Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Оффшор дансанд холбогдсон УЛСТӨРЧДӨД ХАРИУЦЛАГА ТООЦОХ УУ, ШАЛГАХ УУ?!

Ч.Болортуяа
2016 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

АНУ, Франц, Испани, Австри, Австрали, Энэтхэг, Бельги зэрэг орны төрийн удирдлага, хууль хяналтын байгууллагууд нь "Panama Papers" -с илэрсэн оффшор данстай улстөрч, байгууллагуудад хариуцлага тооцох, шалгах тухайгаа аль хэдийнээ мэдэгдээд байна. Харин Монгол Улсын хуулийн байгууллагууд оффшор данстай холбоотой асуудлаар шалгах эсэх талаар тодорхой мэдэгдэл хийгээгүй байгаа юм. 

Монголын улстөрчид, тэдний үр хүүхэдтэй холбоотой дансууд эхнээсээ илэрсэн дуулиан дагуулаад байна. 

"Монгол ТВ" телевизийн зарласнаар Ерөнхий сайд асан С.Батболд, Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нарын тухайд өчигдөр 03:00 цагт нээлттэй болсон материалд нэр нь байхгүй байгаа юм. Гэхдээ С.Батболдын тухайд холбогдох хүмүүсээрээ дамжуулж iKon.mn-д тайлбар ирүүлээд байна. Тэрбээр улстөрд орохоосоо өмнө  Бату Майнинг Лимитед компанийн 50 мянган доллартай тэнцэхүйц хувьцааг худалдан авч 2005 онд эргүүлэн заржээ. 

Харин Д.Цогтбаатарын тухайд одоогоор тодорхой мэдээлэл байхгүй байгаа юм. 

Урьд шөнө буюу 03:00 цагт задарсан оффшор дансны мэдэээлэлд Монгол Улсын 40 гаруй хүний нэр нэрлэгдсэн бол энэ дунд Хотын захирагч Э.Бат-Үүлийн хүү Чулуудай, УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр нарын нэр дурдагдлаа.

Мөн АНУ-ын Б.Нандин, Б.Бадамханд буюу монголын хэвлэлээр бичигдэж байсан Ерөнхий сайд асан С.Баярын охидын нэртэй давхцаж байгаа юм. Б.Нандинг АНУ-ын иргэн болсон талаар өмнө нь хэвлэлээр бичигдэж байсан бөгөөд тэд хоёулаа нэг компани буюу Gold Wellen INC-д хувьцаа эзэмшдэг нь тодорхой болоод байна. 

Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр С.Баярыг АНУ руу их хэмжээний мөнгө угааж түүнийгээ охидынхоо нэрээр АНУ-д үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг байж магадгүй талаар олонтаа бичсэн. Энэ нь эцэстээ хуулийн байгууллагаар шалгагдаж эрүүгийн хэрэг үүсгэх бүрэн дүүрэн үндэслэл алга гээд түдгэлзүүлж байсан билээ.  

Тэгвэл Монголын хэвлэл мэдээллийнхэн илчилж чадахгүй байсан зүйлийг Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчид ийнхүү ил болголоо. Одоо харин энэ хэргийг хууль хяналтын байгууллага шалгах болов уу. Яах бол.

Хэрэв Б.Бадамханд, Б.Нандин нар нь С.Баярын охид үнэхээр мөн бол  Ерөнхий сайд байсан хүний охид улсын иргэншлээ сольж ийнхүү оффшор данстай байх нь хэр ёс зүйтэй алхам бэ. 

Мөн эдгээр нэрүүдээс хамгийн сонирхол татаж байгаа хүн бол яах аргагүй Бат-Үүлийн Чулуудай юм. Монгол Улсын Баатар, УИХ-ын гишүүн асан, Хотын захирагч Э.Бат-үүлийн өөрийнх нь нэр гарч ирээгүй ч үр хүүхэд нь ийнхүү оффшор бүст данстай байх нь хэр ёс зүйтэй вэ. Мөнгөний эх сурвалжийг хууль хяналтын байгууллага шалгахгүй байлаа гэж бодоход энэ хэр ёс зүйтэй алхам бэ?! Тэрбээр УУЧЛАЛ ГУЙЖ, ажлаа өгөх болов уу. Яах бол?!