Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэнэс Таван Толгой энэ оны Есдүгээр сард IPO хийх үү?!

Б.Ану
2018 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

- 2.5 САЯ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭД ЗОРИУЛСАН 1,072 МЭДЭЭЛЛИЙН ТӨВ УДАХГҮЙ АЖИЛЛАЖ ЭХЭЛНЭ - 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 2.5 орчим сая иргэн Эрдэнэс Таван Толгой ХК-ийн (ЭТТ) 1,072 ширхэг хувьцааг эзэмшиж байгаа тооцоолол байдаг. 

2012 оны тавдугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор 1,072 хувьцааг нэг сая төгрөгтэй дүйцүүлэн тухайн хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тогтоосон. 

ЭТТ-н ТУЗ-ийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэнгийн танилцуулгад дурдагдсанаар тус компани өнөөдрийн байдлаар 15 тэрбум зарласан хувьцаатай бөгөөд 12 тэрбумыг нь гаргаад буй. 

Гаргасан хувьцааны:

  • 85 хувь нь төрийн мэдэлд,
  • 14.6 хувь нь буюу 2.5 сая гаруй иргэнд,
  • 0.06 хувь нь аж ахуйн нэгж байгууллагад байна. 

ЭТТ 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж, ногдол ашиг хуваарилахгүй байхаар тогтсон талаар мэдээлээд буй. 

 

“Ногдол ашиг хуваарилах тооцоо хийж үзсэн бөгөөд одоогийн байдлаар иргэдэд ногдож байгаа хувьцаа, компанийн ашиг зэргийг харвал нэг иргэнд 3,000 орчим төгрөг ногдох тооцоо хийсэн” гэж У.Бямбасүрэн мэдээлсэн юм.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар нэгж хувьцаанд ногдох үнэ гурван төгрөгөөр тогтсон нь ЭТТ цэвэр ашгаасаа өмнөх жилийн алдаглуудаа хасаад 36 тэрбум төгрөг үлдэж үүнийгээ нийт хувьцаа буюу 12 тэрбумд хуваагаад ийм үнэлгээ гаргасан байна. 

Энэ талаараа ч өөрсдийн сайт дээрээ мэдээлжээ. Мэдээлэлд “"Эрдэнэс-Таван толгой” ХК тайлант хугацаанд 461 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж өмнөх онуудын хуримтлагдсан алдагдлыг хааж 36 тэрбум төгрөгийн хуримтлагдсан ашгийг бий болгосон бөгөөд улсын төсөвт 235.5 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэн нь өмнөх онтой харьцуулахад 3 дахин өссөн үзүүлэлт юм. Санхүүгийн тайланд иргэд, аж ахуй нэгжийн нийт 11.2 их наяд төгрөгийн хувьцааг бүртгэж балансын нийт хөрөнгө 11.8 их наяд төгрөгт хүрсэн” гэжээ. 

Сүүлийн өдрүүдэд 1,072 хувьцааг зах зээлийн арилжаанд оруулах санаачлагыг эдийн засагчид гаргаад буй. Тухайлбал, эдийн засагч Ч.Ганхуяг, Л.Наранбаатар нар ЭТТ компанийн засаглалыг тунгалаг болгохын тулд нээлттэй хувьцаат компани болох ёстой гэж мэдэгдээд буй. Тэдний санаачлагаар өнөөдөр Фэйсбүүкт “1072 хувьцаа арилжаалах групп” -т 100 мянга гаруй хүн нэгдээд байна. 

1,072 хувьцааг арилжаалж эхлэх санаачлагатай зэрэгцэн иргэд 1,072 хувьцаа өөрт бүрэн байгаа эсэх талаарх лавлагааг маш ихээр хийж байгаа Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвөөс мэдээлж байлаа. 

Иргэн таны хувьд 1,072 хувьцаагаа ЭНД дараад өөрийнхөө регистрийн дугаараа оруулаад л шалгах боломжтой юм. 

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 334 дүгээр тогтоолын дагуу хувьцаагаа зарах хүсэлт гаргасан 1,309,983 иргэн байгаа ба мөнгө авсан 1,294,302 иргэний 386,416,192 ширхэг хувьцааг төрийн мэдэлд шилжүүлээд буй. 

Дэлгэрэнгүй мэдээллийг харвал, 

Авсан мөнгө

Иргэдийн тоо

Нийт

1

100,142.00

48,270

4,833,854,340.00

2

200,284.00

187,096

37,472,335,264.00

3

300,426.00

1,058,936

318,131,906,736.00

Нийт

 

1,294,302

360,438,096,340.00

 

Мөн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд 1,072 хувьцаанаас янз бүрийн байдлаар мөнгө хүртэж Засгийн газарт хувьцаагаа эргүүлэн зараад байна. 

