Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Бат-Үүлийн Чулуудай: Оффшорт бүртгэлтэй компани, данс ч үгүй, мөнгө ч үгүй

С.Бадрал, iKon.mn
2016 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг baabar.mn-ээс авав

Оффшор бүсэд бүртгэлтэй Монголын иргэн 48 хүний нэг Б.Чулуудайтай  утсаар холбогдож “Стратежик майнинг” компанийн талаар тодруулав.

-“Стратежик майнинг”  ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ? Одоо ажиллаж байгаа юу?

-Гадаадад хамт суралцаж байсан Сингапурын иргэн найз маань санал тавьсан. Энэ компани 2011 онд байгуулагдсан. 2013 онд хаагдсан компани. Хүн бүр л уул уурхайд хөрөнгө оруулалт гэж хошуурч байхад хийхийг зорьсон бизнес. Тэгээд бүтээгүй. Би хөрөнгө оруулалтын чиглэлээр хэсэг хугацаанд ажилласан, бага ч гэсэн туршлагатай. Гэхдээ энэ компани хөрөнгө оруулалт татаж чадаагүй учраас данс нээлгэж ч чадалгүй хаагдсан.

-Гол нь аавтай чинь холбож улс төржүүлж эхлээд байна.

-Аавыг хотын дарга болохоос өмнө 2011 онд байгуулагдсан компани шүү дээ. Үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад хаагдчихсан.  Данс нээгээгүй учраас нэг ч долларын гүйлгээ хийгдээгүй. Ер нь энэ далимд хэлэхэд би хар багаасаа л иргэний эрхээ эдлэж чадахгүй байнга хардлагад өртөж, гүтгүүлж дайруулж ирлээ. Улс төрчийн хүү болсон минь буруутай бололтой.

Оффшор бүст компани бүртгүүлэх нь аль ч хуулиар хориглоогүй, бизнесийн хэвийн л горим шүү дээ. Улс төрч хүн данс нээвэл хардагдах л байх.  Гэхдээ тэр компани данс нээж ч амжилгүй хаагдсан гэдгийг ахин тодруулж хэлье. Оффшор данстай байх, оффшорт бүртгэлтэй компани байх хоёр нь тэс өмнөө ойлголтууд шүү. Энийг зориуд хутгаад, улс төржүүлэх сонирхолтой бүлэг байгаа. Тэд ийм мэдээг их олзуурхан шүүрч цацаж байгаа гэж харж байна.

-Тэр хүснэгтийг харж байхад таны нэр дээрх Виржинийн арлуудад бүртгэлтэй “Стратежик майнинг”-ийн ард defaulted  гэсэн тайлбар байсан. Тэр ямар учиртай юм бэ?

-Үйл ажиллагаа явуулалгүй хаагдсан гэсэн тайлбар. Ерөөсөө данс нээгээгүй, дансгүй учраас мөнгө ч орж гараагүй. Уг нь оффшор бол төрийн албан тушаалтан биш иргэн Чулуудай нарын хувьд чөлөөтэй бүс. Бүртгүүлэх маш амархан. Сингапурын хуулийн зөвлөгөө өгөх компани хариуцаад албан ёсоор хууль номын дагуу л бүртгэгдсэн. Ахин хэлэхэд би одоогоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа ямар ч хуулийг зөрчилгүй энэ компанийг бүртгүүлсэн. Компани бүртгэгдсэн ч данс нээгээгүй, мөнгөгүй. Би тун удахгүй данс нээгээгүй, гүйлгээ хийгээгүй гэсэн тодорхойлолтыг авах болно.

-Таны нэр дээр байсан “Грандлайн” компани Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд оролцож, 5 тэрбумыг авсан гэдэг мэдээлэл улс төрийн нэг хөзөр болчихоод байна. Түүнтэй энэ мэдээг холбож эхэлсэн.

-“Грандлайн” компани нэгдүгээрт, иргэдийн 70 хувийн буюу олонхийн саналаар сонгогдсон. Иргэд өөрсдөө шийдсэн. Хоёрдугаарт, “Грандлайн” компаний дансанд таван тэрбум төгрөг төсөл хэрэгжүүлэгч консорциумын толгой  компаний дансаар орж ирсэн өдөртөө дэд бүтцийн компаниудад шилжсэн. Нэг ч төгрөг үлдээгүй. Мөнгө санхүүгийн баримтаар энэ бүхэн нотлогдоно.

Гуравдугаарт, өнгөрсөн жил “Бэрэн” компанид тэр бүх ажлыг хүлээлгэн өгсөн. Хангай хотхон гээд хамгийн үлгэр жишээ хотхоныг барьж босгосон компани. Би улс төрийн хэрүүл, хов живээс залхаж төслөөс татгалзсан. Дөрөвдүгээрт, төслөөс хохирсон нэг ч иргэн байхгүй. Газраа чөлөөлсөн 20 гаруй айл байрандаа орсон. Үлдсэн нь шинэ сууцаа хүлээгээд түрээсийн байранд байгаа. Удахгүй шинэ байрандаа орно.