ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Их найрагчийн хөшөөг шинэ сууринд товхинуулав

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн 374 жилийн ойн хүрээнд хийсэн нэгэн шинэлэг ажил нь их найрагч Д.Нацагдоржийн хөшөөг шинэ сууринд сүндэрлүүлсэн бай​в.

Хөшөөг хуучнаар В.И.Лениний хөшөө байсан газарт буюу “Улаанбаатар” зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэнд  албан ёсоор суурилуулсаныг олонд мэдэгдэж, бүтээсэн цэнхэр хөшгийг нь өнөөдөр буулгалаа.

Их найрагчийн өлмий доор,

Хэнтий, Хангай, Саяны өндөр сайхан нуруунууд

Хойт зvгийн чимэг болсон ой хөвчийн уулнууд

Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд

Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон гэсэн түүний шүлгийн мөртүүдийг уйгаржин монголоор сийлжээ.

Найрагчийн хөшөөний хөшгийг буулгах арга хэмжээнд хотын захирагч Э.Бат-Үүл оролцож, “Их найрагчийн маань хөшөө одоо л байх ёстой газраа ирлээ. Яруу найрагч Р.Чойномын “Д.Нацагдоржийн хөшөөний дэргэд” гэдэг шүлэг байдаг юм билээ. Тэр шүлэгт Их зохиолчийн хөшөөг буруу газар байрлуулаад шувууны сангас, эргэн тойрондоо зэрлэг ургамал хүрээлсэн тухай өгүүлдэг. Өнөөдрийн үйл явдалыг Р.Чойном яруу найрагч тэнгэрээс харж байгаа бол маш их баярлаж байгаа байх" хэмээв.