Дахин сануулахад, юуны түрүүнд иргэн та хэчнээн хувьцаа эзэмшиж буйгаа ЭНД дарж шалгах боломжтой. 

Ямар нэгэн байдлаар хувь хишиг хүртсэн иргэдийн 1,072 хувьцаанаас дараах байдлаар хасагдаад байгааг харж болно. 

Үүнд: 

1. Иргэн Дорж 2011 онд эрүүл мэндийн даатгалын 8,040 төгрөгийн хишиг хувь хүртсэн. 8,040 төгрөгт ногдох хувьцаа:
(1072*8040) / 1,000,000 = 8.61,888 ≈ 9
Доржийн эзэмших хувьцаа: 1072 – 9 = 1063

2. Оюутан Бат 2011 онд сургалтын төлбөр хэлбэрээр 500,000, эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 8,040 төгрөг нийт 508,040 төгрөгийн хишиг хувь хүртсэн байна. 508,040 төгрөгт ногдох хувьцаа:
(1,072*508,040) / 1,000,000 = 544.618 ≈ 545
Оюутан Батын эзэмших хувьцаа: 1,072 – 545 = 527

3. Оюутан Сүрэн 2012 сургалтын төлбөр хэлбэрээр 491,960 төгрөгийн хишиг хувь хүртсэн байна. 491,960 төгрөгт ногдох хувьцаа:
(1,072*49,1960) / 1,000,000 = 527.3811 ≈ 528
Оюутан Сүрэн эзэмших хувьцаа: 1072 – 528 = 544

4. Иргэн Д 2012/03/18 өдөр нас барсан /Монгол улсын харъяатаас гарсан/ бол:
Иргэн Д –ийн эзэмших хувьцаа: 536

5. Иргэн Бат Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 300,426 төгрөг авсан бол 322 ширхэг хувьцаа хасагдаж 750 ширхэг хувьцаа эзэмшинэ.

6. Иргэн Бат Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 200,284 төгрөг авсан бол 215 ширхэг хувьцаа хасагдаж 857 ширхэг хувьцаа эзэмшинэ.

7. Иргэн Бат Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 100,142 төгрөг авсан бол 108 ширхэг хувьцаа хасагдаж 964 ширхэг хувьцаа эзэмшинэ.

Нийт 2.5 сая иргэн энэхүү хувьцааг эзэмшиж байгаа бөгөөд одоогийн байдлаар 600 мянга орчим иргэн данс нээлгээд байгаа аж. 

ЭТТ-н Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуягийн мэдээлж буйгаар  “Үлдсэн иргэн нь дансаа нээлгэх, брокер, дилерийн газар бүртгүүлэх хэрэгтэй. Иргэдийн өөрсдийн оролцоо хэрэгтэй байгаа” гэж ярилцлагандаа дурдсан байна. 

Бидний сүүлд авсан мэдээллээр ЭТТ удахгүй 2.5 сая иргэнд зориулсан 1,072 мэдээллийн төв ажиллуулах юм байна. Ингэснээр иргэд өөрсдийн асуухыг хүсч буй мэдээллээ шууд авах боломжтой газартай болох аж. 1,072 мэдээллийн төв энэ сардаа багтаж ашиглалтад орох талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. 

Хэдийгээр ЭТТ-н зүгээс 2018 оны есдүгээр сар гэхэд дотоодын Хөрөнгийн Бирж дээр IPO хийх бэлтгэл хангагдах боломжтой гэж байгаа ч эхлээд дотоодын бирж дээр гарах уу, үгүй юу гэдэг эцсийн шийдвэр  хувьцааны 85 хувийг эзэмшигч талд бий. ЭТТ-н 85 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшиж байгааг дээр дурдсан. 

Засгийн газраас ЭТТ-н хувьцаа эзэмшүүлэх тал дээр хоёр удаа тогтоол гаргасан байдаг. Нэг нь 2011 онд 536 ширхэг хувьцаа эзэмшүүлж байснаа 2012 онд нэмж 10 хувийн хувьцаа гаргаж 1,072 болгосон. Өөрөөр хэлбэл  2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр болон түүнээс өмнө шинээр төрсөн иргэнд 1,072 ширхэг хувьцаа эзэмших эрхтэй болсон. Харин үүнээс хойш төрсөн хүүхдүүд нэмж хувьцаа эзэмших, мөн 2012 оноос хойш нас барсан иргэдийн хувьцааг өвлүүлэх эсэх асуудлыг мөн л Засгийн газар шийдэх ёстой юм.