Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Хуулийнхан хүүг минь хөнөөсөн хэргийн үнэн зөвийг олохгүй, тоглоом болгох гэж байгаад би харамсаж байна"

А.Намуун, iKon.mn
2018 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

 Зам тээвэр хөгжлийн яамны газрын дарга асан, талийгаач Т.Гомбосүрэнгийн гэр бүлийн хүн, өмгөөлөгчдийн хамт хэргийн явц болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийж байна.

ШУУД:

https://www.facebook.com/iKonNews/videos/274808906718342/

Хууль зүйн сайд Ц.Нямдоржид хугацаатай шаардлага хүргүүлнэ

Талийгаачийн аав Р.Төмөрхуяг "Би 49 хоног дээр нь мэдээлэл хийж байсан. Үүнээс хойш хоёр сарын хугацаа өнгөрлөө. Миний хувьд болон манай гэр бүлийн хувьд хүүгийнхээ ясыг өндөлзүүлж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхээс өөр аргагүйд хүрлээ. 

Уг нь хууль хяналтын байгууллага хэргийг үнэн шударгаар шийднэ гэж бид бодож байсан юм. Гэтэл бодсоноор болдоггүй юм байна. Уг нь эхэндээ шүүх хяналтын байгууллагууд шударга шүүнэ гэсэн бодол байсан юм. Гэтэл сүүлийн үед  шаардлагатай бүх нотлох баримтыг дутуу оролцуулж шийдэх гээд байна.

Шүүх, хяналтын байгууллага мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн явуулсангүй. Зарим нотлох баримт алга. Түүнийг лавшруулалгүй прокурорт илгээжээ. Прокурор их богино хугацаанд бидэнд мэдэгдэлгүйгээр шүүхийн шатанд шилжүүлсэн байна

Махбалыг бүр анхны зүйл ангиар нь, хамгийн хөнгөнөөр нь шийдэх гээд байгааг бид ойлгохгүй байна

Зориуд санаатайгаар хүүгийн маань амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэж үзэж байсан. Энэ бодол санааг Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Т.Цогтгэрэл саяхан нотлоод өгсөн. Ажлыг нь авахын тулд амь насыг хөнөөсөн гэдгийг дэд сайд нь нотлоод өгчихсөн байхад цагдаа, прокурор хэрэгссэнгүй.

Миний хүү угаасаа хуульч хүн байсан. Би хүүгээ шударга, үнэнчээр ажиллаарай гэж л захидаг байсан. Бусад хүмүүс ч мөн манай хүүг шударга, үнэнч хүн гэж хэлдэг байсан. Энэ байдлаасаа болж амиа алдлаа. 

Хууль хяналтын байгууллагууд энэ хэргийн үнэн зөвийг олохгүй, тоглоом болгох гэж байгаад би их харамсаж байна. Тийм учраас би хамгийн дээд газарт нь буюу Хууль зүйн сайд Ц.Нямдоржид хугацаатай шаардлага хүргүүлэх гэж байна" гэлээ.

Хэргийг шийдвэрлэх гэж хэт яарч байна гэсэн хардлагыг төрүүлж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

Өмгөөлөгч З.Хүрэлсүх "Есдүгээр сарын 28-ны өдөр энэ хэргийн талаар олон нийтийн дунд түгсэн буруу мэдээллийг арилгах зорилгоор бид хэвлэлийн бага хурал хийж байсан. Мөр зэрэгцэн ажиллаж байсан өмгөөлөгч нөхрийнхөө хэргийг үнэн зөв шийдэгдээсэй гэж хүсэж байлаа.

Хэрэг анхнаасаа тийм нууц далд байхаар үйлдэгдээгүй. Мөрдөн шалгах хугацаанд өмгөөлөгч нарын зүгээс олон хүсэлт, асуулт тавьсан. Заримд нь хариу илгээлгүй шүүхийн шатанд шилжүүлж байгааг хэвлэл мэдээллээс мэдлээ. Манай хэргийн хувьд шалган шийдвэрлэж байгаа хүмүүс хуулийн дагуу шалгахад ээдрээ, түвэг үүсэх магадлал бараг байхгүй. Харамсалтай нь мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Бидний хувьд мөрдөн шалгах ажиллагааг нэмж явуулахыг санал болгож байсан боловч хүлээн авсангүй.

Энэ хэргийг дүүргийн болон нийслэлийн хоёр прокурор дамжиж хянасан. Мөрдөн байцаах албаны мөрдөгч нар 3 шатаар дамжуулан мөрдөн шалгасан. Бид өнөөдөр мөрдөн байцаах баримт, мэдээллийг задруулах боломжгүй байна. Гэхдээ асуудлыг арай өөрөөр шийдэж байгаа нь хохирогчийн эрхийг хамгаалахгүй, прокурорын байгууллага хайнга хандаад байгаа гэсэн үг юм. 

Хэргийг ажил албан тушаалтай нь холбогдуулан талийгаачийн амь насыг нь хөнөөсөн байх магадлал байгаа учир өмгөөлөгч нар бид энэ талын хүсэлтийг аравдугаар сард илгээсэн. Гэвч мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна гэсэн шалтгаанаар хүлээн аваагүй. Гэтэл энэ хугацаандаа хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа нь хэргийг шийдвэрлэх гэж хэт яарч байна гэсэн хардлагыг төрүүлж байна. Хохирогчийн эрхийг дахин хохироож байна".