Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Батзандан: Оффшор данстай гэх этгээдүүдийг АТГ-аар шалгуулна

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн, Өргөдлийн Байнгын Хорооны дарга Ж.Батзандан оффшор дансны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Панамын оффшорын мэдээлэл задарснаас давхардсан тоогоор Монголтой холбоотой 47 мэдээлэл олон нийтэд ил болоод байна. Өнөөдөр Өргөдлийн Байнгын Хороо УИХ-аас АТГ-т албан ёсоор хуулийн хэрэгжилт хянан шалгуулах тухай албан тоот явуулж байна.

Энэ албан тоотод “Монгол Улсын Ерөнхий сайд, сайд, Засгийн газрын гишүүд,Санхүүгийн Зохицуулах Хороо, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Нийслэлийн харьяа байгууллагын удирдах ажилтнууд одоо эрхэлж байгаа болон эрхэлж байсан этгээдүүд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд оффшор данс эзэмшдэг юм байна. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нийгэмлэгээс гаргасан мэдээллийн дагуу гадаадын бусад улсууд өөрийн орны албан тушаалтнууд, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн дансны мэдээллийг нягтлан  шалгаж, хариуцлага тооцож эхлээд байна. 

Тиймээс Авлигын эсрэг хуульд заасны дагуу  оффшор данс эзэмшдэг хэмээн дурдагдсан албан тушаалтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн мэдээлэл нь ХОМ-тэй нийцэж байгаа эсэхийг шалгаж өгнө үү” гэсэн байгаа. Мөн шалгалтын дүнг 14 хоногийн хугацаанд тус Байнгын хороонд ирүүлэхийг даалгасан. 

Түүнчлэн 2013 оны нэгдүгээр сард өргөн барьсан Оффшорын эсрэг хуулийг дахин хэлэлцүүлэгт оруулахаар болж байгаа. Энэ хуулийн төсөл УИХ-д дарагдаад гурван жил болсон. Энэ хуулиар төрийн өндөр албан тушаалтнууд оффшорт данс нээхийг, мөнгө хадгалахыг хориглосон байсан” гэлээ.