Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжид дэлхийн хамгийн шилдэг технологиудыг нэвтрүүлнэ

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 8 сарын 25
iKon.MN

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар манай улсад айлчилж буй БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр "Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл"-ийн нээлтэд оролцлоо. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн хавар БНХАУ-д айлчлах үеэрээ Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг дэмжих хүсэлт тавьсан нь ийнхүү тус улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын хүрээнд албажиж, хэрэгжихэд бэлэн болж буй юм. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Төслийг нээхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Олон улсын стандартыг хангасан дэвшилтэт технологи бүхий цэвэрлэх байгууламжийн хөрөнгийг гаргахаар болж байгаад баяртай байна. Ингэснээр Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжаас үүдэлтэй Туул голын экологийн доройтлын эсрэг шат дараатай авсан арга хэмжээний үргэлжлэл болж, үр дүнд хүрэх нь” гэдгийг онцолсон юм. Энэ үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд, ноён Ван И мөн үг хэлсэн бөгөөд тэрбээр “Хоёр орны харилцааг илтгэх үйл явдлын түүхэн мөчийг гэрилж байгаадаа баяртай байна. Шинэ цэвэрлэх байгууламж хоёр талын харилцааны үлгэр жишээ болно гэдэгт эргэлзэхгүй байна. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын иргэдэд маш чухал ач холбогдолтой болохыг бид мэдэрч байна. Бид байгаль орчныг хамгаалахад шаардлагатай олон улсын стандартад нийцүүлэн шинэ цэвэрлэх байгууламжид дэлхийн хамгийн шилдэг технологийг нэвтрүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэх болно.

Хоёр улсын хоорондох иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авч, дэмжлэг үзүүлнэ. Бидний хамтын ажиллагааны үр шимийг  зөвхөн Улаанбаатар хотын иргэд бус, Монголын нийт ард иргэд хүртэнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. 

 
Гэрэл зургийг MPA.mn

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр болсон энэхүү төслийн өртөг нь 300 сая ам.доллар бөгөөд Хятадын тал 95 хувийг гаргах бол Монгол Улс 5 хувийг нь 2019 оны Төсвийн төсөлд тусгаж, гаргахаар төлөвлөжээ. Цэвэрлэх байгууламжийг Францын “Артилло” компанийн ТЭЗҮ-д тулгуурлан барих бөгөад 2020 он гэхэд цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулахаар зорьж байна. 

Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тус байгууламж нь хоногт 250 мянган шоо метр буюу одоогийн цэвэрлэх байгууламжаас хоёр дахин илүү бохирыг цэвэршүүлэх хүчин чадалтай​ бөгөөд лагийг боловсруулан гаргаж авсан метан хийгээр байгууламжийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах аж. Түүнчлэн цэвэршүүлсэн бохир усыг нь үйлдвэрлэлд буюу ДЦС-3, ДЦС-4-ийг хөргүүрт ашиглаад зогсохгүй зүүн бүсийн усны хэрэгцээнд ашиглана гэсэн тооцоотой байна. 

 
Гэрэл зургийг MPA.mn

“Хятадын талаас өөрсдөө гурван компанийг сонгон шалгаруулсан. Тэр гурван компанид Хятадын Экзим банк хөрөнгийн үнэлгээ хийж байгаа. Үүний дараа Худалдааны яам нь манайд нэрсийг ирүүлэх бөгөөд бид Тендерийн тухай хуулийн дагуу нэг компанийг нь сонгон шалгаруулна. Шалгарсан хятад компани манайхаас 4-5 компанийг туслан гүйцэтгэгчээр өөрсдөө шалгаруулах юм. Бидний зүгээс тендер зарлахдаа 2020 он гэхэд цэвэрлэх байгууламжийг хүлээлгэж өгөх гэсэн нөхцөлийг тавьж байгаа” хэмээн Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан нэмэлт мэдээлэл өглөө.

 
Гэрэл зургийг MPA.mn

Бүтээн байгуулалтын ажлыг хавар газар гэсэх үеэс эхлүүлэх хүлээлттэй байна. “Бүтээн байгуулалт эхэлсэн тохиолдолд 1.6 жилийн хугацаанд дуусах тооцоотой бөгөөд Улаанбаатар хотын ойрын ирээдүйн бүх хэрэгцээг хангах цэвэрлэх байгууламж босох юм. Бид мөн хуучин цэвэрлэх байгууламжийнхаа техник, технологийг ч сайжруулахыг зорьж байгаа” хэмээн төслийн нээлтэд оролцсон хотын дарга С.Батболд ярилаа.