүлэмжтэй 37 иргэн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа ажээ. Мөн 30 гаруй хүн гадуур эмчлүүлж байгаа юм байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө.

"2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 12:00 цагт нэг гэр бүлийн таван хүн KFC сүлжээ хоолны газрын Зайсанд байрлах салбараар үйлчлүүлээд хоолны хордлого авсан гэх өгүүлэмжтэй ирсэн. Ингээд гурван хүүхдийг хэвтүүлэн эмчилж, хоёр том хүн зөвлөгөө аваад гадуур эмчлүүлж байгаа.

Тэр даруйд ХӨСҮТ мэргэжлийн хяналтын байгууллагад мэдээлэл өгсөн.

Манайх иргэдэд яаралтай тусламж үзүүлж, эмчилгээгээ хийгээд явдаг. Харин мэргэжлийн хяналтын байгууллага иргэдийн идсэн хүнсний бүтээгдэхүүнд шинжилгээ хийдэг. Эмчлүүлж буй иргэдээс цусан суулга өвчин үүсгэдэг шигел гэдэг нян илрээд байна.

Хоолны хордлогын шалтгааныг тогтоохдоо иргэдийн эмнэлэгт ирэхээс өмнөх гурван хоногт идсэн бүх хүнсний бүтээгдэхүүнүүдээс дээж авч шинжилгээ хийж байгаа бөгөөд шинжилгээний хариугаар иргэдээс илэрсэн нян илэрвэл хордлого хаанаас гаралтайг тогтоох юм.

Хүнс үйлдвэрлэж байгаа байгууллагууд хоолны дээжээ 72 цаг хадгалдаг дүрэмтэй. KFC сүлжээ хоолны газрын Зайсанд байрлах салбарын хоёрдугаар сарын 12-ноос өмнөх гурван өдрийн хадгалсан дээжийг шинжилж байгаа.

ХӨСҮТ-д хордлогын шинжтэй ирсэн 37 иргэн бүгдээрээ KFC сүлжээ хоолны газрын Зайсанд байрлах салбараар үйлчлүүлсэн хэмээн хэлсэн.

Тиймээс KFC сүлжээ хоолны газрын Зайсанд байрлах салбараар үйлчлүүлсэн, хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн иргэдийг ирж үзүүлэхийг зөвлөж байна" гэв

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хоолны дээжээс авсан шинжилгээний хариу гараагүй байгаа бөгөөд тус сүлжээ хоолны газартай холбоотой хийгдэж буй хяналт шалгалтын явцын талаар өнөөдөр 13:30 цагаас мэдээлэл хийхээ мэдэгдээд байна.