Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: ЕРӨНХИЙ САЙД ХЯТАДААС $500 ОРЧИМ САЯТай ТЭНЦЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТНА

Ч.Болортуяа
2018 оны 4 сарын 9
iKon.MN

- БНХАУ-аас iKon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа мэдээлж байна. Видеог mpa.mn - 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүн БНХАУ-ын нийслэл Бээжин хотод өчигдөр орой хүрэлцэн ирээд байна. Тэрбээр энэ сарын 14-нийг дуустал үргэлжлэх гадаад, дотоодод хийх айлчлалаа эхлүүлээд байгаа юм.

Өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтэй албан ёсны хэлэлцээ хийж зарим баримт бичигт гарын үсэг зурна.

Мөн БНХАУ-ын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жиньшуд бараалхана.

Харин маргааш Ерөнхий сайд тэргүүтэй хүмүүс Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад  оролцох бөгөөд энэ үеэрээ БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхаж мөн зарим улсын төр засгийн тэргүүнүүдтэй уулзахаар төлөвлөөд байна.

Үүний дараа буюу энэ сарын 11 –нд Бээжин хотноо болох Монгол-Хятадын Бизнес форумд оролцох юм.

АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР ХУВИЙН ХЭВШЛҮҮД 4.6 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ДҮН БҮХИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛНЭ

2017 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр Монгол Улсын нийт гадаад худалдааны хэмжээ 10.5 тэрбум доллар байснаас БНХАУ-тай хийсэн гадаад худалдаа нийт бараа эргэлтийн 63 хувийг буюу 6.7 тэрбум долларыг эзэлж байна.

Ерөнхий сайдын Хятад дахь айлчлалын гол зорилгоос дурдвал тэрбээр 500 сая орчим доллартай тэнцэх хөрөнгө оруулалт бүхий хоёр улсын засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.

Хамгийн том дүн бүхий 300 орчим сая долларыг Улаанбаатар хотын Төв Цэвэрлэх Байгууламжинд зарцуулахаар төлөвлөж байгааг эх сурвалжууд хэллээ. Мөн түрээсийн орон сууц хөтөлбөр, зарим дулаан, цахилгааны станциудыг барьж байгуулах, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт зэрэг асуудлаар Хятадын талтай ярьж тохиролцох ажээ.

Түүнчлэн Гашуунсухайт боомтыг олон улсын боомт болгох ажлын хүрээнд тодорхой ахиц гаргах шийдвэрүүд хүлээгдэж байна. 

Харин энэ Пүрэв гарагт болох Бизнес форумд оролцох Монголын 24 аж ахуйн нэгж 30 орчим хамтын ажиллагааг Хятадын компаниудтай эхлүүлж энэ нь мөнгөн дүнгээр 4.6 тэрбум долларын дүн бүхий хамтын ажиллагааг эхлүүлэх урьдчилсан мэдээлэл байгаа юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ -д хийх айлчлалаас буцахдаа Өвөрмонголын Баяннуур хотод ажиллаж БНХАУ-ын Ганцмодны боомтоос Монгол Улсын Гашуунсухайт боомтын үйл ажиллагаатай танилцаж мөн Таван Толгой уурхай дээр ажиллахаар төлөвлөөд байна.