100 хувь цахилгаан автомашины цэнэглэгч станцыг өөрийн хөрөнгөөр суурилуулах ААН-үүд төслийн саналаа ирүүлнэ үү
Түүнчлэн “Нийслэлийн нутаг дэвсгэрт цахилгаан тэжээлт автомашины хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г баталсан байдаг. Уг төлөвлөгөөнд нийтийн эзэмшлийн болон төлбөртэй зогсоолуудад цахилгаан тэжээлт автомашинд зориулсан цэнэглэгч станц бүхий талбайг тусгайлан байгуулахаар тусгасан ба “Цахилгаан тэжээлт тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гарсан юм.
Дээрх захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цахилгаан автомашины цэнэглэгч станцыг авто зогсоолуудад өөрийн хөрөнгөөр суурилуулах, цаашдын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах аж ахуйн нэгжүүдийг төслийн саналаа ирүүлэхийг урилаа.
Саналыг өнөөдрөөс дахин авч эхэлж байгаа бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 11.00 цаг хүртэл Нийслэлийн Байгаль орчны газарт хүлээн авах аж.
Тус газраас өмнө нь цахилгаан автомашины цэнэглэгч станцыг авто зогсоолуудад өөрийн хөрөнгөөр суурилуулах, цаашдын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах аж ахуйн нэгжүүдийн төслийн санал авсан боловч цөөн тооны санал ирсэн учраас дахин санал авч байгаа юм байна.
Төслийн саналд дараах мэдээлэл, танилцуулга багтсан байх шаардлагатай.
- Цэнэглэгч станц байгуулах төлөвлөгөө /тоо хэмжээ, байршил, технологийн шийдэл, суурилуулах хуваарь/;
- Цэнэглэгч станцын хүчин чадал, техникийн үзүүлэлтүүд, Монголын нөхцөлд туршсан талаар дэлгэрэнгүй танилцуулга;
- Цэнэглэгч станцын төлбөрийн талаарх санал, төлбөр тооцооны шийдлийн танилцуулга;
- Цэнэглэгч станцын найдвартай ажиллагаа, засвар, үйлчилгээ болон хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээний талаарх мэдээлэл;
- Аж ахуйн нэгжийн хүний нөөц, санхүүгийн чадавхын талаарх мэдээлэл.
Эх сурвалж: Нийслэлийн байгаль орчны газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
