Жэк Ма, Стивен Спилберг нар бизнесийн түншүүд боллоо
Хятадын онлайн худалдааны аварга компани Алибабагийн кино бизнесийн салбар болох Алибаба Пикчерс, нэрт найруулагч Стивен Спилбергийн Амблин Партнерс компанитай хамтран кино бүтээж дэлхийн болон Хятадын зах зээлд гаргахаар боллоо. Энэ тухай Алибаба өчигдөр буюу Ням гарагт Бээжинд зарласан байна.
Хамтын ажиллагааны хүрээнд Алибаба нь Амблин Партнерсийн бага хэмжээний хувьцааг худалдан авч удирдах зөвлөлд нь нэг захирал суулгахаар болжээ. Тэд зөвхөн кино бүтээх бус, мөн маркетинг, түгээлт, Хятадын зах зээлд мерчандайз хийхэд хамтрахаар болсон байна.
Алибаба өмнө нь Холливүүдийн Парамонт Пикчерс, Скайдэнс Медиа компаниудтай тодорхой нэг төслийн хүрээнд хамтран ажиллаж байсан бол энэ удаа стратегийн түншлэл үүсгэж байгаа анхны тохиолдол юм.
Алибаба 2015 онд Скайдэнс компанийн “Mission Impossible: Rogue Nation” бүтээлд хөрөнгө оруулж байв. Мөн “Star Trek Beyond and Teenage Mutant Ninja Turtles: Out of the Shadows” бүтээлд хөрөнгө оруулсан юм.
Өчигдөр Хятадад гарч эхэлсэн Спилбергийн “The BFG” киног Алибаба түгээлтийг нь хариуцаж байгаа ба тэдний анхны хамтын ажиллагаа болж байна.
Хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл болж Жэк Ма, Стивен Спилберг нар өчигдрийн хэвлэлийн бага хуралд биеэр оролцжээ.
Хятадын зах зээл дэх киноны тасалбарын борлуулалт сүүлийн 10 жилд дунджаар 36 хувийн жилийн өсөлттэй явж ирсэн бөгөөд дэлхийд АНУ-ын дараа хоёрдугаарт орох киноны зах зээл юм.
Эх сурвалж: South China Morning Post
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

